Судлаачийн үг: Цагаан шаазан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа хөө…
2014/11/22
Засгийн Газраа онхолдуулав. Төрөө үймүүлэв. Намаа үймүүлэв. Тэгээд гэв гэнэт найрамдаж, шинэ Засгийн Газрыг магтан дуулж, эв нэгдэл, эрч хүчээр хямралыг давах туулахыг уриалан дуудах болов. Гэвч хэн ч анализ хийсэнгүй. Яагаад ? Яагаад гэвэл нөхцөл байдал нэн түвэгтэй болсон учраас. Гэвч анализ хийж болдоггүй нөхцөл байдал гэж байдаггүй юм…
Араас шаасан хутга
Н.Алтанхуягийн байдал бүх талаасаа рэкетлүүлээд маш хүнд байх нь байсан. Гэхдээ л түүнд тэсээд байх боломж байсан юм. Хэрэв дотроос нь буюу араас нь хутга шаагаагүй бол тэр шүү дээ…
Олон хүн З.Энхболдын “Шонхор” фракци урваад хамаг юм баллаад хаясан гэж дүгнэж байна лээ. Энэ бол буруугаа бусдад тохох гэсэн суртал нэвтрүүлгийн заль мэх юм.
Гэтэл хамаг үнэнийг Д.Арвин дэлгэж орхив. Тэр хэлж байна: “Манай фракцийн гишүүд бүх бүлгийн хуралдаанд Ерөнхий сайдаа авч үлдээд, дараа нь хариуцлагын асуудлыг нам дотроо ярина гэсэн байр суурьтай байсан. Миний хувьд ч тэр намын даргаа авч үлдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурь баримталж байсан. Гэтэл өөрийнх нь “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн дээр Н.Алтанхуяг даргыг өөрөө өргөдлөө өгөөд огцрох ёстой гэдэг хатуу мэдэгдэл хийж, Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилно гэдэг зүйлийг ярьсан, тохирсон. Өөрсдөө намынхаа эсрэг ийм зүйл ярьсанд би дургүй хүрсэн. Нэгэнт 100 хувь намаа дэмжинэ гэдэг дээр санал нэгдэж чадаагүй. МоАХ эсрэг, дээрээс нь фракц дотроо Ерөнхий сайдаа огцруулах тухай яриад явчихсан. Үүнийг мэдэрсэн учраас би хувьдаа аль алинд нь оролцохгүй байхаар шийдсэн… Би бол Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад ярьж байгааг мэдээд дургүй хүрсэн.”
Д.Арвин яг үнэнийг хэлж байна. Би түүнийг дэндүү сайн мэдэх ба ийм үед тэр худал хэлж чаддаггүй юм. Худал хэлье ч гэсэн “айкү” нь хүрдэггүй юм.
Тэгэхлээр Н.Алтанхуягийг “Шонхор” биш, харин түүний “Алтангадас” дотроос, бүр тодруулбал дотнын нөхөд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар санаачлан огцруулсан нь тодорхой байна. Анхаасаа ил тод байсан 8 хүнээс урвагч хайх нь утгагүй. Мөн хурал хаяж явсан “Шонхор”-оос буруу хайх утгагүй. “Шонхор” бол “Алтангадас” дотор хагарал гарч Н.Алтанхуягийгаа алах гэж байгааг мэдээд түүнд оролцохгүй гэсэн, харин ч “гавъяатай” болж таарч байна.
Анализыг чухам эндээс эхлэх хэрэгтэй. Тийм биш гэж үү ?! Гэтэл яг энэ асуудлаас монголын улс төрчид, сэтгүүлчид, судлаачид бүгдээрээ тойрч зугтаад байна. Хэрэв бүгдээрээ тойрч зугтаад байвал ихээхэн ноцтой асуудал байна гэсэн үг, ямар нэг ноцтой, аюултай зүйлийг монголчуудаас нууж байна гэсэн үг. Харин би монгол судлаач учраас энэ асуудлыг шинжлэн монголчуудад дэлгэн үзүүлэх үүрэгтэй, бас эрхтэй.
Шалтгаан хийгээд түүний монгол тайлбарууд
Монголчуудын алив үзэгдэл юмсын шалтгааныг задлан шинжлэх, түүнийг тайлбарлах, шийдэх арга зам нь үнэн тэнэг, гажигтай. Лав л хүн төрөлхтний сэтгэдэгээс үлэмж ялгаатай.
