Монгол Улсын баатар Э.Бат-Үүлтэй ярилцлаа.


-Төр хувийн өмчийг хурааж авна гэж тод чанга дуугардаг болчихлоо. Гэтэл бид чимээгүй сууцгаасаар. Энэ чимээгүй байдал хэр удаан үргэлжлэх бол?

-Хувьсгал яг ийм нөхцөлд гардаг. Хүн төрөлхтний түүхээс харахад бүх хувьсгалыг татвар төлөгчид гаргасан байдаг юм. Төрд нь авлига цэцэглэж, эцэс сүүлдээ өмчийг нь хураасан, татвар төлөгчид амьдарч орших боломжгүй болуутаа боссон, хувьсгал хийсэн байдаг л даа. Би Үндсэн хууль баталж байхад нэг зүйлийг хэлж сануулж байсан. Хүмүүс сэртхийж хандаад байсан л даа, тухайн цагт. АНУ, Германы Үндсэн хуульд нэг заалт бий.

Төр нь иргэдийнхээ эрх чөлөө, нийтийн эрх ашиг, нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйл рүү халдах юм бол иргэд бослого гаргах эрхтэй гэсэн утга бүхий заалт эдгээр улсад үйлчилдэг. Жишээ нь, хэвлэлийн эрх чөлөөг хориглосон хуулийг парламент гаргавал бослого гаргах эрх нь нээлттэй гэсэн үг.

-Герман энэ заалтыг Үндсэн хуульдаа яагаад тусгасан юм бол?

-Гитлерээс хойш хаширчихсан байхгүй юу. Тэгээд ийм заалт тусгасан.

-Татвар төлөгчдийг төрийн зүгээс боомилсон үйл явц идэвхжчихээд байхад бултаараа таг чиг. Баялаг бүтээгчид нь улстөрчдөө санхүүжүүлдэг, улс төр рүү хүнээ шургуулдаг мэтээсээ бо лоод гацаа, шалаанд орчихоод байх шиг?

-Тэгчихээд байна л даа. Баялаг бүтээгчдийн зарим нь улстөрчидтэйгөө хам болчихсон гэдэг нь үнэн. Тендер давуу эрх аваад сурсан хүмүүс улстөрчдийнхөө эсрэг босч чаддаггүй. Тендерээр төрийн ажлыг явуулах цорын ганц шударга арга бий. Тендерт тун ойролцоо дүн авсан гурван компанийг ялгаж гаргаж ирээд шодчихдог. Тэгчихээр хэндээ авлига өгөхөө мэдэхгүй болно биз. Ингэчихээр авлига байхгүй болчихож байгаа юм. Шодно гэдэг хүн төрөлхтний хувьд шударга байж болох цор ганц арга. Би хотын дарга байхдаа замын тендер дээр нэг удаа туршиж үзсэн. Бөөн баяр болсон. Харамсалтай нь энэ аргыг тендерт цаашид нэвтрүүлэх эсэхээр замын компаниудын дунд санал асуулга явуулахад 30 хувь нь дэмжиж, 70 хувь нь дэмжээгүй. Энэ 70 хувь бол өрсөлдөөнд дургүй, улстөрчдөөс давуу байдлыг авахыг хүсдэг хэсэг болж таарч байгаа юм. Гэхдээ давуу талыг авсаар ирснийхээ горыг буцаагаад төлж эхэллээ л дээ, манай баялаг бүтээгчид. Хааны өгч байгаа давуу тал бол буцаагаад булааж авч болдог давуу тал.

-Шууд кейс ярья. Төр нь өөрийгөө төлөөлсөн Бүрэн эрхт төлөөлөгч гэж нэг нөхрийг томилчихсон. Өнөөх нь эдийн засгийг авч явдаг ганц салбарын хувийн хэвшлийнхэн рүү “Та нарыг алаад хядаад өгнө өө. Хөрөнгийг чинь хураана. Дахиад ч олон компанийн хөрөнгийг хураана” гэж том дуугараад сууж байна. Үүнийг хараад танд юу бодогдож байх юм?

