Увс аймагт дүүжинт өргүүрээс хүн унаж бэртжээ
2014/11/12
Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж байгаа таван давхар орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Тухайн аж ахуйн нэгж нь ган татлагатай дүүжинт өргүүрийнхээ өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагыг хангаагүйгээс тулгуурын өнхрүүлэг мултарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарлаа. Иймээс шаардлагыг хангах хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн акт гарган барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон байна.
Өнгөрсөн долоодугаар сард аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар “Цагаан хөшөө трейд” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр шалгалт хийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч байжээ. Мөн дөрөвдүгээр сард барилгын салбарын удирдах ажилтан, ажилчдыг хоёр өдрийн сургалтад хамруулж, барилгын өндрийн ажил, өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагын талаар танилцуулан, аюулгүй ажиллагааны заавар, журам, гарын авлагаар хангаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.