Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Улаанбурхан өвчнөөр амиа алдсан 7 хүүхдийн хариуцлагыг хүлээж чадах бол вакцины эсрэг худал мэдээлэл тараагаад байгаарай
5 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр /2025-06-25/-нд мэдээлэл өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны сайд Ж.Чинбүрэн "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар чухал шийдвэр гаргалаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хоёр хуралдааны үеэр улаанбурхан өвчний тархалтын талаар цөөнгүй ярьсан. Өнгөрсөн долоо хоногоос халдварын тоо 1.5 мянгаар нэмэгдсэн байна. Сайн нь энэ хугацаанд нас баралт нэмэгдсэнгүй.
Халдвар тархалт зогсолтгүй үргэлжилж байгаагаас халдвар, голомтыг хумих, нөхөн вакцин хийх гэх мэт олон ажлуудыг эхлүүлэхээр Засгийн газрын нөөц сангаас 5 тэрбум төгрөгийг гаргах шийдвэр өнөөдөр гаргалаа. Одоогоор бага насны хүүхдүүд, сургуулийн насны хүүхдүүдийг хоёр үе шаттайгаар нөхөн вакцинжуулах ажиллагаа үргэлжилж байна. Мөн голомтод өртсөн хүмүүст нас хамаарахгүйгээр яаралтай вакцин хийнэ.
Удахгүй наадам болох гэж байна. Тиймээс баяр наадамдаа айдасгүйгээр оролцохын тулд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ вакцин хийлгэсэн эсэхийг мэдэж, хийлгээгүй бол нөхөн вакцин хийлгээрэй гэж хэлмээр байна.
10-15 насны хүүхдүүд өмнө нь дархлаажуулалт хийлгэсэн ч гэсэн дархлаа суларсан энэ үед дахин хийлгэхэд ямар нэгэн гэм хор байхгүйг мөн хэлмээр байна. Наадам 7-10 хоног үргэлжилнэ. Олон хүн цугласан энэ үеэр халдвар авсан тохиолдолд нууц үе буюу 15 хүртэлх хоногийн дараа халдварын тоо улам нэмэгдэх хандлага үүсэж болзошгүй.
Шуурхай хуралдааны шийдвэрээр долоодугаар сарын 10 хүртэл эрчимжүүлсэн бэлэн байдал зарлаж, вакцинжуулах ажлыг эрчимжүүлээд байна. Мөн цагдаа, хуулийн байгууллагатай хамтран вакцины талаар буруу, ташаа мэдээлэл тараах үйлдлийг таслан зогсоох ажил явагдаж байгаа. Эмч хүний зүгээс хариуцлагатай хэлэхэд одоо хийгдэж байгаа вакцинд ямар нэгэн гаж нөлөө байхгүй. Буруу ташаа мэдээлэл авч хүүхдээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсэж байна.
quran classes · 2 цагийн өмнө
Энэ нийтлэл үнэхээр сонирхолтой, маш хэрэгтэй мэдээлэл агуулж байна. Сэдвийн талаархи байр суурь, жишээнүүд нь уншигчдад ойлгомжтой, бодитой хүрч байна. Илүү олон ийм гүнзгий материал хүлээж байна – баярлалаа!