“Агваандамба багштаны үйлс зохионгуй” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2014/11/10
Энэ өдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд “Агваандамба багштны үйлс зохионгуй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Бэйлийн ламтан Агваандамба багштан нь нь XYIII зууны үеийн монголын сэхээтэнүүдийн сор манлай болсон олон зуун лам нар дотроос зохиол бүтээлээрээ олонд ихээхэн алдаршсан хүн ажээ. Тэрээр ард олныг хүнлэг энэрэнгүй сургаал ном, бусдын тусыг дээдэлсэн бурханлиг үйлсээрээ соён гэгээрүүлж явсанаар үл барам Энэтхэгийн эртний гүн ухааны сургаал “ Бодичарияаватара” шасдиртд тайлбар бичиж, түвэд хэлээр ном зохиол туурвиж, монголд төдийгүй гадаадад ч нэр алдар нь дуурсагдсан дорно дахины гайхамшигтай сонгодог боловсролтой хүн байжээ. Гүн ухаан , бодь мөрийн зэрэг, бурхад ба ламын налжор, бүтээл, бясалгал, залбирал, ерөөл, магтаал,сургаал, дуулал, яруу найргийн шүлэглэл, зан үйл зэрэг судар тарнийн их бага нийт 260 гаруй зохиол бичжээ. Эрдэм шинжилгээний бага хуралд МУИС, ШУА, Хэл зохиолын хүрээлэн,Түүхийн хүрээлэн ,СУИС, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, Дашчойнпэл дацан, Чой. Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн зэрэг байгуулагуудын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлсэн байна.Уг хурал нь Илдэн Бэйлийн лам Агваандамба багштны түмэн өлзий гийсний 200 жилийн ойн арга хэмжээний хүрээнд явагдаж буй бөгөөд Өвөрхангай аймгийн Өлзийт, Хужирт , Сант, Архангай аймгийн Хотонт сумын нутгийн зөвлөл, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран зохион байгуулжээ.