“Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд байх монгол гэрт энэ оны 05-р сарын 19-ний шөнө хулгай орж бурхан шашны эд зүйлс алдагдсан байна” гэх мэдээлэл энэ оны 05-р сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулахад 42 настай, эрэгтэй, “Д” нь гэрийн цоожийг эвдэн орж Алтан гэрэл судар 1 ширхэг, Дашзэвэг судар 1 ширхэг, 2-3 см хэмжээтэй зурмал Бурхан багш 1 ширхэг, 10-15 см хэмжээтэй зурмал Жамсран бурхан 1 ширхэг, 2-3 см хэмжээтэй зурмал Лам бурхан 1 ширхэг, нэр тодорхойгүй 4 ширхэг судар алдагдсан хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.