- С.Эрдэнийн вант улс хэмээн яригдаад байгаа БГД-т эрх мэдэлтэнд таалагдаагүй л бол хохирох ажээ. Харин эрхээ хамгаалсан нэгнийг дарахын төлөө цагдаагийн даргатайгаа нийлээд хууль зөрчдөг ажээ. - 

Нийслэлийн Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хорооллын “Бэгдү” орон сууцны цогцолбор хотхон 2001 оны Нийслэлийн Засаг даргын барилга барих захирамжийн дагуу барилгын ажил гүйцэтгэж ирсэн байна.  Улмаар  2006 оны 10-р сарын 24-ны өдөр Мэргэжлийн хяналтын газраас 2006/161 тоот барилга  угсралтын  ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан бөгөөд дуусгаж чадалгүй барилгын ажил удааширчээ.  Улмаар 2014 онд зохих бүх зөвшөөрлийг дахин сэргээж 2014 оны 5-р сараас барилгаа дахин барьж эхэлсэн байна.

Тэгтэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор  Н.Нацагдорж үндэслэлгүйгээр барилгын ажлыг  эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тул  үүнийг эсэргүүцэн “Бэгдү констракшн” Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд улмаар энэ хэрэгт  Захиргааны хэрэг үүссэн байдаг.  

 

 

Ингэж захиргааны хэрэг үүссэн байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын  дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор  Н.Нацагдоржийн гаргасан  мэдэгдэл нь тодорхойгүй хугацаанд хүчингүй болж байгаа гэсэн үг юм.  Тэгтэл Баянгол дүүргийн цагдаагийн  II  хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Доржпалам өнгөрсөн амралтын өдөр буюу ажлын бус цагаар,  албан бичгийн шаардлага хангаагүй  албан мэдэгдэл явуулж , шүүхээс давсан эрх мэдэлтэй шиг аашилж, хуулийн мэдлэггүйгээ гэдгээ харууллаа.  

 

Түүний энэхүү үйлдэл нь хэд хэдэн хуулийн заалт зөрчиж байгаа бөгөөд  энэ талаар  өмгөөлөгч Г.Батбаяраас  тодрууллаа. 

-  Энэхүү албан мэдэгдэл учир дутагдалтай байгаа талаар та тайлбар хийнэ үү?

-  Баянгол дүүргийн II  хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Доржпалам албан мэдэгдлийг 2014 оны 10 дугаар сар 12-ны ням гарагт өдөр гаргасан байна л даа. Эрх бүхий байгууллагаас гарч байгаа албан бичиг ажлын цагаар, шаардлага хангасан, ашиг сонирхолын зөрчилгүй байх ёстой.

- Хойшлуулашгүй ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлын хүрээнд ингэж гарсан байх боломжтой юу?

-  Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажилтай ямар ч хамаарагүй.  Хойшлуулашгүй ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд нь эрүүгийн гэмт хэрэг,  хэв журмны зөрчил зэрэг ордог.

- Захиргааны хэрэг үүсчихээд байхад Баянгол дүүргийн цагдаагийн  II  хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Доржпаламын энэ үйлдлийг хэрхэн дүгнэж байна вэ?

- Захиргааны акттай холбоотой энэ шийдвэрийг Ш.Доржпалам хурандаа ажлын цагаар Захиргааны хэрэг үүссэн  шүүгчийн захирамжийг харж, мэргэжлийн түвшинд дотоод итгэд үнэмшилдээ тулгуурлаж гаргах ёстой.

