Чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай үргэлжилж байна
2014/10/01
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр тогтлоо.
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэхүү хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хаалттай үргэлжлүүлэхээр болов.
Төмөр замын бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдсэний дараа УИХ дахь намын бүлгүүд, бүлгүүдийн хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороохуралдан Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ хэмээн УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн.
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай асуудлыг яаралтай хэлэлцэн шийдэж өгөх хүсэлтийг Ерөнхий сайд тавьсан учир дараалал харгалзахгүй хэлэлцэхээр болсон гэдгийг УИХ-ын дарга онцлоод Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийнэ хэмээн мэдэгдлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай үргэлжилж байна