-Эдийн засгийн алуурчин гэдэг чинь Ж.Батзандан шүү дээ. Одоо дуудагдаж, загнуулаад суугаа компаниуд бол татвар бүрдүүлэгчид. Татвар төлөгч, баялаг бүтээгчид чинь нийгэм эдийн засгийн амьдралыг хариуцсан хүмүүс байхгүй юу. Бид тэднийхээ ачаар ковидын хэцүү үед, дайны цагт бүх юмтайгаа аж төрсөн. Хувийн хэвшил маань гайхалтай байсан. Биднийг бараа бүтээгдэхүүнээр таслаагүй. Баялаг бүтээгчид байгаагүй бол ковидын үед бид Хойд Солонгос, Куб зэрэг улсууд шиг өлсгөлөнд нэрвэгдэх байсан. Одоо ч манайх геополитикийн хэцүү нөхцөлд байна. Дэлхийд дайны нөхцөлөөс болж хамгийн хүнд цохилт авч мэдэх улс нь манайх байлаа шүү дээ, гэтэл амьдрал хэвийн сайхан үргэлжилж байна. Нэг нь дайн хийж буй, нөгөөх нь өнөө дайныг ил, далд дэмжиж яваа хоёр их гүрний дунд хэвийн амьдрахаар барахгүй, гуравдагч хөршөө ярьсан шигээ суугаа нь хэний гавьяа вэ. Баялаг бүтээгчдийн маань л гавьяа. Гэтэл Ж.Батзандан хэн билээ. Нэг төгрөг ч татварт төлж үзээгүй, ганц ажлын байр бий болгоогүй. Ийм нөхөр хий хоосон улстөржиж популизм хийж байна. Татвар төлөгчид рүүгээ дайрах нь эдийн засгаа алж байгаа гэсэн үг. Татвар төлөгчид юу ч хийхээ больчихвол эдийн засаг сүйрнэ.

-Эдийн засаг хэтээсээ хэцүү үед ингэж попроод байвал бүр элгээр нь хэвтүүлнэ л дээ?

-Яг үнэн. Чи бод доо, энэ оны эхний улирлын байдлаар татварын орлого нэг их наядаар тасарчихлаа. Түрүү жилийнх нь мөн үетэй харьцуулахад ийм том тоо гарч байна. Тэгэхээр улирлын шинжтэй тасалдал биш гэсэн үг. Баялаг бүтээгчдийг тогтворгүй, ямар ч итгэлгүй болгочихсон учраас ийм байдалд хүрчихлээ. Ташраараа паникт орсон, айдаст автсан үед татвар төлөгчид мөнгөө далд хийж, нууж эхэлдэг. Нэгдэлжинэ гэхээр малчид үхэр шараа ууланд тууж аваачиж нуусан биз дээ. Өмч хураана аа л гэвэл хүмүүс хөрөнгөө нууж эхэлнэ. Дэл сул илүү дутуу юмаа ийш нь тийш шилжүүлж эхэлдэг юм. Тэгэхээр татварын орлого буурсан нь уул уурхайгаас ч болсон юм биш. Дотоодын баялаг үйлдвэрлэгчид амиа аврах гээд нэг юм хийгээд байх шиг байна. Би хувьдаа тэгж хардаж байна. Хөрөнгийг нь хураана гэхээр хэн ч хөрөнгөө дайжуулах элдэв зүйлс хийнэ. Дахиад хэлье, нүүрсний үнэ муудсан учраас татварын орлого багаслаа гэдэг бол өөрсдийгөө л хуурсан тайлбар.

-Үндсэн хуульд Монгол улсын иргэн өмчтэй байх эрхтэй, тэр өмчийг нь төр хамгаалах үүрэгтэй гэж тодорхой заасан. Иргэдийнхээ эрхэд төр шууд халдаад эхэлсэн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн биз дээ?

-Ерэн онд бидний арай гэж тэмцэж босч ирсний үнэт зүйл рүү халдаж, устгаж байна л даа. Зүрх шархираад зүгээр суух арга алга. Ийм цаг ирэх байсан юм бол бид яах гэж хувийн өмчийн төлөө тэмцсэн юм. Яах гэж Зөвлөлтийн колоничлолын эсрэг тэмцсэн юм. Гэх мэтчилэнгийн асуудал над дээр тавигдаад байна.

-Та сүүлд нэг телевизэд өгсөн ярилцлагадаа өнөөдөр өрнөж буй хувийн хэвшил рүүгээ дайрч яваа процесс гадны нөлөөн дор явагдаж байна гэчихсэн. Ингээд харахаад аажимдаа дэглэмийн шилжилт гэдэг айхавтар юм руу явчих вий гэх болгоомжлол төрөөд байх юм?

