"Монгол реппэр" гэхэд л та бүгд Gee гэж нэгэн дуугаар хэлэх биз ээ. Тиймээ, реппер Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлээ базааж эхлээд удаж байгаа. 

Тоглолт энэ сарын 14-нд “UB palace”-ын Royal танхимд “Gee юуны төлөө” нэртэйгээр өөрийн үнэнч фэнүүдтэйгээ бут авахаар товлосон. Түүний тоглолт 100 хувь амьд хөгжимтэй болох бөгөөд “X Vit” хамт­лагийнхан, хип хоп Dj Заяа нар оролцох юм.

Тэрбээр тоглолтын ивээн тэтгэгчээ хайж байгаа талаар өөрийн цахим хуудаснаа өнгөрсөн сард нийтэлж байсан билээ. Тэгвэл түүнтэй хамтарч ажиллах тал дээр санал нийлээгүй аж. Учир нь ивээн тэтгэгч нар "ашиг"-ийг илүүд үзсэн тул реппер GEE үүнийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Энэ талаар GEE "Ер нь энэ зах зээл, ардчилсан нийгэмд хамтарч юм хийе гэхээсээ илүүтэй ашиглая гэсэн хүмүүс олон болчихож. Тэртээ тэргүй тоглолт болдгоороо болно. Зарим хүмүүс “Өөртөө ашиггүй тоглолт хийлээ. Яах гэж ийм ашиггүй тоглолт хийдэг байна аа. Тэнэг хүн ч ашгаа бодно. Наад нөхөр чинь ашгаа зардал дээрээ нэмчихсэн л байгаа” гэх мэт зүйл яриад байгаа. Би тэднээс асуумаар байна ашиг гэж юу юм. Ашиг гэдэг тэр зүйл нь бурхнаас том шүтээн юм уу. Аав, ээжээс чинь илүү ачтан юм уу. Зарим хүмүүс амьдрах гэдгээ мартаад ашгийн төлөө яваад байна. Дээр сууж байгаа зарим нэг хүмүүс ч гэсэн ашгийн төлөө биднийг, ирээдүйгээ зараад л байна. Тэр ашиг нь тийм сайхан юм уу. Ашиггүй байлаа гээд миний өмнөөс боож үхэх гээд байх юм.

Үүнийг би гайхаад барахгүй нь. Хамгийн гол нь би залуу байна. Сонсогчид маань Т.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг гэр бүлтэй нь олон жил тэжээлээ шүү дээ. Тэдэнд энэ зэргийн хөнгөлөлт байх л зүйл. Тэгэхэд би яагаад тэднээс тэр ашгийг нь хайх ёстой гэж. Миний нас залуу байна яахав дараа ашгийн төлөө юм хийх цаг ирэх л байлгүй" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 “Gee юуны төлөө” тоглолтын тасалбар 18680 төгрөгөөр худалдаанд гарчээ. Дашрмад дуулгахад, түүний тоглолт суудалгүй болох бөгөөд "босоо" амьд хөгжимтэй болох юм.

Д.Ана