Чойжин сахиуст А.Болдбаатар хэмээх залуутай шашны талаар цөөн хором ярилцлаа. Чойжин сахиустай гэдэг нь мэргэ төлөг, засал, бариа хийдэг хүн юм байна.

- Сүүлийн үед бөө, будда, христийн шашин утгаа алдаж байгаа юм шиг санагддаг. Таны бодол?

- Хэтэрхий их бөөтэй болж, бизнес хөөн хүмүүсийн тархийг угааж байна гэж бодож байгаа.

- Гандантэгчилэн хийд дээр очиж ном уншуулахад ном унших үнэ тогтоосон байдаг. Бурханы номыг ингэж мөнгөөр унших нь тарифтай байх нь зөв үү?

- Бурханы номыг тийм үнээр уншина гэж заагаагүй л дээ. Таны төлөө ном уншиж байгаа хүн өөрөөсөө асар их хэмжээний энерги, ур чадал шаардаж байгаа. Түүнийг л үнэлж байгаа хэрэг юм. Сүсэг бишрэлээрээ л өгөх хэрэгтэй л дээ. Тариф тогтоогоод байдгийг би гайхдаг юм. Тухайлбал би хорт хавдартай хүнийг барихдаа тэдийг өг гэдэггүй. Сүсгээрээ л бол гэж хэлдэг. Тэр хүнд хийсэн буян, сайхан сэтгэл нь надад ирж би аз жаргалтай болж байна. Өнөөдөр, маргаашаа бодоод хүний зовлонгоор жаргал хийдэг хүн ч байгаа, хийдэггүй хүн ч байгаа. Гэхдээ хүний зовлонгоор жаргал хийдэг нь олон байдаг болохоор сайн хүмүүсийнхээ нэрийг дарчихдаг юм.

- Айл бүрт нэг бөө, нэг сүлжээний бизнес эрхлэгч байдаг болчихлоо?

- Монголд байгаа нийт бөөгийн 10 хувь нь л жинхэнэ бөө, 90 хувь нь бизнес хөөсөн хүмүүс. Энэ ярилцлагыг уншиж байгаа жинхэнэ бөө нар надтай санал нэг байгаа. Би яагаад итгэлтэй ярьж байна вэ гэхээр над дээр маш олон бөө ирээд “Би бөө мөн үү? Биш үү?” гэж асуудаг.

Монголчуудын хувьд бөөг дарахын тулд буддаг оруулж ирсэн. Яагаад гэхээр эрт үед одоогийнх шиг ийм олон бөө байгаагүй. Өнөөдөр биедээ албин оруулсан хүн өөрийгөө бөө гээд байгаа. Эрт дээр үед үүнийг дарж, ганц л хүчтэй нь бөөлдөг байсан.

- Бөө нар бусдыг хараадаг шүү дээ. Тэр хараал нь хэзээ нэгэн цагт өөрт нь эсвэл үр хүүхдэд нь ирдэг үү?

- Ирэлгүй яахав. Ганцхан бөө нар ч хараал хийдэггүй. Хэн нэгнийг чинь сэтгэлээсээ муухайгаар хэлснийг зүрхэндээ хүлээж аваад, бодоод явахад хараал хүрчихсэн байдаг. Тийм болохоор хараал хийвэл өөрт нь биш юмаа гэхэд үр хүүхдэд нь ирдэг. Тэгэхээр хүн өөрийгөө болон дараа төрөл, үр хойчоо бодоод хараал хийхгүй байвал зам мөр нь их цагаан байвал дээр. Би бол хараал хийдэггүй. Би зам мөрөө цагаан байлгахыг хичээдэг.

- Бөө нар голдоо нэг гал асаачихаад чанар авч байна гээд байдаг нь сонин санагддаг л даа. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

- Энэ бол бизнесийн нэг хэлбэр юм.

- Зарим бөө нарыг биедээ албин оруулчихсан байна гэдэг шүү дээ?