-Би удаа дараа хэлээд л байгаа. Оростой холбоотой Евразийн гэрээ, олон улсын нисэхийн шатахууны асуудал энэ тэрийг анзаараарай. Гадаад харилцааны яамныхан нь “Манай талаас өөрсдөө санал тавьсан” гэдэг. Бид өөрсдөө хүсээд байгаа юм шиг. Түүхийн бүх номуудаа үзээрэй. Оросын гадаад бодлогын нэг онцлог нь энэ байдаг юм.

-Өөрсдөөр нь өөрсдийг нь хядуулж ч чаддаг гүрэн шүү дээ?

-Ерөөсөө л энэ. Манай олон улсын нисэх онгоцны буудлын шатахууныг та нар базчих л даа гээд санал тавьчих урвагч энэ улсад зөндөө бий. Оросууд ер нь далдуур хатгаж асуудал тавиулдаг аргадаа бүр гойд. Ямар сайндаа Аляскийн хойгийг зарах гэж Америкийн конгрессын гишүүдээр өөрсдөөр нь санал тавиулан байж худалдах вэ дээ. Конг рессын гишүүдийг нь хахуульдчихсан. Тэгэнгүүт өнөөдүүл нь “Аляскийг хэлсэн дээр нь авъя” гэж давхилдсан. Тухайн цагт “Мөсөн хөлдүү хойг хэнд ч хэрэггүй” л байсан байхгүй юу. Ийм бодлогын хамгийн том эмгэнэл нь юу гээч. Түрүүн таны хэлсэнчлэн монголчуудыг мон голчуудаар нь хядуулчихаад, дараа нь ичихгүйгээр “Та нар чинь бие биенээ ямар муухай хяддаг улс вэ” гэчихэж байгаа юм. Өөрсдөө хажууд нь суугаад, “Хядахгүй бол ална шүү” гэчихээд ийм хандлага гаргадаг улс.

-Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, БЭТ Ж.Батзандан нар ийм шахаанд орчихсон явж байж болох нь ээ?

-Би хувьдаа шууд л тэгж харж байна. Манай улстөрчдөд нэг дутагдалтай тал байдаг. Нэн ялангуй МАН-д. Орос гэхээр өмдөндөө чацга алдчихдаг. Бүр тийм комплекстэй. Засуулсан нохой эзэндээ янаг гэдэг шиг. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд тогтоосон нэг үнэн бий. Тухайн үндэстэн, ард иргэдийг үхтэл нь айлгачихаар, айлгасан зүйлээ шүтдэг болчихдог гэж. Айдсаа өөртөө зөвтгөх гээд зохиол бичээд эхэлдэг. Хүн өөрийгөө айлаа гэж бодох дургүй юм байна. Айснаа өөрөө өөртөө зөвтгөхийн тулд зохиол бичиж давхиад байдаг. Тэр зохиол нь сүүлдээ шүтлэг болоод хувирчихдаг. Манай улстөрчид оросуудаас ухаан алдталаа айдаг, хоёрдугаарт нь худалдагдахдаа их амархан. Авлигад нэвт идэгдсэн төрийн улстөрчид гэдэг бол биеэ үнэлэгчид болдог.

-Та л улстөрчдийг ингэж шүүмжлэх юм даа, энэ тал дээр зовниж буй улстөрч харагдахгүй юм?

-Со-тойгоо үлдэж байх шиг байна, би (мушилзав). Манай улс уул уурхай чинь Хятадын хангамжийн завсар бүсэд байдаг. Маш сайн байрлалтай гэсэн үг. Уул уурхайг дэлгүүрээр зүйрлэвэл манай уул уурхайн супермаркет маш сайн байрлалтай. Хотын төвд гэсэн үг. Үүнийг Оросын олигархи мафи авах гэсэн тэмцэл өрнөөд байна. Манай Баттулга Тавантолгойг авах гэж явсны цаад зорилго нь, ардчиллаас урвасны цор ганц шалтгаан нь Оросын олигархиудтай нийлж тэр ордыг авах гэсэн хэрэг. Х.Баттулгад бас тэд хэрэгтэй. Таван толгой дээр хууль ёсны дагуу ажиллаж байсан компаниудыг зай луулахад түүний хүч хүрэхгүй. Авчихлаа гэхэд хөрөнгө оруулалт, менемжэнт, бизнес болгох асуудал үүснэ. Баттулга очоод хятадуутай ярьж чадахгүй. Дерипаска энэ тэр л ярьж чадна. Нэг нөхрийн уул уурхайгаа оросуудад санал болгосон нэг тийм зүйл үргэлжлээд яваад байх шиг.

