“Шинэ Налайх хороолол” мянгуужингийн үлгэр болов уу?
2014/11/19
Нийслэлийн Налайх дүүргийн 7-р хороонд “Тэлмэн Констракшн” ХХК 6000 айлын орон сууц барьж байгаагаа сүржин зарлаж байсан ч бодит байдал дээрээ барилгын ажил даржин байгаа ажээ. Тодруулбал гэр хорооллын дахин төлөвлөлт Налайх дүүрэгт түүчээлж байна гэж өөрсдийгөө сурталчилж байсан “Тэлмэн Констракшн” эхний ээлжийн 160-240 айлын орон сууцыг 2014 оны цагаан сар гэхэд ашиглалтад оруулна гэж худалдан авагчидтайгаа гэрээ хийж 30-100 хувийн урьдчилгаа мөнгийг нь авсан байгаа юм. Харамсалтай нь өнгөрсөн цагаан сараас өмнө ашиглалтад орох байсан орон сууц нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд байр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна.
Уг нь орон суугчидтай байгуулсан гэрээний 1.5-д “Гүйцэтгэгч тал нь Захиалагч талын захиалсан орон сууцыг 2014 оны 1-ээс II улиралд Захиалагч талд хүлээлгэн өгнө. Ийнхүү хүлээлгэн өгсөн орон сууц нь 3 жилийн баталгаат хугацаатай байна. Орон сууцыг Захиалагч тал албан ёсоор хүлээн авснаас хойш баталгаат хугацааг тоолно.” Хэмээн заасан ч өнөөдөр гэрээний энэхүү заалт хэрэгжихгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл орон сууц захиалсан иргэд 5 сар байрандаа орж чадахгүй хүнд байдалтай байгаа юм. Ингээд тус орон сууцны хороололд байр захиалаад зургаан сарын турш хохироод байгаа иргэн Ч.М-тай ярилцаж тодруулга авснаа хүргэж байна.
- Таны хувьд “Шинэ Налайх” хорооллыг сонгосон юм бэ? Магадгүй байрлал, хямд үнэ зэргийг бодолцсон байх?
- Анх сурталчилгааг нь хараад залуу гэр бүлийн хувьд шинэ хороололд амьдрах зорилгоор хашаа байшингаа зараад урьдчилгаагаа өгсөн. Анх урьдчилгаагаа өгөхөд 12-р сард, удлаа гэхэд цагаан сарын үеэр ашиглалтад орно гэж байсан. Сар шинээр шинэ байранд орно гэж бодоод л хашаа байшингаа зараад өөрсдөө түр байр түрээсэлсэн. Одоогоор хоёр дахь айлынхаа байрын түрээслээд л байж байна. Нөгөө айл нь хүүхдээ тусдаа гаргана гээд бас л хүнд байна.
- Танайх байрныхаа урьдчилгаа гэж хэдэн хувийг төлсөн бэ?
- Манайх байрны урьдчилгаа гэж 30 хувийг төлсөн. Манайхаас бусад айлууд орон сууцныхаа 30-100 хүртэл хувийг өгсөн.
- Өнөөдрийг хүртэл тав зургаан сар өнгөрчихөөд байхад орон сууц захиалгачдаа хохироож байгаа энэ үйлдлээ “Тэлмэн Констракшн” ХХК хэрхэн тайлбарлах уу?
- Ажил төрөлтэй болохоор байнга очоод байдаггүй л дээ. Анх очиход санхүүгийн асуудал байна гэж байсан. Хэрэглээний халуун хүйтэн ус, халаалтаа холоос шийдэж байгаа болохоор энэ асуудал хэцүү байна. Налайхын Засаг дарга энэ асуудлыг шийдэж өгөхгүй байна гэж хариу өгдөг байсан. Одоо бол барилгын явц 70-80 хувьтай байгаа. Халаалтаа авч байгаа. халаалтаа авчихбал дотор заслаа хийнэ гэж мэдээлдэг. Тэгээд удахгүй сар тэсчих гээд 8-р сараас хойш хүлээлгэж байна.
Тэгвэл энэ мэдээллийн дагуу бид “Шинэ Налайх” хорооллыг зорьсон юм. Биднийг очиход н.Цолмон гэх захиалгын ажилтан байсан бөгөөд тэрбээр 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилга 12-р сард ашиглалтад орно гэв.
Харин энэ талаар “Тэлмэн Констракшн” ХХК-ны хуулийн зөвлөх Б.Хүсэлт арай өөр тайлбар өглөө.
