Ц.Нямдорж: Монгол төрд ид далд шантааж арай хэтэрлээ
2014/10/13
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн барьсан бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Гэхдээ Засгийн газар шинэ бүтцийн яамдад томилох сайд нарын нэрсгүй, хэдэн яамдад хэдэн сайд ажиллахыг жагсаасан хүн болгоны мэдэх төсөл оруулж ирсэн нь байнгын хорооны хуралдаанд гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн юм. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүний хуулийн төслийг сайд нарын томилгооноос салгаж өргөн барьсан нь шүүмжлэл дагуулав.
Зургаан яамыг гурав болгосон, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам байгуулсантай холбогдуулан долоон сайд чөлөөлөгдөж, дөрвөн сайд томилогдох асуудлыг оруулна гэснээс өөрөөр Ерөнхий сайд сайд нарын нэрсийг хэзээ УИХ-д оруулж ирэх хугацаагаа тодорхой хэлсэнгүй. Ингээд гишүүд дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд ийм байр суурьтай байлаа.
Ж.Батзандан: Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин огцрох байлаа
-Бид нэг ажлыг гурван удаа хийх гэж байна. Бүтцийг баталсан, бүрэлдэхүүнийг батална, дараа нь сайд нарыг томилох нь. Ер нь бичиг баримт боловсруулдаг, бичиг үсэгт тайлагдсан хүн ЗГХЭГ-т байна уу. Оруулж ирсэн төслөө нэг харчих даа. Нуль алдаа. Бид Засгийн газарт косметик засал хийж макс зүүгээд өнгөрөх гээгүй. Засгийн газарт муу ажиллаж байгаа сайд нарт хариуцлага тооцох тухай л ярьж байгаа. Ажлаа сайн хийсэн учраас зарим яамдыг татан буулгаж байгаа гэж худал ярихаа та нар зогсоох хэрэгтэй. Сар болгон хууль зөрчдөг Хууль зүйн сайдтай, стандартын шаардлага хангахгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг Эрүүл мэндийн сайдтай байх юм уу. Спортоо дэмждэггүй спортын сайд байх ёстой юм уу. Эдийн засгийг дампууруулдаг Эдийн засгийн хөгжлийн сайдтай байх ёстой юм уу. Ийм байдлаар хол явахгүй. Засгийн газрын оруулж ирж байгаа бүтэц, бүрэлдэхүүн бол зүгээр л косметик засал. Максныхаа өнгийг л сольж байгаа хэрэг. Бид шинэчлэл хийх гэж байгаа суурь шинэчлэл хийх хэрэгтэй. Гүн гүнзгий өөрчлөлт хийх хээргтэй. Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд Японд байсан бол 1000 дахин, Ч.Сайханбилэг шиг сайд Америкт байсан бол 100 дахин огцорсон байх байлаа. Тэгэхээр та бүхэн ажилдаа хариуцлагатай ханд, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор. Энэ янзаараа улс орон өөдлөхгүй нь.
С.Бямбацогт: Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм
-УИХ-д хууль тогтоол өргөн мэдүүлэх журмын тухай хууль гэж бий. Тодорхой шаардлага шалгуур хангасан хуулийн төслийг хүлээж аваад холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэх ёстой. Өнөөдөр ийм зөрчилтэй хуулийн төсөл өргөн барьсан байна. Засгийн газар хуулиа мэддэггүй юм уу, эсвэл чадваргүй юм уу, Ч.Сайханбилэг даргын хариултаас үзэхэд зөрчилтэй хууль өргөн барьсныгаа хэлэлцүүлгийн явцад арилгачихъя гэж байна. Сайд нарыг чөлөөлөх асуудлыг давхар оруулж ирэх ёстой байсан. Шинэ хуучин хоёр зөрчилтэй хууль хүчин төгөлдөр үйлчлэх гээд байна. Яам нь татан буугдсан мөртлөө сайдын эрх нь хэвээр байна. Салбарын асуудлыг хэлэлцэхээр яах ёстой юм бэ. Бид Засгийн газрыг Төсвийн төслөө татаж ав гэхээр хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьчихаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг болохоос хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж болдоггүй юм. Тамгын газар үүнд анхаарах хэрэгтэй. Засгийн газар хуулийн төсөл өргөн барихдаа зөрчилгүй байх талд нь анхаарч болдоггүй юм уу.