- Бизнес хөөсөн хүмүүс хоёр ертөнцийн хооронд хавчуулагдсан албин тийрэнг хүний биед оруулаад өгчихдөг. Гэтэл өнөөх нь уг биш, албин болох нь дороо мэдэгддэг. Өөрөөр хэлбэл ясан талаас уу цусан талаас уу гээд хөөгөөд үзэхээр дэмий тэнэсэн сүнс болох нь мэдэгддэг. Үүнийг эртхэн мэдээгээгүйгээс болж өнөөх тэнэсэн сүнс нь хүчирхэгжиж, биедээ оруулсан хүн нь хэцүү болдог. Шар хад удахгүй хуурам бөөгөөр дүүрнэ гэж боддог. Зарим нь биедээ тийрэн оруулснаа мэдээд буцаадаг. Хайран мөнгө,цаг хугацаагаа алддаг.

- Жинхэнэ бөө ч бай, хуурамч бөө ч бай угаа авахгүй байсан чинь шоглочих гээд байнаа гэдэг шүү дээ?

- Би жишээ авч их ярьдаг юм уучлаарай. Таны ажил төрөл бүтэхгүй, өвдөөд хавдаад л та намайг бөө гээд над дээр ирлээ гэж бодье. Тэгэнгүүт өнөөх бөө нь аль нэг албин тийрэнг хойноос чинь явуулаад, хамаг юмыг чинь боож хаагаад, шоглоод байдаг юм. Таныг бөө болонгуут таньд шингээд хорлох янз бүрийн зүйл байхгүй болдог. Нөгөө талаас таны сэтгэл санаагаар тоглочихож байгаа юм. Хүн чинь сэтгэлийн амьтан болохоор дорхноо сэтгэл санаагаар унадаг.

- Биедээ албин оруулсан эсэхийг яаж мэдэх үү?

- Биедээ албин тийрэн оруулсан хүний амьдрал ахуй нь дорддог. Саяхан над дээр гурван эмэгтэй ирсэн. Уг аваад хоёр нь нөхрөөсөө салсан нэг нь удахгүй салах гэж байгаа гэж байсан. Нэг нь гурван өрөө байртай байсан бол одоо айлын хашаанд амьдарч байна. Амьдрал нь тогтворгүй салхи хаашаа хамхуул тийшээ гэдэг шиг л хийсэж байдаг.

- Хуурамч бөө цаг хугацааны шалгуураар шигшигдэнэ гэдэг. Тэр шигшигдэх хугацаа нь хэдэн сар магадгүй жил вэ? Жинхэнэ бөө нар нь хуурамч бөө нараа дарж болдоггүй юм уу?

- Та их зөв сэдэв хөндлөө л дөө. Бөөгийн олон байгууллага байгаа. Тэд нар нь жинхэнэ мөн бишийг нь баталгаажуулаад, албажуулах хэрэгтэй. Мундаг бөө нартаа очоод шалгуулчих хэрэгтэй. гэхдээ манайхан үүнийг хийхгүй. Яагаад гэвэл энэ чинь бизнес болчихсон. Зарим нэгэн нь амьдралаа залгуулахын төлөө үзэж харж байна. Шашин гэдэг чинь тоглоом биш.

- Цагааны, харын, ноён суудалтай, хатан суудалтай, хаан суудалтай гэж яриад байдаг. Өөрөө үүнийг байхгүй гэж байсан. Энэ талаар тодруулбал?

- Тийм зүйл байхгүй байхад тэгж яриад байгааг их гайхдаг юмаа. Миний ярилцлагыг уншиж өөрийгөө цагааны, харын гээд байгаа бөөнүүд нэгийг бодож хоёрыг тунгаагаасай гэж хэлмээр байна.

- Байхгүй зүйлийг зохиож яриад байгаа юм уу? Эсвэл түүхийн нэгэн үед байсан юм болов уу?

