Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол Нора Дагва буюу Д.Оюунномин.

Дэлхийд алдартай “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож, Сингапурын загварын агентлагт ажиллаж, Миланы “Flash model management agency”-д харьяалагддаг байсан. Тэрбээр эх орондоо ирээд жил гаруйн хугацааг өнгөрөөгөөд буй олон улсын хэмжээний загвар өмсөгч.

Тэрбээр дэлхийн тавцанд үнэлэгдэж буй шилдэг дизайнер Цоло Мөнх, Ариунаа Сйүри нартай хамтарч ажиллаж Милан, Парисын тайзнаа алхаж, алдарт CHANEL, HERMES, MAXMARA-н хувцсыг амилуулсан анхны Монгол модель.

Саяхан Нора Дагва өөрийн цахим хуудаснаа "Модель охидууд бөөн бөнөөрөө л миссийн тэмцээнд орох юм. Сүүлдээ ямар л тэмцээн зохиогдоно түрүүнд л тууж явна. Заримдаа боль гэж хэлмээр санагдавч хүний хүсэл шүү дээ гээд хэлдэггүй гэхдээ юм юм руу үсчиж явахаар нэг чиглэлээ тууштай дагавал илүү дээр. Миссийн тэмцээнд цаг мөнгөө үрж байхаар англи хэлээ сайн сураад, фиттнесд мөнгөө зарцуулж цаашид илүү мундаг агентлагт орж мэргэжлийн карьераа ахиулж дэлхийд гарах талаараа хичээж хөөцөлдвөл олдог цалин ч өндөр. Олон орноор явж юм үзэж нүд тайлж, тархи толгойгоо задалж бие даах нь өөрт илүү үлдэцтэй том хөрөнгө оруулалт болох юм болов уу гэж хувтдаа боддог. Ер нь жинхэнэ мэргэжлийн моделиуд миссийн тэмцээнд оролцоод байдаг Монголоос өөр газар хараагүй" хэмээн нийтэлсэн юм. 

Түүний энэхүү зөвлөгөө модель, миссээ ялгахгүй байгаа бүсгүйчүүдэд нэгийг бодуулж, хоёрыг тунгаахад нь тус болох нь дамжиггүй. 

Д.Ана