Дархан-Уул аймгийн Дархан сумын  долоодугаар цэцэрлэгт гэдэсний хурц халдвар гарч 60 хүүхэд хоолны хордлого болжээ.   Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгийн 2-3 насны хүүхдүүд халуурч суулган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. 600 хүүхэд эмнэлэгт хандсанаас 35 нь хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд зургаан хүүхдийн биеийн байдалд хүнд байсан юм.  Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүд бүгд эмнэлгээс гарч, эмчийн хяналтад орсон байна.  

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн өглөө, өдрийн хоол болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байна. Хариу өнөөдөр албан ёсоор гарах юм.  

Урьдчилсан байдлаар Дархан –Уул аймгийн Дархан сумын долдугаар цэцэрлэгийн бохир хальж, дагтаршсан байснаас халдвар гарсан гэх дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар халдвар гарсан  тус цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон юм.

Дархан сумын долоодугаар цэцэрлэг нь 413 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ сарын 25-ны өдөр буюу хордлого гардаг өдөр 280 хүүхэд цэцэрлэгт ирсэн байжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа