Анх "ТВ Коктейль" хамтлагийн жүжигчнээр олонд танигдсан эрхэм бол Э.Цолмонбаяр буюу Цоомоо. Тэрбээр тайз, дэлгэц гэлтгүй салбар бүрт уран бүтээлээ туурвиж, алиалж хүмүүсийг инээлгэж явдаг. Хөгжилтэй, мэдрэмжтэй залуу хэмээн өндрөөр үнэлэгддэг нэгэн. 

Тэрбээр “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай” кинонууд мөн “Хоёр ертөнцийн буудал” зэрэг жүжигт хүртэл дүр бүтээсэн. Жүжиглэхийн хажуугаар шаггүй хөтлөгч. Энэ цаг үеийн эрэлт ихтэй хөтлөгчдийн нэг. Байгууллага хамт олны арга хэмжээ, шинэ жилийн үеэр нэлээдгүй эрэлттэй байдаг. 

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дэргэдээс нь үзэхээр нүцгэн хүртэл гудамжаар алхаж явсан зориг, зүрхтэй залуу шинэ уран бүтээлийн зураг авалтандаа аль хэдийнээ оржээ. Цастай ч, бороотой ч байсан хамаагүй зорьсондоо хүрэхээр тэмүүлэн зүтгэдэг тэрбээр энэ удаад "халаат Цомоо" болжээ. Учир нь сүүлийн хэдэн өдөр "цагаан халат" намируулан хаана ч хамаагүй тааралдсан хүн болгонтой зургаа авахуулж явна. 

Д.Ана