- “Шинэ Налайх” хорооллын эхний ээлжийн барилга 2014 оны 06-р сард ашиглалтад орох байсан. Гэвч өнөөдрийг болтол ашиглалтад ороогүй талаар тайлбарлана уу?
- Танайд мэдээлэл өгсөн хүмүүсийг бид мэдэхгүй. Тэд нар гэрээтэй байгаад дугаараа өгөх юм бол би хараад өгч болно. Хэдэн хувийн төлөлттэй байгааг бид мэдэхгүй.
- 30-100 хувийн төлөлттэй байгаа?
- 100 хувийн төлөлттэй хүмүүсийн гомдол цөөхөн. 30-40 хувьтай төлсөн хүмүүсийн гомдол маш их ирдэг. Гэтэл адилхан төлөлттэй хүмүүс маань төлөлтийнхөө графикийнхаа дагуу төлбөрөө төлөөгүй хүмүүс байдаг. Тэр 500 гаруй захиалагч нэг бүрийг тоочоод, яагаад гүйцэтгэл хоцроод байгаа юм бэ? гэдэг нь энэ асуудал руу орно ш дээ. Бид нар яагаад тэр хүмүүсээс мөнгөө шаардаад авч чадахгүй байгаа юм бэ? гэвэл 2013 оны 08-р сарын 01-нээс 09-р сарын 15-ны өдөр хүртэл Налайхаас ямар ч шалтгаангүйгээр цахилгаан тасалсан. Бид нар бүх эрсдэлээ тооцоод ажлынхаа графикийг гаргаад “Шинэ Налайх” хороололд ажлаа эхлүүлчихээд байна шүү дээ. Энэ ажилд Налайхаас тусалж дэмждэггүй юмаа гэхэд ямар нэгэн шаардлага тавиад, ийм бичиг баримтаа үзүүл, ийм ч юм болохгүй байна, тийм ч юм болохгүй байна гэж ямар нэгэн өө гаргаж байгаад шалтгаангүйгээр сар гаран цахилгаан тасалчихаж байгаа юм. Энэ цахилгаан таслалт маань бидний төлөвлөсөн байсан хугацаанаас өнөөдрийн гүйцэтгэл биелэлтийн үр дүнгээс шууд хасагдана. Нэмэгдэж тооцогдож байгаа. Нэг ёсондоо 2013 онд нэг сар тасалсан цахилгааны үр дагавар энэ жил илэрч гараад байгаа байхгүй юу. Гэлээ гэхдээ бид барилгынхаа ажлыг зогсоогоогүй. Ойлгож байна уу? Ер нь цахилгаан таслах асуудал бол Налайхад байнга ш дээ. Манайх бол цахилгааны төлбөрөө аж ахуйн нэгж дээр задгайгаар тооцдог бол задгайгаар нь тооцуулаад,тоолуураар тооцдог бол тоолуураар нь тооцуулаад гэрээгээ хийгээд, өгдөг мөнгөө төлөөд явж байгаа байгууллага ш дээ. Ямар нэгэн шалтгаангүйгээр цахилгаан таслахад барилгын ажил тэр чигээрээ зогсоно. Ямар ч найраа байхгүй. Зургаан сарын хугацаанд барилга баригдаж байгаа. Үүний 45 хоногийг цахилгаан тасалсан шалтгаанаар аваад хаячихбал яах уу? Хэцүү биз. Бид нар албан ёсны хүсэлтээ Налайхын удирдлагуудад тавьж одоо энэ байдал арай дээрдээд байгаа.
За, тэгээд бороо орно. Бороо оронгуут тоосгоны үйлдвэрүүд ажиллахаа байчихна. Тээвэрлэлтэд явж байгаа машинууд нь тоосгоо нийлүүлэхээ больчихно. Тоосгоны үйлдвэрүүд нь төвөөсөө жоохон алслагдмал, энгэр тал руугаа байдаг, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэгээд дээшээ сул шороон дээр машин нь хий эргээд явахгүй. Бид нар энэ барилгын ажлыг явуулахын тулд хол ойр гэлтгүй тээвэрлэлтийн зардлыг нь төлөөд туслан гүйцэтгэгчээр ажиллуулаад бараа материалаа аваад явдаг. Хаа байсан Биогоос бид нар хавтан тээвэрлэдэг.
Банкууд барилгын компаниудад зээл олгохоо больчихсон. 2014 оны дундуур огт зээл өгөхөө больчихсон. Энэ нь барилгын компанид хүнд цохилт болсон. Орон сууц худалдан авах чадвар маш буурсан.
