Монголын хөгжим сонирхогч залууст Швейцарийн үндэсний урлаг болох ёодол хэмээх урсгалыг мэдрүүлсэн дуучин бол П.Баярцэнгэл. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өссөн. “Universe best songs-2010” наадамд оролцож уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

Тэрбээр "Ёодол" нэртэй анхны цомгоо Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гаргасан. Урын сандаа 10 гаруй клип, 20 гаруй дуутай залуу дуучин.

Дуучин залуу "Нэгэнт л энэ урлагаар уран бүтээл хийхээр зориглосон учраас өөрийн урын сантай болох нь чухал. Тиймээс монгол үг зохиогоод ёодолоор чимээд дуу хийлээ" хэмээсэн юм.

Түүний уран бүтээл хийх нь ах П.Отгонцэнгэлтэй салшгүй холбоотой. Дүүгийнхээ дуулсан дуунуудын үгийг ихэвчлэн зохиож өгдөг гэдэг.

Тэрбээр Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангийг төгссөн. Оюутан цагаасаа эхлэн шинэ жилээр албан байгууллагуудаар явж дуулж авьяасын үр шимээ хүртэж эхэлсэн хэмээн ярих дуртай. Өдгөө өөрийн хоолойны давтагдашгүй өвөрмөц хоолойгоороо бусад уран бүтээлчдээсээ ялгарч чаддаг нэгэн болсон нь түүний хөдөлмөрийн үр дүн гэлтэй. Өдгөө эхнэр, охины хамт амьдардаг. “Be happy” дуугаа эхнэр хүүхдээ бодож байгаад бичсэн гэдэг.

 

Д.Ана