Бид барилга барих зөвшөөрлөө авсан байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас иргэдийн үндэслэлгүй гомдлыг үндэслэн зөвшөөрлийг цуцалсан. Үүнийг нь хууль бус гэж үзээд шүүхэд хандсан. Шүүхэд хандаад өнөөдөр Захиргааны хэрэг үүсчихсэн байгаа.  Захиргааны  хэрэг үүссэн тохиолдолд энэ нь Захиргааны маргаан болоод хувирчихаж байгаа юм. Тэгэхэд Захиргааны маргаан гараад шүүх дээр хэлэлцэгдэж байгаа хэргийг Ш.Доржпалам хурандаа нь Нийслэлийн Ерөнхий төлөвөлгөөний газрын шийдвэр бол хүчин төгөлдөр, Захиргааны хэргийн шүүгчийн гаргасан захирамж хууль бус гэсэн үнэлэлт дүгнэлт өгсөн.  Ш.Доржпалам хурандаа нь өөрөө ийм үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй субекьт байж албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж хууль мэдэхгүй байгаагаа  бусдад харуулж байгаа хэрэг.

Ш.Доржпалам хурандаагийн гаргасан энэхүү хууль бус шийдвэрээс болоод иргэд болон барилга барьж байгаа иргэдийн хооронд зөрчил үүсээд байгаа. Иргэд гээд гурван хүн явдаг. Тэр гурав 102-т дуудлага өгөхөөр  Ш.Доржпалам хурандаа ороод ирдэг. Улмаар гэмт хэрэг гарах  нөхцөл бололцоог бүрдүүлчихэж байгаа юм.  Цагдаа нар ирэнгүүт иргэд “дэрвээд” мод чулуу бариад барилгачид руу дайрдаг. Ажлаа зүгээр хийж байгаа хүмүүсийг зодоод л цагдаа нь хүртэл “Та нар гомдлоо гарга л даа яаав л гэж” гээд л зогсож байдаг.  Манай нэг хүнийг цагдаагийн нүдэн дээр зодсон. Тэгтэл цагдаа дуугүй харчихаад, салгаад л яваад өгсөн.  

Үнэндээ  энэ хэрэгт  БГД-ийн ЗД Д.Оросоо болон Ш.Доржпалам хурандаа нарын далдын ашиг  сонирхол үйлчилж байж магадгүйг харуулж байна. Яагаад гэвэл Ш.Доржпалам хурандаа улайран зүтгэх ямар шаардлага байна?  Яагаад хууль бус үнэлэлт дүгнэлт өгөөд байгаа юм? Бид нар үүн дээр нь гомдол гаргасан. Яагаад гэмт хэргийн шинжгүй дуудлаган дээр, захиргааны маргаантай, акттай хэрэг дээр цагдаа ирж оролцоод, албан  тушаалаа ашигласнаас болоод гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлээд байгаа юм бэ? Энэ хүний  ёс зүй таарахгүй байна. Энэ хүнд арга хэмжээ  авч өгнө үү гэсэн албан бичгийг бид нар өгчихөөд байгаа. Цагдаа бол нийгмийн хэв журмыг сахин хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тэгтэл хүрч ирээд гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлчихэж байгаа юм. Зүйн нь шүүхэнд хандаад асуудлыг шийдвэрлэх боломжтойг тайлбарлах хэрэгтэй шүү дээ. Бид эрхээ хамгаалах эрхтэй.

Энэхүү  хууль бус үйлдлээ Ш.Доржпалам хурандаа  ухаараагүй бололтой. Өнөөдөр өглөө барилгын ажил хийгдэж буй газрын  хашааны үүдэнд цагдаагийн машин байрлуулсан байна.  Энэ нь БГД-ийн Засаг дарга Д.Оросоогийн хийж байгаа ил, далд  үйлдэл гэнэ.  Тэрбээр өөрт нь таалагдаагүй  хэн бүхэнд ийнхүү сүрийг үзүүлж, хууль зөрчсөн цөөнгүй үйлдэл гаргасан байдаг.

Д.Оросоо гэх БГД-ийн ЗД-д таалагдаагүй гээд цагдаа нь шүүхээс давсан эрх мэдэлтэн шиг том толгойлж, Засаг дарга нь  өөрөө хууль зөрчөөд байх нь  хэр ёс зүйтэй үйлдэл юм бол доо. Нийслэлийн дарга цэргүүд нь энэ асуудлыг анхааралдаа авна бизээ...

А.Баярмаа