Нийслэл хотод шинээр Төв цэвэрлэх байгууламж барьж байгаа нь хоногт 2,500,000 метр.куб хүчин чадалтай бөгөөд энэ онд ашиглалтад орно гэж албаныхан мэдээлээд буй.

Харин цэвэрлэх байгууламжаас гарах их хэмжээний лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, Барилгын Хөгжлийн Төвөөр магадлуулжээ. 

Лагийг шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40,000 ам.метр талбайд барихаар төлөвлөсөн бөгөөд жилд 511 мянган тонн лаг (80%-ийн ус агууламжтай) болон 18 мянган тонн ахуйн хог хаягдлыг боловсруулна гэж тооцоолсон байна.

Гурван жилийн хугацаанд лаг хатаах, шатаах үйлдвэрийг барих санхүүжилтийг 241.4 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Энэхүү санхүүжилтийг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрдүүлэх гэнэ.

БНСУ-ын "Keumkang-ThreeENC" консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гаргаж, Улаанбаатар хотын удирдлагуудад энэ оны гуравдугаар сард хүлээлгэн өгсөн юм. Уг ТЭЗҮ-ийг боловсруулахад БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" консерциум 210 сая воны санхүүжилт буюу 700 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.

Лаг шатааж эрчим хүч гаргах үйлдвэр нь:

  • Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжаас гарсан ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэх гүн боловсруулалтын дараа шатаана. 
  • Хуучин лагийг шатаахын өмнө урьдчилан шүүж, хатаана. 
  • Гадна ахуйн хог хаягдлыг урьдчилан шүүж, шатаана. 
  • Шаталтаас үүссэн утааны хийг уурын зуухнаас гарган авч уурын турбины эрчим хүч үйлдвэрлэхэд голчлон ашиглах бөгөөд нам даралтын уурыг хатаагчийн дулааны эх үүсвэр болгон ашиглана. 
  • Шатаах явцад үүссэн утааны хийг "SNCR (зуухны доторх) +цахилгаан тунадас үүсгэгч+хагас хуурай хүчилгүйжүүлэх+ идэвхжүүлсэн нүүрс шахах + шүүлтүүр +нойтон хүчилгүйжүүлэх + сэнс" гэсэн стандартаар боловсруулж, дараа нь яндангаар гадагшлуулна. 
  • Шатаах болон утааны хийг цэвэршүүлэх явцад үүссэн үнсийг булах буюу барилгын материал болгон ашиглах технологитой байна.