- харынхан гэхээр хараал хийдэг, цагааныхан хараал хариулдаг, улааныхан хүчтэй гэж ярьдаг. Тийм зүйл байхгүй. Онгод болгон хүчтэй. Муу онгод гэж хэзээ ч байхгүй, харин муу улаач гэж л байдаг. Тийм болохоор лус хөлөглөгч, чий хөлөглөгч, хий хөлөглөгч гэж л ярьдаг. Хаан суудалтай, хатан суудалтай гэдэг нь албингийн яриа. Саяхан би харж байсан зүйлээ жишээ болгож ярья. Дарханд нэг охин хаан суудалтай гээд нэг охин “Одоо намайг бардаг хүн байхгүй” гэж яриад явж байсан. Онгод удмаа дагадаг болохоос өнгөөр ялгардаггүй, бүх онгод хийх юмаа л хийнэ.

- Улаач хүн архи ууж байхад онгод нь хүчээр ороод ирдэг гэсэн яриа байдаг?

- Хүмүүс архи ууж байгаад онгод ордог гээд байдаг юм. Уг нь тэгдэггүй ш дээ. Хуураа татаад, 13 манжлагатайгаа байхад онгод нь ордог.

- Манжлага гэдэг нь?

- Бөө хүний л хэрэглэдэг зүйл. Адууны дэл сүүлэнд ороочихсон залаа аятай урдаа янз бүрийн амьтны хэлбэртэй зүйл байдаг юм. Одоо үед манжлагатай бөө ер нь байхгүй шүү. Хэнгэрэг байхгүй бол манжлагаараа өөрийгөө шавхуурдаж байгаад онгодоо оруулдаг байх жишээтэй.

- Христийн шашны зарим урсгал Монголчуудыг хагаралдуулах бодлого бариад байгаа юм шиг харагддаг?

- Монголчуудыг хагаралдан бутаргах зорилготой орж ирсэн шашин гэж боддог. Монголчууд христийг шүтээд байхаар хүмүүс биш.

- Яагаад?

- Ажиглаад байхад христийн шашин хийсвэр сэтгэлгээнд тулгуурлан дандаа ингээд өгөөч, тэгээд өгөөч гэж гуйсан маягтай. Хэдийгээр хүний шашин шүтэн эрх нээлттэй ч гэсэн хритсийн шашин биш санагддаг. Хамгийн том шашин бол удам судар, нутаг усаа аав ээжийгээ шүтэж, хайрлаад хүндлэх хэрэгтэй. Одоо бол ийм биш болчихлоо.

- Та бариа засал хийгээд хүнд өвчтэй хүмүүсийн ус уух хоногийг уртасгаж өгдөг гэж байна л даа. Гэхдээ уучлаарай шинжлэх ухаанаар тогтоогдчихсон байхад боломж үнэхээр байгаа гэж үү?

- Би энэ хоёр гарандаа их баярладаг юм. Миний хоёр гар удмаа дагасан увидастай. Надад заяасан далдын хүчээрээ л анагаадаг юм. Удахгүй хагалгаанд орно гэсэн хүн надаар зургаан өдөр бариулаад ХСҮТ дээр очиход хорт хавдар нь 80 хувь буурчихсан, хагалгаанд орох шаардлагагүй, эмчилгээ хийлгээд эдгэж болно гэсэн жишээ байна. Элэгний цирозтой долоо хоногийн настай, элэг шилжүүлэн суулгах шаардлагатай, олон удаагийн хагалгаанд орсон хүн бариулаад гурван сар амьдарч байна. Хүн бүрт боломж байхгүй биш байгаа.

- Бусдын амьдрах хугацааг “сунгаад” өгөхөөр таных богиносохгүй юу?

- Тэгж хэлж болохгүй ээ. Би амьдардагаараа амьдраад, насладагаараа л наслана. Би хүнд тусалъя гэж бодож чанар үр дүн гаргахыг л хичээдэг.

