Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч дөрөвдүгээр сард төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 24 удаагийн хяналт шалгалтад 304 аж ахуйн нэгж, байгууллага, 3,891 гадаадын иргэнийг хамруулжээ.

Зөрчилд холбогдсон нийт 1,319 гадаадын иргэн, 308 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 8 улсын 63 иргэнийг албадан гаргасан байна.

Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 13 улсын 219 иргэнийг хилээр оруулалгүй буцаажээ.

Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

 

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар