Улс төрд “С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар эргэн ирж хүчээ хавсаргах гэж байна” гэсэн хардлага хэвлэлүүдээр гарах  боллоо. Энэ талаар МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Саулегаас тодрууллаа.

 

 

 

 

С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар улс төрд хүчээ хавсаргаж орж ирэх нь гэсэн яриа сүүлийн үед газар авах боллоо “Зүүний хүчний холбоо”-ны хурлын эргэн тойронд ч бас нэлээд халуухан сэдвүүд өрнөж байна.  Энэ талаар та бидэнд тодорхой хариулт өгөөч?

Харин уншаад гайхаад сууж байна. Нэр нь дурьдагдаад байгаа улс төрчид  олны анхаарлын төвд байдаг хүмүүс л дээ. Энэ хэдийг маань нэг бол дуугүй алга боллоо гэдэг,  харагдахаар бас янз бүрийн таамаг дэвшүүлээд эхлэх юм. Хэвлэлээр яригдаад байгаа С.Баяр, Сү.Батболд , У.Хүрэлсүх нар нийлээд нэг баг болж дараагийн намын даргаар У.Хүрэлсүх даргыг болгох гэж байна гэдэг ташаа мэдээлэл. Ийм асуудал яригдаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

“Зүүний хүчний холбоон”-ы тэргүүн нь У.Хүрэлсүх учраас  зарим хүмүүс  намын дэргэдэх төрийн бус байгууллага гэж ойлгоод байдаг. Ер нь хамаарал хэр вэ?

“Зүүний хүчний холбоо”  бол бие даасан, олон жил үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар ирсэн ТББ.  Олон ч гишүүдтэй. Аль ч давхаргын хүн энэ байгууллагын гишүүн байж болдог.

Тэгвэл яагаад танай намын томчууд бүгд энэ байгууллагын хуралд ач холбогдол өгөв, олон хүн гишүүнээр элсэж байгаа харагдсан ?

“Зүүний хүчний холбоо”-нд  хүчирхэг  сэхээтнүүд элссэн, урьд  нь ч мундаг гишүүд  их байсан байна лээ. Бага хурлын гишүүнийхээ тоог нэмээд 301 гишүүнтэй боллоо.  Би хувь хүний нүдээр харахад энэ байгууллагыг ахалж байгаа У.Хүрэлсүх хэр нэр хүндтэй байгааг  иргэд яаж хүндэлж, хүлээж авч байгааг энэ удаагийн хуралд оролцогсод харуулсан.  Улс төрд ер нь У.Хүрэлсүхийн орон зай үгүйлэгдэж байгаа шүү.

 М.Энхболд дарга хуралд ирж оролцсон гэсэн. Ё.Отгонбаяр, Сү. Батболд нар яагаад ирсэнгүй вэ ?

Хурлын үеэр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд өөрийн биеэр хүрэлцэн ирж бага хуралд амжилт хүсэж үг хэлсэн. Сү.Батболд, Ё.Отгонбаяр гишүүд Социнтерний хуралд оролцож байсан учраас хуралд амжилт хүсэж баяр хүргэсэн цахилгаан ирүүлсэн.

Хурал хоёр өдөр хуралдсан. Оройн арга хэмжээнд манай зөвлөхүүдийн танхимын бараг бүх гишүүд оролцсон.

Танай намын томчуудаас нэлээд олон хүн ирсэн учраас тэднийг улс төрийн “хор” найрууллаа гэж хардаад байгаа юм биш үү?

Н.Багабанди, С.Баяр, Д.Дэмбэрэл, Г.Нямдорж, Ш.Гунгаадорж, Д.Идвэхтэн, Г.Очирбат , Д.Лүндээжанцан болон  Их хурлын гишүүд байсан.

Хэвлэлийнхнийг буруутгаад байх зүйлгүй л дээ. Тэд таамаг л дэвшүүлсэн байх. Намын даргыг өөрчилье,  “Би дарга болмоор байна”  гээд  гүйж яваа хүн байхгүй ээ.   Нэр дурдагдаад байгаа  улс төрчид маань бүгд М.Энхболд даргыгаа дэмжиж 2016 онд ялалт байгуулахын төлөө ажиллаж байгаа. Харин ч нам ялагдсан үед манай дарга нар атгасан гар шиг нийлж, нэгдэж бие биенээ дэмжиж ажиллаж байгаа гэдгийг ямарч хачиргүйгээр  хүргэе.

 С.Баяр, Сү.Батболд, М.Энхбод нар өмнө нь бүгд засаг толгойлж байсан. Гэхдээ тэдний засгийн газрын талаар та алдаа оноог нь шулуухан хэлнэ биз?

 Шүүмжлэхээ хүрвэл би хэнийг ч шүүмжлээд явдаг. Алдаа оноог нь хэлчихдэг. Тэгж байж улс төр гэдэг эрүүл байна шүү. Дээр нэр дурдсан дарга нар бүгд УИХ –ын дарга, Ерөнхий сайд байсан эрхэмүүд. Ямарч байсан энэ хүмүүсийн үед одоогийнх шиг замбараагүй, сул дорой, мэргэжлийн бус Засгийн газар байгаагүй . Төрийн алба нь төрлийн алба болж, зурагт асаах болгонд хүний амь үрэгдлээ гэдэг муу мэдээг өдөр болгон сонсдоггүй байсан шүү.

 Гэсэн хариултаар цөөн хором ярилцсан тодруулга маань өндөрлөлөө.