Монгол, Оросын иргэд өнөөдрөөс харилцан визгүй зорчино
2014/11/13
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины 2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн ажлын айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар иргэд харилцан визгүй зорчих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
Тус хэлэлцээрийн дагуу бүх төрлийн паспорттай хоёр улсын иргэд 30 хүртэлх хоногоор 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс харилцан визгүй зорчих боломжтой болж байгаа юм.
Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авна.