-Шууд ингээд хэлчихээр танд эрсдэлтэй биш үү?

-Энэ бүхэнтэй амь хайргүй үзээд байгаа минь цаанаа ганц шалтгаантай. Хэрвээ Оросын олигархи, мафи орж ирээд барих үзүүртэй л болчихвол манай төр засгийг ташраар нь “ална аа” л гэж сүрдүүлнэ. Москва хотын жижиг дүүрэг шиг хүн амтай улс шүү дээ, бид. Оросууд бизнесийн гэрээ хэлэлцээр, шүүх, арбитр энэ тэрийг үл тоодог улс. Бизнесээ хоорондын аллага, хүчирхийллээр шийддэг улс. Банкны захирал тэнд үхлээ, орцондоо буудууллаа л гэнэ. Сүүлийн нэг кейс ярьж өгье. Эхнэр, нөхөр хоёр хөрөнгөө булаацалдаж байна. Гэхдээ шүүхээр биш. Эхнэр нь Кадыровын бүлгийг, нөхөр нь Дагестаны бүлгийг хөлслөөд Москвагийн төвд алалцлаа шүү дээ. Ийм шийдсэн улс наашаа ороод ирвэл аюултай. Жижигхэн мафи нь ороод ирэхэд л улстөрчдийг бүгдийг нь “чацга алдуулна”.

-Уул уурхайнхны тол гойг өвтгөж буй нэг асуудал бол хууль ухрааж хэрэглэх болоод байна. Хуулийн дагуу лицензээ авчихаад ажиллаж явтал “Өө тэр хууль чинь худлаа байсан юм, одоо бид энэ хуулиараа явахаар болсоон” гээд буруутгаж, шалгаад эхэллээ?

-Хууль ухраана гэдэг чинь хууль зүйт засаглалд хамгийн хориотой зүйл. Хууль ухрааж хэрэглэж болохгүй тухай Үндсэн хуульд заалт болоод орчихсон. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөсөө цааш үйлчилнэ гэж байгаа. Өнгөрсөн рүүгээ үйлчлэхгүй л гэсэн санаа. Гэхдээ харамсалтай нь аж ахуйн нэгж, иргэд энэ завхралыг хараад, хохироод байгаа хэрнээ Цэцэд хандахгүй юм. Үндсэн хуулийн энэ заалтыг зөрччихөөд байна шүү дээ гээд Цэцэд хандах хэрэгтэй. Илт ингээд хандахад Цэц илт тэнэг дүгнэлт гаргахгүй. Хууль ухрааж хэрэглэх нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гээд хэлчих байх. Ж.Батзандан шиг хүнээр л ийм бохир, илэрхий хууль бус, муухай ажлаа хийлгээд байна. Энэ асуудлыг Батзандан ч шийддэг юм биш. Үүндээ хүрвэл өмч хөрөнгөтэй холбоотой ийм асуудлыг зөвхөн шүүхээр шийдэх хуультай улсад бид амьдарч байгаа. Авлигатай тэмцэх хууль, Эрүүгийн хууль гээд бүх хуульд хууль бусаар орлого олсон тохиолдолд хурааж авна гэж заалт бий. Хууль бусаар олсон эсэхийг нь шүүхээр шийднэ. Түүнээс биш улс төрийн аргаар хурааж авч болдоггүй юм. Одоо өрнөж буй үйл явцыг харахаар шүүхийн шийдвэрээр биш, хууль бусаар, улс төрийн аргаар хурааж авах гээд байна. Зүй нь Засгийн газар нотлох баримтуудаа гаргаад шүүхэд хандах ёстой. Тэгээд эцсийн шийдийг шүүх гаргана.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуульд стратегийн ордын 34-100 хувийг төр эзэмшинэ гэсэн үг, өгүүлбэр бий. Энэ дагуу бусдын өмч хөрөнгийг шууд хурааж авах яриа үүсч байна. Хуулийн аргаар дээрэмдэж буй хэрэг мөн үү?