- Зөн билэгч нар согтохоороо ирээдүйн эхнэр рүүгээ залгадаг гэдэг онигоо байдаг шүү дээ?

- Би эхнэртэй. Удахгүй аав болно. Би эхнэрээ тэгж байгаагүй. Эхнэрээ, өөрийгөө үзэж байгаагүй. Болох юм болдогоороо л болно. Хутга хэдий иртэй ч ишиндээ хүрдэггүй Хувилгаан хэдий шидтэй ч өөрийгөө үздэггүй. Би өөрийгөө үзэж, засаж чадахгүй. Б.Бат-Эрдэнэ аварга гэртээ ороод эхнэртэйгээ барилдаггүй шүү дээ. Тэрнээс ялгаагүй.

- Багаасаа үзэж хардаг байсан уу?

- Багадаа зөн совинтой байсан. Анх 17 настайдаа хүн үзэж байсан. Тэрнээс хойш одоо хүртэл үзэж байгаа. Би өөрөө нуугдмал байдаг ч хүмүүс намайг олоод ирдэг.

- Хүмүүсийг даана гэж хэлээд мөнгө аваад байдаг шүү?

- Хүмүүсийг даана гэж хэлээд тодорхой хэмжээний мөнгө аваад эргээд тэр хүмүүсээ мартчихдаг тохиолдол цөөнгүй бий. Над дээр ирсэн хүмүүс тэр хүний даалт гээд байдаг ч дааж авсан зүйлгүй байдаг. Жишээ нь хүн үр хүүхдээ хамгаалж, хариуцаж дааж явдаг шүү дээ. Түүнээс ялгаагүй. Дааж авсан хүнээ муу муухай бүхнээс хамгаалж, дааж явахыг хэлж байгаа юм. Даана гэж худлаа хэлээд хүнээс мөнгө авч, сэтгэл зүйгээр нь тоглож болохгүй.

- Олон хүн даахаар өөрт тань ачаалал нэмэгдэхгүй юу?

- Зүүдэнд орж ирдэг болохоор надад саадгүй. Тухайлбал би өөрийг тань даасан бол таны нэр жилийг хэлээд энэ хүнийг зүүдэндээ хараад, өглөө нь зүүднийнхээ учрыг тайлдаг. Миний дааж авсан улсуудаас хэн нэгэн нь үнэхээр болохгүй бол зүүдэнд орж ирдэг. Тэгээд өглөө нь ном унших, сүү өргөх гэх мэтээр тухайн дааж байгаа хүнийнээ заяа мөрийг тэгшилж явах нь л даалт.

- Нэг хүн хичнээн хүн даадаг вэ?

- Яг тэдэн хүн даа гэсэн тоо байхгүй ш дээ. Шашин хэзээ байхгүй болно тэр цагт даалт гэж зүйл байхгүй болно.

- Засал хийлгэхэд, ном уншуулахад будда бөө аль нь ч гэсэн тавгийн идээ, архи, сүү авчир гэдэг шүү дээ. Үүний учрыг тайлбарлавал?

- Гэрт тань зочин ирэхэд зоог бэлддэг шүү дээ. Тэрэн шиг онгод тэнгэр бууж ирж байхад урьд нь тавгийн идээг нь бэлдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Зарим нэгэн нь засал хийнэ гэж авсан зүйлээ өөрийнхөө амьдрал ахуйд хэрэглээд байдаг. Тэр бол их буруу.

- Ярилцлагын төгсөлд магадгүй миний асуугаагүй, өөрийн тань хэлье гэж бодсон зүйл байгаа байх?

- Монголчууд минь аав ээж, өвөг дээдсээ шүтэж байгаарай. Жавзандамба хутагт төвийн н.Ууганбаяр ах, н.Бямбасүрэн багшдаа болон надад тусалж дэмждэг хүмүүстээ баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдалгүй өшөө ихийг сурч Монгол түмнийхээ төлөө эрдэм ном чадлаа харамгүй зориулнаа.

- Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа. 

А.Баярмаа