Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт боллоо
2014/10/22
2014 оны 10 сарын 17-20-ны өдрүүдэд БНХАУ-ын Манжуур хотод Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт боллоо. Энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол-БНХАУ-ын аялал жуулчлалын форум”-ын үргэлжлэл болсон энэ удаагийн уулзалтаар БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагуудад Улаанбаатар хотын үзмэр, бүтээгдэхүүнийг танилцууллаа. Манжуур нь ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт, дэд бүтцийн зангилаа төдийгүй сүүлийн жилүүдэд БНХАУ-ын засаг захиргаанаас амралт, аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлж буй хот юм. Тус хотод жилд 4,6 сая жуулчин ирж, аялал жуулчлалаас 6,9 тэрбум юанийн орлого олдог байна. 2013 оны 10-р сараас “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Чойбалсан-Манжуурын чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх болсноор хоёр бүс нутгийн хооронд иргэд зорчих нөхцөл бүрдсэн бол ОХУ-ын иргэд манай улсад 11-р сараас эхлэн визгүй жуулчлах болсонтой холбогдуулан ОХУ-Манжуур-Улаанбаатар-ОХУ гэсэн хил дамнасан аяллыг зохион байгуулах боломж бий болж байгаа юм. гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.