Бондын мөнгө яагаад хаашаа алга болов ? Би Засгийн Газартаа бүтцийг өөрчлөлт хийнэ. Эдийн засаг унагасан учраас Засгийн Газар огцор. Нийт 4-өөс 20 орчим шалтгаан хэлж байгаа. Дандаа эдийн засгийн шалтгаан. Аймаар аймаар, ноцтой ноцтой шалтгаанууд…
Харин Засгийн Газар огцор гэсэн шаардлага тавьсны дараагаас эдийн засгийн бүх шалтгаан мартагдаж зөвхөн улс төрийн шалтгаан болон хувирч байгаа юм. Тэр ч байтугай улс төрийн шалтгаан нь сэтгэл зүйн шалтгаан болон хувирч байна. Харин эдийн засгийн үйл явц явдгаараа явж дордодгоороо дордож байна.
Улс төрийн шалтгаан эдийн засгийн шалтгааныг “сайхан” мартагнуулж байна. Монголчууд эдийн засаг гэж нэг юм байдаг гэдгийг ор тас мартаж орхиж. Ийм л тэнэг ард түмэн ш дээ, манайхан…
Анализыг бас л эндээс эхлэх ёстой. Монголд К.Марксыг мянга хараадаг ч эдийн засаг анхдагч гэдэг түүний үндэслэлийг удахгүй гэдэс чинь хонхолзоод ирэхээрээ санаж л таарна даа…
Хувьсгалчдын дараа үе
Ноднин бол Н.Алтанхуяг мөнгөтэй байсан. Их баян өвлийн өвгөн байсан. Гэхдээ дэндүү олон “цасан охинтой” байсан. Одоо тэр мөнгөгүй болсон. Тиймээс “цасан охид” нь түүнийг алахаар шийджээ.
Монгол заншлаар аманд нь өөх чихэж “алахаар” болсон байна. Энэ бол АН дахь хувьсгалчдын үе дуусч байгааг бүрэн нотолж байгаа юм.
АН өөрсдийгөө хамгийн орчин үеийн гэж боддог боловч хамгийн хоцрогдсон хөгийн шаарууд юм. Үүнийг АН хойч үеэ хэзээ ч бодож байгаагүйгээр бүрэн нотолж болно.
Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нарын 10 гаруй нөхдүүд бол хувьсгал хийсэн партизанууд, мөн хувьсгал хийсэн нэрээрээ нийгмийн баялгаас завшин баяжигсад болохоос хэзээ ч бүтээн байгуулагчид байгаагүй юм. Мөн тэд цаг ямагт ардчилал, либерализмын тухай сурталчилдаг боловч тэдэнд энэ талаар цэгцтэй ойлголт байгаагүй, одоо ч байхгүй. Тэр ч байтугай төрийн тухай бүрэн тодорхой ойлголт тэдэнд үзээд өгье гэсэн ч байхгүй юм.
АН-ын хойч үе нь “Алтангадас”-аар дамжин Р.Гончигдоржийн гараараа хүмүүжүүлж, Н.Энхбаяр шалгаж, С.Баяр, Сү,Батболд нарын шалгуурыг дамжсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёр юм. Мөн Ц.Элбэгдоржийн бэлтгэж буй Х.Тэмүүжин мэтийн хэдэн залуу бий. Тэд нь ногооноороо байгаа. Ингээд л АН-ын залуу үе дуусч байгаа юм.
Үүний дэргэд болсон болоогүй олон шинэчлэлийн үр дүнд МАН-д хаа ч очиж олон залуучууд төрөн гарсан бөгөөд дор хаяж л хүмүүс тэдний нэлээдийг таньдаг болсон юм.
Энэ ялгаанаас АН-д зөрчил гарч байгаа юм. Яг одоогийн байдлаар АН-д 4 лидер байна.
1. Ц.Элбэгдорж. Төр сүйрүүлэх төрөлх авъяастай энэ нөхрийн цаг дуусч байгаа ч тэр чардайн чаргууцалдаж байна. Би яг энэ талаар бичих юм.
2. Н.Алтанхуяг. Энэ бол яг партизан ч биш, бас дараа үе ч биш. Шилжилтийн үеийн завсрын бүтээгдэхүүн юм. Завсрын үед ухаан сийлсэн нь түүнд боломж олгосон боловч энэхүү завсрын үе дуусмагц мэдээж боломж нь байхгүй болов. Олон нөхцөл байдал дунд маневр хийх чадвар сайтай учраас арга барил нь хариу үйлдлийн шинжтэй. Үүнийг реактив удирдлага гэдэг. Гэтэл зорилт тавих, нөхцөл байдлыг өөрөө бүтээх болоод ирмэгц түүний энэ боломж үлэмж хязгаарлагдмал болов. Манай нийгэмд түрүүлэх (операжающий) удирдлага хэрэгтэй болоод байхад Н.Алтанхуяг цаг ямагт хариу үзүүлэх удирдлага хэрэгжүүлж байгаа нь нийгмийг ч, өөрийг нь ч алав.
