Залуус “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт лекц сонсов
2014/09/24
Ардчилсан хүчний холбооны дэргэдэх "Хөгжил" клуб "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдэвт лекц зохион байгууллаа. Тус лекцийн зочноор гэр бүл судлаач доктор, профессор Т.Намжил оролцож залуу гэр бүлд тулгамддаг асуудлууд, салалт, ирээдүйн ээж аав болохдоо бэлдэх, заяаны ханиа хэрхэн зөв сонгох, үнэ цэнэтэй амьдрал, уламжлагдан ирсэн гэр бүлийн ёс заншил, гэрлэлт, шалгуур гэх сэдвүүдийг нийгмийн өргөн цар хүрээнд хамруулж ярилцсан байна. Тус лекцэнд залуу гэр бүл, оюутан залуус, Улсын төв асрамжийн газрын хүүхэд залуусын төлөөлөл оролцжээ.
Доктор, профессор Т.Намжил “Залуус гэр бүлээ сонгохдоо өнгө мөнгө хардаг болсон байна. Хамтдаа бүтээх гэсэн чин хүсэл эрмэлзэлээр гэр бүл болж, амьдралаа бүтээе гэсэн залуус цөөхөн болжээ. Дөнгөж уулзаад, биесээ мэдэлгүй хөрөнгө мөнгө хараад суучихдаг болсон. Гэтэл эхнэр, нөхрийнхөө ямар хүн бэ гэдгийг нь мэддэггүй, хөрөнгө харж суух нь эргээд салах, гэр бүл сарних үндэс болж байна. Хүнийг танихын тулд, тэр хүн ном уншдаг уу, архи дарс хэр хэрэглэдэг бэ гээд олон зүйлээс харж болно. Ном унших дуртай, архи дарс хэрэглэдэггүй хүн бол хүмүүжилтэй хүн байна гэж анхны дүгнэлтийг хийж болох. Гэтэл үнэтэй машин унасан хөрөнгөлөг залуустай гэрлэх гэсэн хүсэл охид бүсгүйчүүдийн дунд байна. Энэ эргээд сөрөг үр дүнд хүргэдэг” гэсэн юм. Ардчилсан хүчний холбооны дэргэдэх "Хөгжил" клуб тус лекцийн үргэлжлэл болгож “Ёс заншлаа дээдэлсэн залуу гэр бүл” хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.