Өнгөрсөн Бямба гарагт Монгол Улсын Засгийн газар хуралдах ёстой байсан ч уг хурал цуцлагджээ.
Учир нь УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан  Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч, МАХН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг томилсон тогтоол нь Монгол улсын Үндсэн Хуулийн Засгийн газрын тухай хэсгийн заалтыг зөрчсөн тул Д.Тэрбишдагва  хуралдаан зарлах, даргалах эрхгүй гэдгийг холбогдох албан тушаалтнууд сануулж, уг хурлыг хойшлуулсан аж.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар огцорсон Ерөнхий сайд дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл албан үүргээ гүйцэтгэж байх  заалтыг зөрчин баталсан уг тогтоолын төслийнх нь улмаас УИХ-ын дарга З.Энхболдыг Үндсэн Хуулийн цэцэд  өгөх гэж байгаа юм байна.
Өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо хуралдаж, З.Энхболдын гаргасан уг тогтоолыг хүчингүй болгох гэж оролдсон ч ирц нь бүрдээгүй аж.
Нэгэнт Засгийн газрын хуралдааныг  зарлах, даргалах  ч эрхгүй тул Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэх Д.Тэрбишдагва нь Ерөнхий сайдын  үүрэг гүйцэтгэгчийн хувиар  ямар ч тогтоол шийдвэр гаргах, үүрэг чиглэл өгөх эрх зүйн чадамжгүй гэсэн үг.

Ийнхүү одоогоор Монгол улсын Гүйцэтгэх засаглал албан ёсоор тэргүүнгүй, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчгүй байгаа гэж болох бөгөөд энэ нь туйлын ноцтой нөхцөл байдал юм.
Үүнээс үүдэж ямарваа  нэг сөрөг үр дагавар гарвал З.Энхболд, Д.Тэрбишдагва,  Н.Алтанхуяг нарын хэн нь  хариуцлага  хүлээх нь ч тодорхойгүй.


С.Сарнай