3. Ч.Сайханбилэг. АН-ын бэлтгэсэн хэдхэн боловсон хүчний нэг. Мөн МАН хамтран бэлтгэсэн боловсон хүчин. Ингэхлээр МАНАН-гийн сонгодог төлөөлөгч. Нотолгоо нь олон удаагийн хамтарсан Засгийн Газарт амжилттай ажиллаж байсан.
4. З.Энхболд. АН-д яг доороосоо, ном журмаараа гарч ирсэн бараг цорын ганц лидер. Энд би намын лидер ярьж байгаа болохоос Ерөнхий сайд ярьж байгаа биш гэдгийг анзаараасай гэж хүсч байна. Ер нь бол манайхан “юм ойлгочихоод” хүн загнаж сурах хэрэгтэй ш дээ…
Үнэнийг хэлэхэд эхний хоёр нь хөгширч “жагсаалаас гарсан” атлаа чаргууцалдаж ядаргаа болж байна. Дараагийн хоёр нь хэн нь лидер болох өрсөлдөөн эхэлж байна. Эхний хоёр нь залуустаа дэмжлэг үзүүлсэн дүр үзүүлж будлиан хутгаж байна. Дараагийн хоёр нь дэмжлэг хүсч бантан хутгаж байна. Гэсэн хэдий боловч АН-д залуу үеийн цаг эхэлж байгаа нь тодорхой байна. Лав л суут хорчин Р.Гончигдоржийг тоодог хүн гэж алга. Тэр нь ч дээр. Хорондоо хордож үхвэл үхэхээр боллоо ш дээ, энэ хорчин…
АН-ын партизануудын нэг айхтар үг байдаг юм: “Намайг өлсөж цангаж, жагсаж, хувьсгал хийж явахад чи муу хаа байсийм ?!” Хариуд нь АН-ын одоогийн дарга нар би ч гэсэн өлсөж цангаж явсан гэж хэлчихээд хулгай хийж худал хэлээд болоод байдаг байсан юм. Одоо бол бүхэл бүтэн үе солигдоод энэ үгэнд нь үнэмших хүн олдохгүй болов.
Тэгээд ч Монголын хувьсгалчдын толгой гэж туйпуу л гэсэн үг. Гадаад дотоодод хэлсэн ярьсан үгийг нь үзэхээр үнэндээ хошного халуу оргидог юм. Энэ дэлхийн бүх хувьсгалчид хувьсгалаа хийгээд үүрэг нь дуусдаг бол монголын ардчилсан хувьсгалчид шинэ нийгэм бүтээн байгуулна гэж дайрав. Гэвч хувьсгал хийх, бүтээн байгуулах хоёр тэс ондоо зүйл билээ. Дэлхийн бүх хувьсгалчид зүгээр л эвддэг бол Монголын хувьсгалчид оргүй эвддэг. Дэлхийн бүх хувьсгалчид эвдээд дараа нь босгодог, бүтээдэг бол Монголын хувьсгалчид эвдээд дараа нь хулгай дээрэм хийдэг. Үүнийг ардчилал, зах зээл гэж тайлбарлах ямар ч үндэслэл байхгүй юм.
Ийм болохоор АН-ын хойч үе харанхуй мунхаг партизаны үеийнхнээс салахын түүс болох нь мэдээж хэрэг. Энэ бол АН-ын суурь зөрчил юм. Энэ зөрчил нэлээд эртнээс далд байдлаар эхэлсэн ба одоо хурцдаж буй, 2016 оны хавьцаа оргил цэгтээ хүрэх нь гарцаагүй.
Том ба жижиг Алтан гадас
Манайхан ам амандаа “Алтан гадас” гэж орилдог боловч яг Алтан гадас гэдгийг мэддэг хүн бараг байдаггүй юм. Сэтгүүлч А.Баатархуягаас өөр мэддэг хүн байдаггүй гэдгийг би сайн мэддэг юм. Иймээс энэ тухай товч ярья.
“Алтангадас” ассоциацийг 2003 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Тус Ассоциацийн анхны Ерөнхийлөгч Р.Гончигдорж, дэд ерөнхийлөгч тэр үед УИХ-ын дэд дарга байсан, МАН-ын Ж. Бямбадорж, тэргүүнээр Д. Дорлигжав нар байсан. Бүр цаад дарга нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа.