-Тэгж байна. Би нэг зүйлийг гайхаад барахгүй юм. МҮХАҮТ татвар төлөгчид рүү хандсан төрийн энэ улайрал дээр хувийн хэвшлийнхнээ өмгөөлж дуугарахгүй яваагийн цаана ямар утга нуугдаж байна вэ. Цэцэд яагаад хандахгүй байна вэ. Сая таны хэлсэн заалтыг хуульд тусгахаас өмнөх юм руу дайраад байна. Хуулийг яагаад буцааж хэрэглээд байна вэ гэж асуучих субьект алга. Баялаг бүтээгчид, татвар төлөгчид өнөөдөр Засгийн буруу бодлогыг дуугүй л хараад суувал дараагийн салбар, бизнес рүү, иргэдийн хувийн өмч рүү төр дайрч булаах болно.

-Түрүүн хоёулаа ярьсан даа, бизнесийнхэн маань өөрсдөө улстөрчидтэй халаас нэг болчихсон тухай. Тэгэхээр энэ янзаараа гөлөлзөж суугаад хамгаа алдах байх аа даа?

-Магадгүй зарим хэсэг нь улстөрчдөд шүүмжлэлтэй хандаж чадахааргүй барьцаа тайгаар холбогдчихсон байх. Та нар одоо айж байгаа бол тун удахгүй үлдсэн бүх зүйлээ хураалгана. Айдсаар аврагдана гэж байдаггүй юм. Улстөрчид нэгэнт айлгаад авсан л бол дахиж айлгахаа л бодно. Айлгах чинь улстөрчдөд эрх мэдэл, хүч бий гэдгийг нь мэдрүүлж ойлгуулаад байдаг. Улстөрчийн шунал хэзээ ч зогсохгүй. Чамайг дээрэлхэх үед чи айсан бол чамайг дахиад л боол шиг дарамталж дээрэлхэнэ. Айсан хүнийг хоосортол дээрэмдэнэ.

-Та түрүүн оросуудаас айдаг хүмүүсийн олонх нь МАН гэсэн. Танай намын хэсэг бүлэг хүн жинхэнэ утгаараа Оросын гар хөл болоод яваад байгаа юм биш үү. Та ч түрүүн захаас нь дурдсан…?

-Ичмээр нь тийм юм болоод байна. Оросын олигархиудтай нийлж Монголын уул уурхайн баялгийг авъя гэсэн тэмцэл яваад байгаа. Хоорондоо бизнес эрх ашгаа нэгтгэсэн, сүрэглэчихсэн бүлэг ажиллаж байна.

-Хуулийг ухрааж хэрэглэнэ гэвэл Х.Баттулгын хувьчилж авсан үйлдвэр, зочид буудлыг ч хураах эрсдэл үүсч таарна даа, тийм ээ?

-Тэгнэ. Гэхдээ миний үнэт зүйл хэзээ ч хөрөнгө хураах талд биш. Миний дайсны хөрөнгийг хууль бусаар хураахыг би эсэргүүцнэ. Баттулгын хөрөнгийг хууль бусаар хураавал би эсэргүүцнэ. Манай бизнсемэнүүд үнэт зүйлтэй, үнэт зүйлийнхээ төлөө тэмцэж нэгдэж чаддаггүй. Нэгнийх нь өмч хөрөнгийг хураачихаар бусад нь алга таших нь холгүй байлаа шүү дээ, ердөө саяхан.

-Төр нэг гоё юм ярьдаг л даа. “Муусайн баячуудын хөрөнгийг хураагаад ард түмэндээ өгнө өө” гээд массыг хуйлруулчихдаг…?

