Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэгт ажлаа хүлээж авмагцаа МАН-тай хамтран ажиллах санал хүргүүллээ. УИХ-д эзэлж байгаа суудлынхаа тоогоор хоёр орж байгаа, олон жил эрх барьсан, тэмцэл, хамтралын баялаг туршлагатай МАН-тай хэл амаа ололцохгүй бол Засгийн газар тогтвортой ажиллах боломжгүй гэдгийг тэр маш сайн ойлгосон бололтой. МАН-ынхан ч түүнийг Ерөнхий сайд болоход нь дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг гаргасан. Дэмжихгүй гэсэн болохоор өөрийг нь оролдох нь цаг хугацааны асуудал. Хэрвээ түүнийг огцруулах санал гарвал АН-аас суурин дээрээ эргэж мэдэх нөхөд цөөнгүй бий. Мөн хамтарсан Засгийнхаа ажлыг дэмждэггүй, үргэлж өөр байр суурь илэрхийлдэг, шантааж, барьцаагаар ажлаа явуулдаг “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн ч түүний араас хутга зоохгүй гэх газаргүй. Тиймээс тогтвортой Засгийн газар байгуулахаас өөр олигтой сонголт түүнд байхгүй. Тийм ч учраас тэрээр МАН-тай хамтран Засгийн газар байгуулах нь илүү үр дүнтэй гэж үзэж яриа хэлэлцээрийг эхлүүлээд байна. 

Эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар энэ амралтын өдрүүдэд АН, МАН-ын удирдлагууд нууц уулзалтууд зохион байгуулж байгаа гэнэ. Тэд ихэвчлэн их тэнгэрийн аманд уулзалдаж байгаа бөгөөд хэрвээ хамтран ажиллахаар бол дараагийн сонгуулийг ямар хэлбэрээр явуулах, үндсэн хуулинд ямар өөрчлөлт оруулах, улстөрийн намуудын хуулийг хэрхэх гэх мэт том бодлого дээр ойлголцолд хүрэхийг чухалчилж байгаа гэнэ. МАН-ын хувьд олон яам, сайдын суудал авна гэхээсээ илүүтэй 2016 оны сонгуульд амжилттай оролцох хууль эрх зүйн давуу байдлыг олохыг чухалчилж байгаа гэнэ. Тиймээс бодлогын томоохон асуудлууд дээр өөрсдийнхөө эрх ашгийг тусгуулж чадахгүй бол заавал хамтрах шаардлаггүй гэдгийг хэлж байна. “Мөнгөгүй болсон Засгийн газар орж яах ч билээ” гэх мессеж ч МАН-ынханы зүгээс их гарах болсон. 

Тэгвэл АН-ын хувьд 1996-2000 оны алдаагаа давтахыг хүсэхгүй байна. Тэд улс орны эдийн засгийн асуудлыг өргөн хэмжээний зөвшилцөлд хүрэхгүйгээр шийдэж чадахгүй гэж үзэж байгаа учраас МАН-тай хамтран ажиллахыг илүүд үзэж байгаа юм. 

АН, МАН-ынханы энэхүү хамтралыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч дэмжиж байгаа гэнэ. АН-ын талаас З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хүмүүс яриа хэлэлцээрийг явуулж байгаа бол МАН-ын зүгээс намын дарга М.Энхболдын тэргүүлсэн хүмүүс байгаа ажээ.  Гэхдээ хоёр намын гол ойлголцлыг хийж байгаа хүнээр С.Баярцогтыг нэрлээд байгаа юм. 

АН, МАН-ын энэхүү уулзалтанд хамгийн их дургуйцэж байгаа хүмүүс бол МАХН-ынхан юм. Тэд АН-тай хамтран ажиллах гэрээ хэвээрээ байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэж мэдэгдсэний цаана МАН-тай хамтарвал бид Засгаас гарна шүү гэсэн сүрдүүлэг бий. Мөн О.Баасанхүү гишүүн З.Энхболд гэрээ хүчинтэй гэхээр нь л бид Ч.Сайханбилэгийг дэмжсэн гэж ил шулуухан мэдэгдсэн. Түүнийхээр бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилоход “шударга ёс” эвслийн бүлгийнхэн ямар нэгэн шалгуур, зарчим баримтлаагүй зүгээр л өөрсдөө албан тушаалтайгаа хэвээр үлдэнэ гэсэн учраас л дэмжсэн байна. Түүнийгээ ч ичих зовох зүйлгүй зарладаг болжээ. Мөн АН, МАН-ныханы амралтын өдрүүдэд болж байгаа нууц уулзалтанд реакци үзүүлэхээр дараагийн танхимд “дан дээлтэй” сайд нар сойно гэх мэтээр буланд шахагдаж эхэлмэгцээ шударга царайлж байгаагийн илрэл гэлтэй. 

Ирэх өдрүүдэд улстөрийн үйл явдал тун сонирхолтойгоор өрнөх нь ээ. АН, МАН-тай хамтран Засгийн газар байгуулах гэсэн асуудал албан ёсоор хариулт олно. Гэхдээ МАН-аас ямар хүмүүс Засгийн газар ажиллах вэ? гэдгээс олон зүйл шалтгаална. 
 

24tsag.mn