Тэд “Монгол түмний хөгжлийн төлөө 10 санаачлага” дэвшүүлэн гадаад бодлогодоо Солонгосыг түшиглэн “Алтан гадас” тогтмол сэтгүүл хүртэл гаргадаг байлаа. Мөн Улаанбаатар хотыг бараг эзлэн авч тэр үеийн мэр байсан М.Энхболдтой хамтран ажилладаг байв. Олон хүн “Алтангадас”-ын намтар түүхийг мартсан боловч монгол судлаач мартана гэж байхгүй л дээ…
Ингэж МАН болон АН-ыг дамнасан улс төр, эдийн засгийн хамгийн хүчирхэг бүлэглэл үүссэн юм. Үүсэх ч юу байхав нэгэнт үүсээд байсан олигархи бүлэг нам дамжсан байгууллага болон хэлбэржсэн юм. МАН талаас Н.Энхбаяр, АН талаас Р.Гончигдорж түүний загалмайлсан эцгүүд юм. Нэг биш, хоёрын хоёр манлай хорчин байгуулсан болохоор хамгийн хорлогчинтой байх нь мэдээж хэрэг.
Сүүлийн үед Р.Гончигдорж нь зүгээр үлдээд байгааг би гайхаад байгаа юм. Ноён Р.Гончигдорж ахиад нэг л удаа хор найруулах юм бол надад нэн хүчтэй ерөндөг байгаа гэдгээ шулуухан хэлсэн нь дээр гэж бодож байна…
“Алтангадас” хоёр намыг бүрэн захирч байлаа. Үүнийг хамтарсан Засгийн Газрын олон түүхээс бид сайн мэднэ. С.Баярын, Сү.Батболдын Засгийн Газарт АН-аас хэн хэн ордог байсныг санацгаа л даа. “Алтангадас” л байхгүй юу, өөр юу байдгийм. Харин сайд болсон хэдхэн хүнийг бодоод байж болохгүй л дээ. Энэ үед хэн хэн баяжиж хөлжиж байсныг сана л даа. Энэ үед тэд МАН, АН гэж ялгахын аргагүй нягт сүлжилдсэн юм.
Ингээд 2012 онд байдал өөрчлөгдөв. АН “дарга” нам болов. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болов. Энэ хүртэлх “Алтан гадас”-ыг том гэж нэрлэе. Н.Алтанхуяг дарга болмогцоо бие даах оролдлого хийж жижиг “Алтан гадас” байгуулж тусгаарлах оролдлого хийв. Энэ бол олон жил хэвшиж дадсан хэлхээ холбоог таслах гэсэн нэн бүдүүлэг оролдлого байсан юм.
Олон жил хэвшиж дадсан хэлхээ холбоо гэж юу вэ ? Энэ бол юуны өмнө нам дамжсан эдийн засгийн ноёлох байр суурь юм. Энэ бол эдийн засгийн гол гол салбаруудын мөнгөний урсгал, түүнд тавих хяналт, түүгээр дамжсан улс төрийн эрх мэдэл юм. Ганц Н. Алтанхуягт хамаг байдгаа тавиад туудаг тэнэг улсууд гэж байхгүй л дээ. Юу боллоо гэж Норовын хүү ганцаараа мэдэж идэх ёстой гэж ?! Гайгүй байлгүй…
Иймээс том “Алтангадас” жижиг “Алтан гадас”-аа дотроос нь “шаахаар” шийджээ. Тийм хүмүүс мэдээж байгаа. Энэ нь хамгийн түрүүнд Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар юм. “Дотор” нь байгаа өөр ч олон хүн бий. Үүнийг хийх шиг амархан юм гэж энэ хорвоод байхгүй. Ямар “хамтран ажиллаж” үзээгүй биш. Чамайг Ерөнхий сайд болгоно, Та нарын албан тушаалыг ахиулах буюу хадгална, хуучин “ардын ёс заншлаа хэвээр” үргэлжлүүлнэ гээд л гүйцээ.
Н.Алтанхуяг жижиг “Алтан гадас”-таа ердөө л “долоон хожгортой” үлдсэнээ мэдэхгүй тууж явлаа. Нэг можгор ч гэсэн гэнэтийн хоронд үхдэг юм байгаа биз дээ. Н.Алтанхуяг өөртөө хэт их найдсанаас бусад фракциа хэт доош нь хийсэн буюу хэт муудалцсан байлаа. Иймээс гэнэт тусламж авах боломжгүй байсан юм. Түүнийг угаасаа шүүмжилж байсан “Шонхор”-ынхон “Алтангадас” дотроосоо задарч байгааг мэдмэгцээ туслах ч үгүй, адлах ч үгүй, зүгээр л зөнд нь хаяхаар шийджээ. Түүнээс биш, “Шонхор”-ынхон урвасан барьсан юм ерөөсөө байгаагүй юм.
