Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, Автотээврийн үндэсний төв хамтран ажиллана
2014/10/15
Автотээврийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиуд, Зам тээврийн сайдын 2013 оны 232 дугаар тушаалаар батласан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ыг хэрэгжүүлэх, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас гарч байгаа зам тээврийн осол зөрчил болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, Автотээврийн үндэсний төвүүд нь 2014 оны 10 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулж байна.
Уг гэрээгээр:
- Автотээврийн тухай хуулийн болон Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг зөрчсөн жолооч нарт ЗХУТөвөөс ногдуулсан торуулийг бүрэн барагдуулсаныг үндэслэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олголт, техникийн хяналтын үзлэг хийх;
- ЗХУТөвийн зөрчлийг баримтжуулсан торгуулийн мэдэгдэх хуудасны хавсралтанд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох, техникийн хяналтын үзлэгт дахин орох хугацааны талаарх мэдээллийг тусгах;
- Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт ороогүй, орох хугацаа хэтэрсэн болон орсон боловч стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцох үед нь хяналтын камерын тусламжтай илрүүлж, холбогдох торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэшигчид хүргэх;
- Нийт техникийн хяналтын үзлэгт орох хугацаа хэтэрсэн тээврийн хэрэгсэл эзэмшигчидэд гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргэхээр харилцан ойлголов.