-Төрийн өмч бол үнэн дээ улстөрчдийн л өмч болдог. Хэзээ ч ард түмний өмч биш. Эрдэнэт үйлдвэр ард түмний өмч биш. Энэ бол улстөрчдийн өмч, улстөрчдийн “саалийн үнээ”. Одоо уул уурхайн олон компанийн өмчийг хураачихлаа гэж бодъё. Тэр бүхний эцэст төрийн хураасан бүхэн Ж.Батзандангийн өмч болно. Ж.Батзандан хэнийг даргаар тавихаа шийднэ. Ашгаас нь яаж авахаа Ж.Батзандан шийднэ. Ард түмний өмч болно гэдэг зүйл хэзээ ч байдаггүй юм. Нийгмийн 2030 хувьд төрөлх нэг араншин байдаг. Өөрт нь ямар ч хамаагүй, өгөөжгүй байсан ч бусдын өмчийг хурааж буй тохиолдлыг дэмжиж кайф авдаг. Батзандангийн өмч болно гэдгийг мэдэж байгаа хэрнээ шүү дээ. Тиймээс нийгмийн 20 хувь бусдын өмч хөрөнгийг хураахыг дэмждэг, тэрнээсээ кайф авдаг гэсэн үг. Хэрвээ татвар төлөгчид өнөөдрийнх шиг дуугүй яваад байвал энэ 20 хувьд дийлдээд амьдарна. Гэтэл нөгөө талд нийгмийн 60 хувь нь өмч хураахыг эсэргүүцдэг. Харамсалтай нь дотроо 60 хуваагдаж, ухаантай царайлаад дуугүй явцгаадаг. Хүний өмчийг хураахыг дэмждэг 20 хувь нь цөөхөн ч сүрэглэхдээ гойд сайн. Тэгэхээр дахиад хэлье, баялаг бүтээгчид минь ээ, өөрсдийнхөө төлөө дуугар, тэмц.

-Бизнес рүү төр халдаж дээрэмдэхийг завдаж байхад нийтээрээ дуугарахгүй яваад байвал ардчилал хэр урт наслах бол?

-Үсрээд таван жилийн дотор дуусна.

-Тэгвэл Монголын нийгэм, эдийн засаг ямар байдалд хүрэх бол?

-Сүйрнэ. Маш сайн нотолсон нь Венесуэл. Эхлээд татвар төлж ажлын байр бий болгож, улсын төсвийг бүрдүүлж байсан том компаниудаа хураагаад авчихсан. Төрд очсон том компаниуд нь дампуурчихсан. Тэгэхээр улс татварын орлогогүй болж эхэлнэ ээ дээ. Тэгэнгүүт орлого бүтээж буй үлдсэн хэсэг рүүгээ дайрч эхэлсэн. Ингээд л сүйрсэн. Одоо манайд том мөнгө эргэлддэг уул уурхайнхны хөрөнгийг булаах процесс өрнөж байна. Төрд очсон бизнес дампуурдаг. Топ татвар төлөгчдөө ингэж устгачихаад дараа нь “Номин” гэх мэт сүлжээ дэлгүүр рүү орно. “АПУ” руу орно. “Талх чихэр” рүү орно. Цалин тэтгэврээ тавихын тулд, эрх мэдлээ харуулахын тулд үлдсэн баялаг бүтээгчид рүүгээ дайрахаас өөр сонголт төрд үлдэхгүй. Венесуэлд яг ийм үйл явдал өрнөсөн. Мадуро дээрмээ хийхдээ их муухай хорон зальтай хийсэн. Армийнхны дэмжлэгийг авахын тулд хулгайлсан өмч хөрөнгөнөөсөө армийнханд өгөөд байсан. Том компаниудын хувийг генералуудад, “Номин” шиг худалдааны сүлжээний хувийг хурандаа нарт гэх мэтчилэн хуваасан. Арми өөрт нь ирсэн баялгаа хамгаалахын тулд дарангуйлагч Мадурод үйлчилсэн. Энэ бүхний эцэст Венесуэлийн 7 сая иргэн эх нутгаасаа гарч явахаас өөр аргагүй болсон.

-Манай улс яг ч ийм зам руу орчихгүй байх аа, учир нь бид парламенттай?

-Би ийм зүйл рүү явчих вий гэж болгоомжилж байна. Нэг удаа Х.Баттулга яг үүнтэй адил юм сэдээд эхэлсэн дээ. Төмөр замыг цэргээр бариулна гэж дуугарсан. Би эсэргүүцэж, үзэлцсэн. Ажилгүй залуус зөндөө байхад заавал яагаад армид мөнгө өгч цэргийнхнийг уруу татах гээд байгаа юм гэж эсэргүүцсэн. Армийг хэзээ ч бизнес рүү хутгаж оруулж болдоггүй юм. Армийн удирдлага нь баялгийн шуналтай болчихвол цэргийн дэглэм тогтохоос өөр аргагүй болно. Дарангуйлал тогтоох нь өөрөө механизмтай гэж хэлээд байгаа нь энэ.