Харин Ц.Элбэгдорж огт өөр тооцоотой байв. Иймээс тэр оролцохгүй байж байгаад үхүүлсэн дүр үзүүлэх ёстой болсон учраас “санал хураалтад үл оролцох” нууц тушаал өөрийн хүмүүстээ өгч, өөрөө бултаад алга болов. Ингээд Ерөнхий сайд онхолдов.
За яахав, Ерөнхий сайд ч дүүрч, тэгвэл намынхаа даргыг өгөхгүй. Тэгвэл ёстой гудамжинд гарна. Энд жинхнээсээ тулалдаан болох ёстой байв. Ингэж ч эхэлсэн юм. Гэтэл…
Намын хүч ба Н.Алтанхуягийн хүч
Норовын хүүгийн уур хүрэв, уушиг сагсайв. Уурандаа нүд нь тагларч, ухаан нь муудав. Хүн болгон дайсан харагдав. Өмнө нь Н.Алтанхуяг руу 3 удаа дайралт болсон юм. С.Эрдэнэ, Х.Баттулга, З.Энхболд, дээрээс нь Ц.Элбэгдорж нэмэгдээд ч гэсэн ҮЗХ-ны бүрэлдэхүүний тэн хагаст хүрч олонхи болж чаддаггүй байв. Энд тоо хэлээд яахав. Надад бол дэлгэрэнгүй “түүхэн” тоо баримт бий. Энэ нь Н.Алтанхуяг ҮЗХ-д хангалттай дэмжлэгтэй байсныг харуулдаг юм. Энэ удаад хүч тэнцэв. Энэ нь гаднаас ямар нэг хүч нөлөөллөө гэсэн хэрэг юм.Үүнийг жижиг “Алтангадас” дотор задрал гарснаас Н.Алтанхуягийн хүч суларсан гэсэн ганцхан зүйлээр тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл том “Алтангадас”-ын буюу МАН-ын нам дамжсан далд нөлөөлөл АН-д орлоо гэсэн хэрэг юм.
Хэрэв Н.Алтанхуяг хэрүүл хийж байгаад АН-ын Их Хурал хүргэсэн бол намаас илт дэмжлэг авах байсан нь гарцаагүй. Үүнийг би бодит судалгаанд тулгуурлан хэлж байна. Н.Алтанхуяг ч Их Хурал хийвэл намын дэмжлэг ирнэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Ингэвэл тэр АН-ын дарга дахин болж сөрөг дайралт хийх бүрэн боломжтой юм. Гэтэл Н.Алтанхуяг “далан таваар” бууж өгөв. Түүгээр ч үл барам араасаа хутгалсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад үхэн хатан зүтгүүлж, намын шинэ даргадаа амжилт хүсэв.
Эндээс “нам дамжсан бүлэглэл нь нэг намын бүлгээсээ том” буюу “том алтан гадас нь жижиг алтан гадасаасаа лаг том” гэсэн монгол “теорем” гарна.
Энэ дагуу Н.Алтанхуяг Ерөнхий сайдаасаа буугаад уур нь хүрэхийн оронд Ч.Сайханбилэгийг орныхоо хүнээр зүтгүүлэв. Энэ нь жижиг “Алтангадас” том “Алтангадас”-тай тохироо хийлээ гэсэн хэрэг юм. Ингээд Н.Алтанхуяг намын даргаа өгөхгүй гэж нэг үзсэнээ гэв гэнэт бууж өгөн З.Энхболдод амжилт хүсэв. З.Энхболд түүнийг өршөөж Р.Амаржаргалыгаа золионд гаргав. Энэ нь Н.Алтанхуяг З.Энхболд хоёр их том тохироо хийлээ гэсэн үг. Энэ “монгол теоремийг” монгол хүн л ойлгоно уу гэхээс гадаад хүн ойлгохгүй, бас зөвхөн “aлтангадас хүн” ойлгоно уу гэхээс хэр баргийн монгол хүн ойлгохгүй…
Дан давхар дээлний учир
Манайхан дан давхар дээлийн “онолын” асуудлаар олон жил маргаж ирэв. Уг нь давхар дээлийг улс төрийн практикт анх нэвтрүүлсэн хүн нь Ц.Элбэгдорж юм. Бүр Үндсэн Хууль зөрчиж, зүтгэж байгаад үүнийг бий болгосон эзэн нь Ц.Элбэгдорж. Тэр ч байтугай Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийг уландаа гишгэж байж үүнийг нэвтрүүлсэн. Үр дүн нь улс төрийн энэ арчаагүй систем. Одоо Ц.Элбэгдорж өөрийнхөө “тэргүүн туршлагыг” жигшин үзэж, эсэргүүцэл тэмцлийг манлайлахын учир юусан билээ ?! Энэ талаар миний “Зарчим хоёрдвол завхрал болдог” өгүүлэлд энэ бүх үйл явдал он сар өдөртэйгээ байгаа. Би хүнийг гүтгэдэггүй, зүгээр л хийсэн, ярьсныг нь сануулдаг…
Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад давхар дээлтэй болоод байдаг Ерөнхийлөгч болохоор болдоггүйн учир юу вэ ? Бүр зарчим болгон тунхаглаж Засгийн Газрын амь насанд хүрэх шалтгаан юу вэ ? Олон хүн манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарчим баримтлах дуртай, шударга хүн гэж тайлбарлах гэж бодож байвал ёстой нар баруунаас гарна.