М.Энхболд: Цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна
-Энэ асуудлыг яаралтай хэлэлцэхийг дэмжиж байна. Ер нь цаг үеэ олоогүй бүтцийн асуудал улс орны ажил амьдралыг хүндрүүлж байна. Есдүгээр сарын 6-ны өдрөөс өнөөг хүртэл яам, тамгын газарт ажил хийдэг, асуудал шийддэг хүн гэж байхгүй боллоо. Уул нь өдийд Засгийн газар намрын ургац, тариа будаа, өвөлжилтийн бэлтгэл ажлаа ид хөөцөлдөж байх ёстой л доо. Гэтэл гэнэт цочсон юм шиг бүтцээ өөрчилнө гээд хэлчихсэн. Өмнө нь бүтэц, бүрэлдэхүүний асуудал УИХ-аар хамт гардаг байсан. УИХ аль болох Засгийн газрын ажлыг дэмжиж хурдан асуудлыг шийдэх тал руугаа байгаа. Гэтэл нэг хуулийн төсөл өргөн бариад долоо хонодог, бас дахиад л долоо хонодог. Бүрэлдэхүүний төслийг батлаад өгөхөөр дахиад долоо хонох уу. Ингэж цаг алдаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна. Хэрвээ улс орны төлөө ажиллая гэж бодож байгаа бол Засгийн газар, Ерөнхий сайд асуудлыг түргэн шийдмээр байна. Хэзээ байхдаа ингэж уддаг байсан юм бэ. Би Ерөнхий сайдаар томилогдоод маргааш нь сайд нараа оруулж хоёр хоногийн дотор танхимын сайд нар бүрдэж байсан. Та нар шалтаг шалтгаан хэлээд фракцдаа уягдаад байх юм. Цаана чинь улс орны ажил гэж бий шүү дээ. Хөдөө явж ард түмний амьдралтай танилц, тариаланчидтай уулзаад үз. Ажил амьдрал нь хүнд болчихоод байна. Яам тамгын газраар яваад үз. Ямар сайд байх вэ гэдгээс болоод цаана чинь төрийн бүх ажил суларчихаад байна. Ингэж удвал засаглалын хямралд ойртох нь байна шүү.
Ц.Нямдорж: Элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй
-Бакей дарга аа, санал хураалгаад урагшаа явуул. Алтанхуяг өнөөдөр сайд нарын асуудлаа оруулж ир. Янз бүрийн фракц, эвсэл гээчийн элдэв шантаажаас болж засгийн ажил хохирох ёсгүй. Өнгөрсөн хоёр дахь өдөр шийдвэр ерөнхийдөө гарсан байсан. Цааш ажлаа явуулах бололцоо байсан. Монгол төрд ид далд шантааж арай хэтэрлээ. Би муу нэр зүүж шантаажны эсрэг 20-иод жил тэмцлээ. Дуртай болгон нь шантаажилдаг, цаад талд нь амин хувийн асуудлаа шийдүүлдэг арчаагүй юмнаасаа УИХ-ын гишүүд хэзээ гарах юм бэ. Шударга ёс ярьж байгаа хүмүүс чинь цаанаа амин хувийн асуудлаа л шийдүүлэх гэдэг. Банкны зээл, хүнийг ажилд тавих, ах дүү нараа энд тэнд шингээх, тендер гэх мэт асуудлыг шийдүүлэх гэдэг шүү дээ. Нууц биш. Бүрэлдэхүүний өөрчлөлтийг далимдуулдж балиар юмаа хийх гэж байна. Би амьд байх цагтаа, УИХ-ын гишүүн байгаа цагтаа монгол төрийн гал голомтыг самрах оролдлогыг чадан ядан эсэргүүцнэ. Ардын намын төр байна уу, Ардчилсан намын төр байна уу гэдэг бол хоёрдугаар зэргийн асуудал.
Энэ шантааж, луйвар, хуйвалдаан, заваан юмнаас холдвол яасан юм бэ.Цаана чинь дандаа бие биеэ хорлох гэсэн ажиллагаа, булхай явагдаж байгаа. Бид нэг хүнд тангараг өргөөгүй шүү. Монгол төрийн төлөө зүтгэнэ гэсэн биз дээ. Фракцын гишүүдээ тал тал тийшээ авч гүйгээд, хариу унагах гэсэн үйлдэл бүтэн сар энэ ордонд явагдлаа. Би монгол төрийн төлөө зүтгэнэ гэж тангараг тавьсан хүн. Гишүүд ч бүгд тэгж тангараг тавьсан байх.
А.Бакей: Ц.Нямдорж гишүүний үгэнд алга ташилт өгье
-Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүний хувьд Ц.Нямдорж гишүүний хэлсэн үгэнд алга ташилт өгмөөр байна. Үнэн үг хэлсэн учраас. Төсөв хэлэлцэх үе тулсан үед сайд нарын томилгооны асуудлыг яаралтай оруулж ирэх ёстой шүү.
зочин · 2014/11/10
Ардын намынхан Нямдоржийгоо үнэлэх хэрэгтэй. Нэг үе Нямдорж гуайг мохоох гэсэн ардчиллынхны хар пиарт ард түмэн төдийгүй ардын намынхан нь ч итгэж үн.энч нөхрийгөө гомдоож явсан байх Үнэн явбал үхэр тэргээр туулай гүйцнэ Нямдорж даргаа та битгий ухраарай.Бас ухаангүй журмын нөхдөө уучилж урьдын хэвээр байгаарай өс санавал өнөөх нам маань хохирч бусдын зууш болно. Тиймээс хэн нэгэн ухаангүй удирдагч бол ардын нам биш гэдгийг санаарай
Зочин · 2014/10/17
Nyamdorj gyai unen ugee helj tsochiroo ogch baigaarai tumen olniihoo toloo gesen chin setgeleeree zutgeerei
zochin · 2014/10/17
Batzandan bolon Nyamdorj gishuudiin helsen ugend uneheer algaa tashmaar bolj ba, unen hezeed yaldag jamtai. Nooronhoi muu ard tumen chini bas ch gej unen moniig yalgah melmiitei yum shuu.
Зочин · 2014/10/15
Yag tiim
Зочин · 2014/10/14
Архи, Алтанхуяг 2 оос болж монгол сүйрэхнээ
Зочин · 2014/10/14