Н.Алтанхуягийн багийнхан 8 гишүүнийг хөөхгүй бол дараагийн Ерөнхий сайдын эсрэг ажиллана гэж үү?
2014/11/07
АН-ын дотоод зөрчил улам л гүнзгийрч байна. Н.Алтанхуягийг хамгаалсангүй гээд Р.Амаржаргал, Х.Баттулга, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, Ж.Батзандан, Д.Батцогт, М.Зоригт гэсэн найман гишүүнээ хөөчихсөн. Гэхдээ ҮЗХ-ны хурлаараа баталгаажуулна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдэгдлээ.
Энэ шийдвэр АН-ын олон гишүүдийг цочроожээ. Олонх нь ингэж болохгүй гэсэн байр суурийг баримтлах болсон байна. Сонирхолтой нь Н.Алтанхуягийн багийнхан дүрмийн дагуу зөв шийдсэн. Хэрэв тэднийг хөөхгүй юм бол бид дараагийн Ерөнхий сайдыг огцруулахын төлөө ажиллана гэж хэлсэн тухай мэдээлэл эрчимтэй тархаж байна. Энэ мэдээлэл үнэн бол АН-ын дотор дуусашгүй маргаан өрнөх бололтой.
Тэгэхээр энд нэг гарц харагдаж байгаа нь Н.Алтанхуягийн багийнхан, Н.Алтанхуягийг огцруулахын төлөө байсан гишүүд хоёр талаасаа харилцан буулт хийх явдал юм. Ийм буулт хийхэд С.Баярцогт, М.Батчимэг, Ч.Сайханбилэг гэх мэтийн ухаалаг гишүүдийн зуучлал чухал үүрэг гүйцэтгэж чадна л даа. Хэрэв тэд зуучийн үүрэг гүйцэтгэж чадахгүй бол АН-ынхан МАН-ын түүхийг давтаж байна.
Н.Энхбаяр тухайн үед намын нэр солилоо гэсэн сайхан шалтгаар нөхдөө орхиж явсан. Тэгэхэд олон гишүүн битгий тэгээч гэж мөн ч их гуйсан даа. Харамсалтай нь Н.Энхбаяр яваад зогсохгүй МАХН гэсэн хуучин нэрээ АН-ынхантай хуйвалдан авсан. Ингээд ах намынхан МАН, МАХН гэж хоёр хуваагдсан. Тэгэхэд АН-ынхан алга ташиж байлаа. Харин түүх эргэж ирлээ. МАН-ын зовлонг АН үүрч эхэллээ. МАН-ынхан хөндлөнгөөс алга ташилтын эгнээнд шилжлээ. Хэрэв АН-ынхан буулт хийлгүй 8 гишүүнээ хөөвөл гарцаагүй хоёр хуваагдана гэсэн үг. Хөөгдөж байгаа гишүүд дунд маш олон лидер бий. Х.Баттулга гэж фанатууд олонтой эр байна. Р.Амаржаргал гэж яггүй олон дагагчтай улс төрч байна. Ж.Батзандан гэж гудамжны дэмжигч олонтой залуу байна. Ингээд тооцоод үзвэл АН-ынхан дэмжигчидийнхээ бараг 40 хувийг тавьж тууна гэсэн үг. МАХН-ынхан МАН-аас 20 хувийн санал зулгаахад хичнээн их хохирол учруулсныг ард түмэн мартаагүй.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол Ардчилсан хүчний холбоо, Шонхорынхон нэг бус удаа хуралдаж нөхцөл байдлыг ярилцаж. Тэд ҮЗХ-ны хурлын шийдвэрийг харахаар болсон байна. Бас энэ хурлын менежментийг ч хэлэлцсэн гэнэ. МоАХ-ныхон ч бас хуралдаж Шонхортой адил байр суурийг баримтлах болжээ.
Ерөнхийд нь дүгнэж үзвэл АН доторх дөрвөн том фракциуд хоёр том блокт хуваагджээ. Зүүний жигүүрт Алтангадас, МҮДН хоёр гарав. Барууны жигүүрт Шонхор, МоАХ хоёр дэвэв. Бас баруун, зүүн жигүүрийн дундын дэвжээнд гарах олон хувирагчид ч байгаа гэнэ. Аль талынхан хүчирхэг байхыг хүний олноор гэхээсээ илүү ухаанаар шийдвэрлэх цаг ирэв. Н.Алтанхуягт ийм ухаан байхгүй. Бас л кнопоор явна гэж олон ажиглагчид үзэж байна.
Зочин · 2014/11/09
Bitgii xuts
зочин · 2014/11/08
дараагийн засаг тун удахгүй огцрох нөхцөл байдал үүсэх нь тодорхой. Одоо АН-аас хэнч ерөнхий сайд болсон МАН огцруулах оролдлогоо яагаад ч орхихгүй. АН-ын засгийн газрын үргэлжлүүлэх бодлого хөтөлбөр МАН-д таалагдахгүй учраас дараагийн засаг мөдхөн мааний болно. Ойлгомжтой.