Асуудал төрийн эрх мэдэл, түүний хуваарилалтад байгаа юм. Манай төр УИХ, Засгийн Газар, Ерөнхийлөгч гурваас бүрдэнэ. Нэгдэх нь хууль тогтооно, удаах нь гүйцэтгэх дээд байгууллага. Харин Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгч. Хагас гүйцэтгэх эрх мэдэлтэй гэж ч ярьдаг. Яг номоороо бол Ерөнхийлөгчид сүрхий эрх мэдэл байхгүй.
Гэвч Үндсэн Хуулийн цоорхой, манай засаг төрийн арчаагүйгээс сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч эрх мэдлээ ямагт нэмэгдүүлсээр ирсэн юм. Н.Энхбаярын үеэс эхэлсэн энэ буухиаг Ц.Элбэгдорж залгамжлан авч бүх юмыг будлиантуулж байна. Үүнийг “үй түмэн” жишээгээр нотолж болно. Энэ нь хэтрэн хэтэрсээр сүүлдээ Монгол Улс бараг хоёр засгийн Газартай мэт болов. Ерөнхийлөгч Засгийн Газрын дээр байтугай, УИХ-ын дээр гарсан. Тэр 6 жил УИХ-д тайлангаа тавиагүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Их хуралд ажлаа хариуцна” гэсэн Үндсэн Хуулийн заалтыг уландаа гишгээд олон жил болж байгааг тун цөөн хүн анзаардаг. Тэр Үндсэн Хуулийг алхам тутамдаа зүгээр л нулимж байдгийг Г.Уянга гишүүн анх удаа нүүрэн дээр нь хэлэв.
Ц.Элбэгдорж хачин хачин юм санаачилж будлиан дандаа самуун хутгана, тийн атлаа холион бантан болонгуут ямагт нэр цэвэр үлддэг ба хамаг хэрүүл тэмцэл УИХ, Засгийн Газар хоёрын дунд тунаж үлддэг жишиг тогтоод олон жил болж байна. Нөгөөдүүл нь тэнэг царайлчихаад хэрэлдэж алалцаж үлддэг, мань эр баясаад хараад сууж байдаг “сайхан” ажилтай болсон. Энэ утгагүй үйл бараг “ардын ёс заншил” болсон. Одоо бид Үндсэн Хуультай юм бол тэрийгээ санаж дагах цаг болсон. Үндсэн Хуулинд заачихсан байхад Ц.Элбэгдорж “зарчим” санаачлах утгагүй л байхгүй юу…
Ц.Элбэгдорж засаг төрийг үймүүлж, мөн үймж байгааг далимдуулж дан дээлийн зарчим ярьж байгаад өөрийн гэсэн Засгийн Газартай болж авах гэсэн санаа олж аваад тэрийгээ гурван жил зүтгүүлж байна.Энийг нь “зарчимд дуртай” монголчууд уухайлан дэмжиж хөөрцөглөн төрөө нураах нь үнэн өрөвдөлтэй.Ц.Элбэгдоржийн зарлан тунхаглаж буй дан дээлтэй Засгийн Газар бол УИХ-аас тусдаа түүний мэдлийн засгийн Газраас өөр зүйл биш.
Үлэмж сул дорой Их Хурал, Ерөнхий сайддаа өөрөө кабинетаа бүрдүүлэх эрх мэдэл өгөөд, намуудтай зөвшилцөхгүй Засгийн Газраа бүрдүүлэхээр Ц.Элбэгдоржийн Засгийн Газар л бүрддэг юм. Энэ бол том “Алтангадас” Ц.Элбэгдорж гэсэн шинэ эзэнтэй болж байна гэсэн хэрэг.