- Төлөвлөсөн хугацаандаа байранд орж чадаагүй иргэд байр түрээслэхээс эхлээд олон асуудалтай тулгарч, хохирч байна. Үүний хариуцлагыг танайх нийгмийн хариуцлагаа ухамсарлаж барагдуулах уу?
- Яагаад хохирсон гэж үзээд байгаа юм. Ажил хэвийн үргэлжилж байна.
- Аман гэрээ гэдэг утгаараа орон сууц захиалсан иргэд шууд болон шууд бусаар хохироод байгаа юм биш үү?
- Үгүй. Нэгдүгээрт, Би наадахыг чинь хохирсон гэж хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт, 21-р коллектор гэж юм байдаг юм. Одоо магистрал шугам, бохирын шугам. Энийг нийслэлээс төрөөс, төрийн дэмжлэгтэйгээр өргөтгөж байгаа бохирын шугам. Энэ шугамын ажил яг одоогоор дуусаагүй байна. Энэ хэрвээ орохгүй бол энэ жил жил “Шинэ Налайх хороолол” ашиглалтад орох боломжгүй. Уг нь 5-6 сард ашиглалтад орно гэж албан ёсоор НИТХ-аар батлагдсан шугам байхгүй юу. Энэ чинь бид нартай холбоогүй ш дээ. Хэрэв яг одоогийн байдлаар манай гүйцэтгэж байгаа бүх барилга дээр Налайхын бохиртой холбох юм бол Налайх ачаалал дийлэхгүй.
Яг одоогийн байдлаар бохирын өргөтгөлийн ажил хэвийн явагдаж, булчихсан байна лээ. Холбочихье гэхээр эндээ бөглөрчихсөн, тэндээ ус алдаад байна гээд одоо болтол болоогүй. Одоогийн байдлаар 21-р коллектор дууссан эсэх нь мэдэгдэхгүй байна. Бүүр шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд бид нар өөрсдөө хандана. Ханддаг байгуулагад нь хандаж, энэ жил дуусгах боломжтой эсэхийг тодруулна. Хэрвээ нөхцөл байдал хэцүүдэх юм бол бид иргэддээ хэлнэ.
“Шинэ Налайх” хорооллын ашиглалтад орох хугацааг тодорхой хэмжээгээр хойш нь татаж байгаа гэгдэх 21-р коллекторын талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хяналтын инженер н.Ганзоригоос тодруулахад: Бохирын шугамыг тавьсан. Одоо улсын комисс гараад ажиллах болно. Хугацааны хувьд 14-21 хоног болдог. Гэхдээ хэр удахыг мэдэхгүй байна. “Шинэ Налайх” хороолол улсын комисс хүлээж авсны дараа өөрсдийн шугамаа холбоно. Үүнд хэдий хэр хугацаа орохыг хэлж мэдэхгүй байна. Энэ бол тухайн байгууллагын шийдэх асуудал” гэдгийг тайлбарласан юм.
Тэгэхээр “Шинэ Налайх” хорооллын бохирын асуудал болоод байгаа 21-р коллектор хамгийн багадаа сарын дараа ашиглалтад орох юм байна. Харин үүнд нь буюу газар хөлдсан үед “Тэлмэн Констракшн” ХХК холболт хийнэ гэхээр хэдий хугацаа орох нь тодорхойгүй байна.
6000 айлыг орон сууцжуулна гэж байгаа ч эхний ээлжийн 160-240 гаруй айлын байрыг ашиглалтад өгч чадахгүй 3-11 сар луу унжиж байгаа “Тэлмэн Констракшн” ХХК –ны “Шинэ Налайх” хороолол мянгуужингийн үлгэрийг давтахгүй байгаасай гэх “ерөөлийг” дэвшүүлье ээ.
2014 оны 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилгын явц.
2014 оны 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилгын явц.
2014 оны 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилгын явц.
2014 оны 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилгын явц.
2014 оны 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилгын явц.
2014 оны 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилгын явц.
2014 оны 6-р сард ашиглалтад орох байсан эхний ээлжийн барилгын явц.
2015 оны 2-р улиралд ашиглалтад орох барилгын явц.
2015 оны 2-р улиралд ашиглалтад орох барилгын явц.
2015 оны 2-р улиралд ашиглалтад орох барилгын явц.
.
Бэлтгэсэн А.Баярмаа