-Танай намын хэд энэ үйл явцыг оройлж байна. Намаа тэднээс салгаж авах арга байна уу, ингэхэд?

-Салгаж авах гээд л тэмцэж байна. Цаашдаа энэ тэмцлээ зогсоохгүй өргөжүүлнэ. АН Ардын намын өвөрт орсноос болоод нийгмийн тэмцэл зогссон. АН хүчтэй сөрөг хүчин байхад иргэд зоригтой, хяналт тавьж чаддаг байлаа. АН ард түмний эр зоригийн баталгаа, хамгаалагч нь болж өгдөг. Гэтэл АН Ардын намын өвөрт орох нь битгий хэл тэмцэж олж авсан ардчиллын үнэт зүйлийнхээ эсрэг ажлыг хийж байна. Лу.Гантөмөр АН-ын өмнө маш хортой, түүхэн нүгэлтэй ажил хийж яваа хүн. АН улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөх ажлыг манлайлж байсан бол одоо Лу.Гантөмөр буцаагаад оруулах тухай ярьж байна. АН хувийн өмч хөрөнгийг хамгаалж, өмч хувьчлалыг явуулж, ДНБ-ий дийлэнх хувийг бүрдүүлдэг хувийн хэвшлийг бий болгож чадсан гавьяатай. Одоо тэгсэн өмч хөрөнгийг нь буцаагаад хураах гэж байна. Чөлөөт хэвлэлийг хамгаалдаг АН одоо хаана байна вэ? Ичгүүргүйгээр Ардын намтай нийлчихсэн, худалдан авалтыг нь хийгээд явж байна. Тиймээс АНыг Ардын намаас салгах тэмцлийг бид хийнэ.

-Хамгийн том эмзэглэлээ хуваалцаач?

-Төрийн бодлого байхгүй болчихжээ. Улс орны асуудлыг шийдэх, олон улсын харилцааг идэвхжүүлэх, бэрхшээлдээ төвлөрч анхаарахад төрийн бодлого чиглэдэг. Харамсалтай нь манай төрийн бодлого иргэдийнхээ тархи толгойг эргүүлэх манипуляци хийх л болчихож.

-Сүүлийн асуулт. Хотын дарга байсан хүний тань хувьд асуумаар байгаа юм. ТҮЦ ачихыг юу гэж харж байна вэ?

-Х.Нямбаатарын хийж байгаа энэ ажлыг цаанаасаа захиалгатай болов уу гэж хардаж байна. ТҮЦ-үүдэд нэг өрсөлдөгч байгаа даа. Тэдний захиалга байх. Уг нь эдийн засаг ийм хүнд үед төрөөс царай алдахгүй, өөрсдийгөө болгоод яваа бор зүрхтэнгүүд чинь, ТҮЦ-ийнхэн. Өрхөөр нь тоолох юм бол нэлээд хэдэн мянган айлын амьжиргааг булаачихлаа. Хот ажлын байр бий болгож чадаагүй байж ажлын байрыг нь булаан авч байна. Ажилгүйдлийг нөхөж яваа жижиг дундууд, ТҮЦ ажиллуулдаг иргэдээсээ амьжиргааг нь булааж эхэллээ. Эдийн засгийг авч явдаг гол салбараа дээгүүр нь булаах гэж улайрч байна. Ажилгүйдэл одоо бүр замаа алдана. Цаашдаа их эрсдэл амсана, бид. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар хийх ажлаа ойлгохгүй гэнэдээд байх шиг байна. Бизнес, ажлын байрыг булааж буй шийдвэрүүд нь эргээд ямар айхтар оч болохыг сайн ойлгохгүй байна. Бослого болно. Бухимдал ихэснэ. Улс төрийн байдал хурцадна. Онлайн орчноос анзаарахад, олны бухимдал галт уул шиг дэлбэрэхэд бэлэн болсоор байна. Эрх барьж буй нам яагаад өөрсдийгөө ингэж хорлоод байгааг нь хөндлөнгөөс хараад ойлгохгүй байна. Засаг төр чинь аль болох тогтвортой ажиллахаа бодох ёстой биз дээ. Нэг ч гэсэн ажлын байрны үнэ цэнийг ойлгож, нэг ч гэсэн татвар төлөгчийг бий болгохын төлөө ажиллах ёстой шүү дээ.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Ц.Баасансүрэн