Залуучууд эдийн засгийн хямралын асуудлаар зөвлөлдөж байна
2014/11/06
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хямарч, ард иргэдийн амьдрал ахуй дордож байгаа эгзэгтэй хүнд цаг мөчид Нийслэлийн НАМЗХ-ны дүүрэг, хорооны салбар зөвлөлийн залуучууд эдийн засгийн хямралыг улс орон, ард түмний амьдралд хохирол багатайгаар давах арга замын талаар санал бодлоо солилцож, төр, засгийн удирдлагуудад нийслэлийн залуучуудын дуу хоолойг хүргэх зорилгоор зөвлөлдөж байна.
Нийслэлийн НАМЗХ-ны удирдах ажилтны зөвлөлгөөнд оролцогчид “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал”, “Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”, “Улс төр ба залуучууд” гэсэн гурван багц асуудлаар санал бодлоо солилцож нэгдсэн зөвлөмж боловсруулан төр, засаг, ард түмэндээ хандан уриалга гаргах юм байна.
Нийслэлийн залуучууд дээрх гурван багц асуудлын хүрээнд:
- Дараагийн Засгийн газраа цомхон чадварлаг бүтэцтэйгээр байгуулж, төрийн үр ашиггүй, үрэлгэн зардлыг багасгах;
- Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, нийгмийн эмзэг бүлгийнхэнд тусалж дэмжих, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг өдөртэй болох;
- Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогыг УИХ яаралтай батлаж, залуучуудын эрх ашгийг хамгаалах хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх;
- Залуучуудад улс төрийн дэмжлэг үзүүлэх боломж нөхцөлийг дан ганц телевизийн шоу хөтөлбөр, цэнгээнт нэвтрүүлэг төдийхнөөр хязгаарлахгүй байж, улс төрийн тэгш оролцоог хангах;
зэрэг сэдвээр санал бодлоо солилцох юм байна.