Тэр санаанаасаа зарчим гаргаж ирээд зарлан тунхаглаад түүгээрээ төр үймүүлдэг ажилтай болж. Одоо бол бараг төрийн эрх мэдэл булаан авах хэмжээнд хүрч байна. Ингэж болдог юм уу ?!
Гэтэл монголчууд болохоор хамаг хэрүүл будлиан УИХ, Засгийн Газрын хооронд, улмаар МАН,АН-ын хооронд болж байна гэж хардаг заншилтай. Үнэндээ ингэж харагддагч ч нарийн ажиглавал бас ч тийм биш. Яагаад гэвэл хамаг будлианыг хамгийн идэвхитэй эхлүүлж оролцчихоод сугараад үлдчихдэг нэг л хүн байдаг. Тэр нь Ц.Элбэгдорж. Иймээс үнэн хэрэг дээрээ хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Ц.Элбэгдорж мөнөөсөө мөн юм.
Өөрөө биелүүлэхгүй байж хачин хачин зарчим санаачилна, өөрөө ор тас мэдэхгүй байж үй түмэн “онол” гаргана, тэгээд төрийг албадна, үймүүлнэ, тэгээд ямагт нэр цэвэр үлдэнэ. Тэр дандаа ингэж төр үймүүлж ирсэн. Энэ талаар би “Төр сүйрүүлэх авъяас” болон бусад өгүүлэлдээ нэн тодорхой өгүүлсэн. Өөдөөс хэдэн тэнэг “юмаар” намайг хараалгана. Намайг хараагаад яахийм ?! Би үймээд байгаам уу, төр чинь үймээд байгаам уу ?! гэдгээ бодох хэрэгтэй ш дээ, Та нар.
Ц.Элбэгдоржийн Засгийн Газраа “парламентын гаднаас бүрдүүл” гэсэн үгийг бүгдээрээ ойлгож байгаа царай гаргаж байгаа боловч ойлгож байгаа ганц ч монгол байхгүй. Учир нь ийм хуулийн хэллэг байхгүй.Тэгээд хамаг заль мэх “гаднаас” гэсэн ганцхан энэ үгэнд байгаа юм. “Гаднаас” гэж гудамжнаас уу, Ерөнхийлөгчийн тамгын газраас уу ?! Үнэн хэрэг дээрээ “гаднаас” Засгийн Газар бүрдүүлнэ гэдэг бол Ц.Элбэгдоржийн мэдлийн Засгийн Газар бүрдүүлнэ гэсэн хэрэг юм. Мөн “Алтангадасын” мэдлийн Засгийн Газар бий болно гэсэн үг. Энэ тохиолдолд бондынхоо мөнгийг яасныг ч мэдэж чаддаггүй сул дорой УИХ монголын баялгийг зарсан 34%-ийн мөнгөө мэдэж чадна гэж бодож байна уу ?! Хуцваа л байхгүй юу. Юу ч мэдэхгүй байж байгаад 2016 онд “хүчтэй болсон” Ерөнхийлөгчид бүгдээрээ “алуулна” гэдгээ мэдэж байх хэрэгтэй л дээ, тэнэг шаарууд…
Мөнгөний улс төр
Монголчууд К.Марксыг мянга харааж нулимдаг боловч яг үнэндээ түүний сургаалийн дагуу бүх үйл явц явагдаж байгаа гэдгийг мартдаг юм. Энэ бол эдийн засаг юм.
Төр засаг мөнгөгүй болсон ба чухам энэ л засаг унахын гол шалтгаан болсон юм. Манайхан болохоор Н.Алтанхуяг эдийн засаг унагаад МАН, АН-ын шударга хүмүүс шударга шаардлага тавиад засаг унасан гэж бодоод байх шиг.
Энэн шиг утгагүй тайлбар гэж үгүй. Улс төрийн ямар ч тайлбар хийсэн цаана нь эдийн засгийн шалтгаан байгаа. Энэ бол Оюу толгой, Таван Толгойн асуудал юм. Бүр тодруулж хэлбэл Оюу Толгойн 34%-ийг зарах тухай асуудал юм.
Энэ асуудал аль өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн юм. Энэ талаар олон зүйл ярьж болох боловч агуулга нь нэг иймэрхүү: “Нэгэнт мөнгөгүй болсон учраас Оюу толгойнхоо 34%-ийг зарчихъя. Хэнд ч хэрэг болохгүй хувьцаа ёстой утга алга, тэрний оронд роялти гэдэг татвараа аваад л явж байя. Ингээд л бүгдээрээ мөнгөтэй болно.” Ийм агуулга бүхий зөөлөн сурталчилгаа бүтэн жил явагдсаныг мэргэжлийн хүмүүсээс бусад нь нэг их анзаараагүй юм. Харин сүүлийн өдрүүдэд энэ ажил асар их эрчимжиж байна.
