МАХН ахмадуудаа хүлээн авч, өргөө цагаан гэр бэлэглэлээ
2014/09/25
Олон улсын Ахмадын өдөр ирэх сарын 1-нээр тохионо. Энэ өдрөөр манай улс амхад үеийнхэндээ хүндэтгэл үзүүлж, тэдний өмнө тулгамдаад буй саад бэрхшээл, түүнийг хэрхэн арилгах арга замын талаар бүх нийтээрээ хэлэлцэж, гарцыг эрэлхийлдэг. Тэгвэл энэ ажлын урьтал болгож МАХН өнөөдөр МАХН-ын ахмадын II чуулганыг зохион байгууллаа. Засгийн газар, УИХ-д суудалтай тус намын хувьд ахмад үеийнхэнд чиглэсэн довритой бодлого байх ёстойг хэлж байна. Хэрэв өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй их буугаар бууддаг гэдгийг тэд өвөр зуураа хэлцэж, олон арван ахмадынхаа үнэтэй саналыг зөвлөмжийг авч, цаашдын бодлого шийдвэртээ тусгахаа амалж байсан юм. Энэ үеэр тус намын дэргэдэх Ардчилал, Шударга ёс Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон явуулдаг хүмүүнлэгийн ажлыг зохион байгууллаа. Тэд үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн намын дэргэдэх Ахмадын холбооны судалгаанд үндэслэн жил бүрийн энэ өдөр нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай нэг ахмадад иж бүрэн гэр бэлэглэдэг уламжлалтай. Энэ удаад Хан-Уул дүүргийн өндөр настан Ж.Ирад өргөө цагаан гэр бэлэглэж, өөдлөн дэвжихийн ерөөл өргөлөө. Энэ үеэр АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэхтэй уулзаж, дараах асуултад хариулт авав.
АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх: Бид ахмад үеэ хэзээ ч мартахгүй, бас орхихгүй
АШЁМЗХ энэ жилийг Ахмадад ээлтэй жил болгон зарласан тухай сонссон. Яагаад ахмадуудыг онцлох болов?
Манай холбоо маш олон зорилтыг өмнөө тавьж ажилладаг. Үүний тэргүүн эгнээнд ниймгийн сайн сайхныг цогцлоон бий болгох зорилт юм. Энэ хүрээд бид Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан МАХН-ын дэргэдэх Ахмадын хороотой хамтран Ахмадын чуулга уулзалтыг зохион байгуулсаар ирсэн. Мөн монгол түмний уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр ахмадуудтайгаа ойр байж, тэдний өмнө тулгамдсан бэрхшээл, нөгөө талаар баяр жаргал аль алийг нь хуваалцаж, хамт байхыг эрмэлзэж ирсэн. Энэ ажил маань жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, бидний зүгээс илүү олон ахмадад хүрч ажиллах, тэдний сайн сайхны төлөө хийж болох олон зүйл байгааг олж харж энэ жилийг Ахмадад ээлтэй жил болгон зарласан. Манай АШЁМЗХ нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт өөрийн салбар хороодтой, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон залуучуудын холбоо болж чадсан байна. Тийм ч учраас бидний үйл ажиллагаа зөвхөн нийслэлээр хязгаарлагдахгүй, илүү улс орны хэмжээнд болж ирсэн учраас Ахмадад ээлтэй жил болгон зарлаж, улс орон даяар энэ жилийн ажлыг явуулж байна. Жилийн эцсээр бид үйл ажиллаагаа дүгнэж, ажлынхаа үр дүнг тайлагнах юм. Ер нь бидний өмнөх үе одоогийн Монгол Улсыг бий болгож, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, төр нийгэмдээ залуу халуун насаа зориулсан хүмүүс шүү дээ. Өнөөдөр эгэл жирийн иргэдийн эв санааны нэгдлээс манай нам бүрэлдэж, тэр хирээрээ шударга, тэр хэрээрээ нэр нөлөөтэй яваа. Нөгөө талаасаа ахмад буурлуудын маань үнэнч сэтгэл, эх орноо гэсэн зүтгэлийн нэгдэл манай МАХН байсаар ирсэн. МАХН өөрөө ийм буурлуудын гавьяа зүтгэлээр өсч, тэдний залгамж халаа болсон залуусаар хүрээгээ тэлж өнөөдөр шударга ёсыг нийгэмд түүчээлж яваа шүү дээ. Тийм учраас тэдэндээ бид л талархсан сэтгэлээ илэрхийлж тусламжийн гараа сунгахгүй юм бол өөр хэн бидний өмнөөс хийх билээ дээ.
Өнөөдөр танай холбооноос нэг ахмадад гэр бэлэглэж байна. Ямар шалгуураар гэрээ олгож байгаа вэ?
