Тээврийн хэрэгсэлд УБ серитэй улсын дугаар олгохдоо экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх журмыг 2025 оны зургаадугаар сарын 1-нээс мөрдөх гэж байна.

Энэ тухай  Автотээврийн Хэрэгслийн Бүртгэл, Хяналтын Төвийн дарга Э.Ниндэв "Тээврийн хэрэгсэлд дугаар олгохдоо экспортын өмнөх техникийн үзлэгт орсон байхыг энэ оны зургаадугаар сарын 1-нээс шаардаж эхэлнэ.

Манай улсад маш олон тээврийн хэрэгсэл импортоор орж ирдэг. Импортын тээврийн хэрэгслийн гаднах байдал эвдрэл гэмтэлтэй ирвэл Вьетнам засварын газарт засуулж шинэ машин болгож зардаг байна. Гааль дээр буусан машиныг тухайн экспортлогч улс оношилгоонд оруулсан эсэхийг иргэд мэддэггүй. Иймд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Япон болон бусад ашиглагдаж байгаа улсдаа тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулсан дүгнэлтийг шаардаж эхэлнэ. Ингэснээр эвдрэл гэмтэлгүй, гааль дээр буугаад шууд явах тээврийн хэрэгсэл байх ёстой. Нийслэлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тоог хязгаарлах журамд энэ тухай заасан байдаг" гэж мэдээллээ.

Тээврийн хэрэгсэлд Улаанбаатарын серитэй улсын дугаар олголтыг өнгөрсөн оны төгсгөлд хязгаарлаж, тодорхой шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд олгох журмыг нийслэлийн Засаг дарга баталсан. Ингээд 2025 оны нэгдүгээр сарын 15-наас carplate.ulaanbaatar.mn цахим системээр УБ серитэй улсын дугаар олгох хүсэлтийг авч эхэлсэн билээ. 

Өнөөдрийн байдлаар цахим системд УБ серитэй улсын дугаар авах 2,476 хүсэлт бүртгэгдсэн бол нэг ч эрх олгоогүй байна. Харин бодит байдал дээр шинэ машин авсан хүн "шаг"-ийн үнээр дугаар авч байгаа бололтой.

 

НИЙСЛЭЛД  АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРТ БАГТААН ОЛГОХ ЖУРМААС:

3.1.Нийслэл хотод автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг  дараах шаардлагыг хангасан тохиолдолд олгоно:

3.1.1.тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх; 

3.1.2.өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 25.1.5, 25.2.1, 25.2.4, 25.2.5-д заасан төлбөрөө барагдуулсан байх;

3.1.3.Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчлийг болон торгох шийтгэлийг барагдуулсан байх;

3.1.4.Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн дагуу даатгуулсан байх;

3.1.5.тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь  "евро-4" эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;

3.1.6.сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

3.1.7.батлагдсан шалгуур үзүүлэлтээр тогтоосон дэс дарааллын эхэнд байх;

3.1.8.экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдсан байх.

3.2.Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно:

3.2.1.хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар нь;

3.2.2.цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл нь бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө байх;

3.2.3.тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн он буюу хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл өмнө нь байх;

3.2.4.зүүн гар талдаа жолооны хүрдтэй бол баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;

3.2.5.шалгуур үзүүлэлтийн дагуу эхний сар улсын дугаар авч чадаагүй жагсаалтад байгаа иргэн, хуулийн этгээдийн дараалал нь дараа сарын хүсэлт гаргагч иргэн, хуулийн этгээдийн өмнө байх.