Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдсөний үндсэн дээр дараах шийдвэрийг гаргасныг даргалагч шүүгч танилцуулав.

Тэрбээр "Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Үүнд дараах нөхцөл байдлуудыг шалгах шаардлагатай гэж үзсэн.

  • Мөрдөн байцаагч шийдвэр гаргаж, зарим иргэнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч бус этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь оролцогчдын эрхийг хязгаарласан гэж шүүх дүгнэсэн. 207 дугаар байранд байсан зарим иргэнийг буруу тогтоосон, зарим тээврийн хэрэгсэл байсан. Үүнийг захирамжид дурдана.
  • Зам тээврийн осол болсон талаарх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Дахин шинжээч томилохоор шийдвэрлэлээ.
  • Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гал түймрийн аюултай бодис тээвэрлэж яваа этгээд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас галын аюулгүй байдлын дүгнэлт авах шаардлагатай байдаг. Энэ дүгнэлт хэрэгт авагдаагүй байгаа.
  • Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтад хүлээж авах Улсын комисс хүлээж авахдаа Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2, 17.3 дугаарт заасан Галын аюулгүй байдлыг хангасан эсэх талаарх дүгнэлт хэрэгт шаардлагатай, ач холбогдолтой гэж үзсэн. Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан дүгнэлт дээр 207 дугаар байр Галын аюулгүй байдлын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байсан агуулгаар дүгнэлтэд тодорхойгүй байдлаар тусгагдсан байсан. 

Энэ нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн" гэв.

https://www.facebook.com/bzshuuh/videos/2107901402996584