Гэр олгох ажил манай холбоо байгуулагдсан цагаас эхлэн жил бүр уламжлал болон явагдаж байгаа юм. Бид гэрийн олгохдоо намынхаа нийт ахмадуудаас судалгаа авч, тэдний өөрсдийнх нь саналыг үндэслэн нэг ахмадыг сонгож ирсэн. Энэ дагуу энэ жилийн хувьд Хан-Уул дүүргийн Ж.Ира хэмээх бууралдаа иж бүрэн гэрийг бэлэглэж байна. Өнгөрсөн жилийн тухайд МАХН-ыг үүсгэн байгуулахад гар бие оролцож байсан, манай намын хамгийн өндөр настан Дэмбэрэл гуайд өргөө цагаан гэрийг зэхэж бэлэглэсэн. Тэр хэрээрээ манай ахмадуудын сэтгэл санаа өөдрөг, бие эрүүл саруул өнөөдрийг хүртэл намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байгааг харахад сайхан байдаг. Хүний сэтгэлийн тус хэзээ ч багаддаггүй. Манай залуучууд дор бүрнээ чадал чинээгээрээ биднийг хүн болгон төлөвшүүлж, нийгмээ хөгжлийн замд нь хөтөлсөн буурлууддаа тус дэм болж байх нь өнөөгийн бидний үүрэг гэж ойлгодог. Тэгэхээр бидний энэ үйл ажиллагаа АШЁМЗХ-ны өөрийн нэн тэргүүний зорилт байхын зэрэгцээ залуу хүн бүрийн заавал хийж байх ёстой эрхэм үүрэг гэж хэлж болно.
Залуучууд ахмадууддаа гараа сунгаж, тэднийхээ зовлон жаргалыг хуваалцаж байна гэдэг чухал зүйл. Та бүхний хувьд ахмад үеийнхэнд чиглэсэн өөр ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
Мэдээж хэрэг УИХ-д суудалтай, Засгийн эрхийг барилцаж байгаа намын дэргэдэх залуучуудын байгууллага учраас бид УИХ дахь намын бүлгээрээ дамжуулж ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, тэдний эрүүл мэндийн асуудлыг улс орон даяар дэмжиж хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа юм. Бид зүгээр тэгэх ёстой, ингэж хийх ёстой гэдгийг хэлээд суугаагүй. Өөрсдөө энэ ажлыг зайлшгүй хийх ёстой, энэ чиглэлд төрөөс бодлогодоо дахин анхаарах ёстой гэдгийг өнгөрсөн жил хийсэн ажлаас тодорхой ойлгож, мэдэрсэн. Бид өнгөрсөн жил л гэхэд Сүхбаатар дүүргийн 80 ахмадыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж, оношлуулж байсан. Өнөөдөр бүх зүйл тэгшрээд сайхан болчихоогүй байна. Хүндхэн амьдарч байгаа ахмадууд байсаар байгаад эцэг хүний хувьд, залуу хүний хувьд сэтгэл эмзэглэж явдаг. Манай намын үзэл баримтлал өөрөө бүх нийтийн өв тэгш, чинээлэг дундаж давхрагыг бий болгохын төлөө байдаг учраас дан ганц эмзэглэл биш, одоо бол дорвитой томоохон ажлуудыг хийх цаг нь ирсэн гэж харж байгаа юм. Тийм ч учраас энэ жилийг ахмадад ээлтэй жил болгон зарлаж, эндээс гарсан үр дүн, цаашид бодлогын түвшинд анхаарах ёстой санал санаачилгуудыг УИХ дахь намын бүлэг, цаашлаад Засгийн газрын хэмжээнд давих болно. Энд бидний ажлын зорилго чиглэгдэж байгаа юм.
Олон Улсын ахмадын баяр тохиож байгаа энэ өдөр АШЁМЗХ-г төлөөлж тэдэнд баярын мэндчилгээ дэвшүүлнэ үү?
Монголынхоо нийт ахмад буурлууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын өдрийн баярын мэндийг АШЁМЗХ-ны нэрийн өмнөөс дэвшүүлж байна. Та бүхний зүтгэлгүйгээр, та бүхний гавьяагүйгээр, та бүхний түүхгүйгээр өнөөдрийн Монгол Улс оршин тогтнох үндэсгүй юм. Тийм ч учраас ирээдүй хойчдоо та бүхнийхээ хамгаалж, хөгжүүлж ирсэн Монгол Улсыг бүрэн бүтэн, хөгжил дэвшилд хүрсэн, дундаж чинээлэг давхарга бий болсон тэр цэгт хүргэхийн төлөө өнөөгийн залуус бид тууштай ажиллаж, шударга ёсыг нийгэмд тогтоохоо илэрхийлж байна. МАХН-аар овоглож, улс эх орныхоо төлөө зүтгэж ирсэн үе үеийн ахмад, азай буурлууд та бүхнийхээ зүтгэлийг бид хэзээ ч мартахгүй, бас орхихгүй шүү гэдгийг хэлье.