Химийн хорт бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаандаа ашигласан хэргийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий үнэт эдлэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь өнгөрсөн онд “Хүчил, гидроксид, сульфит” зэрэг химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад орсон 27 нэр төрлийн бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авсан байна. 

Улмаар тэдгээрийг үйл ажиллагаандаа ашигласан үйлдлийг Экологийн цагдаагийн албанаас илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж, тус хуулийн этгээдийн хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.

Монгол Улсын Эрүүгийн хуульд:

"Хуулийн этгээд нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан" зэрэг гэмт хэргийг үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж, хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж хуульчилсан байдаг.