Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг БНСУ-ын иргэн болох гэж байгаа тухай шуугиан ихээхэн асуудал үүсгэх боллоо. Сонирхолтой нь энэхүү шуугианыг Монголчууд дэгдээсэнгүй. Харин Солонгосчууд анх гаргалаа. БНСУ-ын хэвлэлүүд үе үе Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг юу хийж байгааг мэдээлж ирсэн. Н.Энхбаярыг буддын сүмд бясалгал хийх болсон, БНСУ-ын буддын шашны тэргүүнтэй уулзсан, Ганжуур, Данжуурыг орчуулж эхэлсэн, БНСУ-ын улс төрчидтэй уулзалт хийсэн, гадуур зугаалж явсан гэх мэт ээлж дараалсан олон мэдээллийг Солонгосын хэвлэлээс л орчуулан манайхан нийтэлдэг болоод удлаа. Хамгийн сүүлд л гэхэд Н.Энхбаярыг БНСУ-ын иргэншил хүссэн тухай мэдээллийг тус улсын өдөр тутмын болон өдөр тутмын бус хэвлэлүүд, телевизүүд, сайтууд мэдээлэв. Мэдээллийн хил хязгаар алга болсон учраас манайхан дор нь орчуулан хүргэж ард түмний дунд маргаан үүсгэлээ.

    Зарим нь Н.Энхбаяр БНСУ-ын иргэншил хүсээгүй. Харин орогнол хүссэн гэж баахан зарлав. МАХН-ынх нь удирдлагууд ч яаран сандран мэдээлэл хийж залруулав. Ийм мэдээлэл тарсан өглөө Н.Энхбаяр БНСУ-аас утасдаж намынхаа гишүүдийг яаран залруулга хийхийг үүрэг өгсөн гэж эх сурвалж мэдээлэв. Түүний үүргийн дагуу МАХН-ынхан уг мэдээлэл худлаа болохыг зарлав. Бас БНСУ-ын элчин сайдын яаманд ч хандав.

    Энэ бүхнээс дүгнэж үзвэл Н.Энхбаяр БНСУ-ын иргэн болсон гэсэн мэдээллийг Монголчууд тараагаагүй бололтой. Эрх баригчид ч, сөрөг хүчин ч ийм асуудлаар тоглоом хийхгүй л дээ. Тэгэхээр хэн байхав гэдэг асуудал урган гарч байна. Ажиглагчдын үзэж байгаагаар бол БНСУ-ын тал Н.Энхбаярыг нутаг буцаах хүсэлтэй учраас ийм санаачилга дэвшүүлсэн гэнэ. Олон хүн ийм байр сууринаас асуудалд хандаж байна. 

Untitled

    Н.Энхбаяр БНСУ-д удаан хугацаанд байх нь тус улсын улс төрчдийн анхаарлыг ихээр татах болжээ.  Учир нь БНСУ-чууд авлигалын асуудалтай ихээхэн зоримог тэмцэж байгаа. Ийм тэмцэлийг дотооддоо өрнүүлж байхад Монгол Улсдаа авлигалын асуудалд орооцолдсон Ерөнхийлөгч байсан хүнийг байлгаад байх нь зохимжгүй гэсэн шүүмжлэлийг зарим нэгэн тэрс үзэлтнүүд гаргасан бололтой. Тэгээд л Н.Энхбаярыг БНСУ-ын иргэн болох гэж байгаа гэсэн бор шувууг нисгэсэн байж мэдэх юм. 

    Хэрэв энэхүү гаргалгаа үнэн бол Н.Энхбаяр тун удахгүй эх орондоо ирж шинээр эрүүгийн хэрэг үүсгэсэн хоёр ч асуудлынхаа учрыг олж, улс төрийн шинэ тэмцлээ өрнүүлэх нөхцөл байдал үүслээ.  Харин зарим нь Н.Энхбаяр өрөвдүүлэх ээлжит ажиллагаагаа өрнүүлээ. Удахгүй "намайг БНСУ-ын иргэн болгох гэж үзлээ. Би эх орондоо хайртай. Эх орноосоо хаашаа ч явахгүй. Өвдөж зовож явахад хүртэл ингэж гүтгэлээ" гээд ард түмнээрээ өрөвдүүлээд гараад ирнэ гэсэн хардлагыг үүсгэлээ. Алин боловч Н.Энхбаяр ерөнхийлөгч наашлах цаг болж байгаа бололтой.