Шинэ Ерөнхий сайд хоёр толгойг хөдөлгөнө гэдгээ тов тодорхой хэлэв. Үүнээс илүү ойлгомжтой юм гэж үгүй.Монголын улс төрчид ямар ч гоё улс төр ярьж, ямар ч мундаг зарчим ярьлаа гэсэн цаанаа Оюу толгой, Таван Толгойг яаж зарж идэх вэ гэсэн асуудал ярьж байгаа гэдгийг монголчууд ойлгох хэрэгтэй. Энд чинь ямар ч улс төр байхгүй, зүгээр л мөнгө олох гэсэн шуналтнуудын тохироо явагдаж байна. Чухам энэ тохирооны үндсэн дээр “Алтан гадас”-ын Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа нь хэнд бүхэнд тодорхой байна.
Одоо бол Үндсэн Хуулинд заасан засаглалын тэнцвэр алдагдаж, төрийн эрх мэдэл нэг хүний мэдэлд шилжиж байна. Иймээс шинэ Засгийн Газар бол Монголыг өрөнд оруулсан “Алтангадас”-ын шинэ дүр мөнөөсөө мөн. Энэ Засгийг Ерөнхийлөгч-Ерөнхий сайд Ц.Элбэгдорж удирдахад бэлэн болоод байна. Түүний цаана С.Баяр байх ч бүрэн үндэстэй…
Үүний “онолын” үндэслэлийг М.Энхсайхан “Хүчтэй Ерөнхийлөгч бүхий парламентын засаглалтай болъё” хэмээн томъёолж байгааг бид бэлхнээ харж буй. Саяхан миний түүнтэй хэрэлдээд байсны шалтгаан ердөө л энэ. М.Энхсайханы новшийн нүүдлийг мэдэхгүй бол монгол судлаач гэж байсны хэрэг юу билээ…
Одоо ардчиллын 25 жилийн ой болж байна. Энийг санаж байгаа хүн Монголд ганц ч байхгүй гэж мөрий тавьсан ч болох байна. Миний ойлгож байгаагаар ардчиллаа сөнөөж нураасны “том ой” болж байна. Энэ ойгоор ардчиллыг нурааж, ардчиллыг сөнөөсөн хүмүүс дахин шинэ төр байгуулж удирдах гэж алалдаж байна. Тэгвэл ёстой горьд…
Ингэж солиорч байгаад “өөрийнхөө хөлийг гозойлгодог” туршлага манайд бэлхнээ байгааг сануулах нь судлаач миний эрх болой…
Мэдээж хоёр нам хийгээд түүний удирдах бүлэгт “их учир” бий. Гэвч АН, МАН-ын талаар хүн болгон мэддэг, залхуугаа хүртэл, дургүйгээ хүртэл “анаалийздсан” болохоор би энэ удаад давтан ярихаас түтгэлзэж цаадах гол шалтгааныг нь гарган бичиж байна.
Энэ бол жирийн нэг хямрал биш, Монгол төрийн системийн хямрал, Үндсэн Хуулийн хямрал, төрийн эрх мэдэл нэг хүний мэдэлд хууль бусаар шилжиж буй үлэмж ноцтой хямрал мөн. Үүнийг системийн өөрчлөлт буюу Үндсэн Хуулийн өөрчлөлт хийж байж л засаж чадна. Үүнийг л УИХ-ын гишүүн Г.Уянга хэлээд байгаа ш дээ…
Цагаан шаазан цавтай байвал цайгаа уухаа болих уу даа хөө…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 11 дүгээр сарын 22.
hermes cl***ic bag · 2014/11/27
hermes paket 10 kg Судлаачийн үг: Цагаан ******зан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа хөө…hermes cl***ic bag http://www.tapasbar-donquijote.nl/docs/hermes-cl***ic-bag-hermes-birkin-colors.html
アディダス プレデター リーサルゾーン TF · 2014/11/26
ナイキ サッカー スパイク スーパー リ ゲラ Судлаачийн үг: Цагаан ******зан цавтайхан байвал цайгаа уухаа болих уу даа хөө…アディダス プレデター リーサルゾーン TF http://soccerbuy.jp/catalog/category/index?cid=15
Зочин · 2014/11/24
телевизээр энэ нийтлэлээ ярих хэрэгтэй байна аа, ард түмэнд таны үг хэрэгтэй байна.
Зочин · 2014/11/24
Айдас хүрч байна.Монголын ирээдүй улам л бүрхэг болоод байх юм...
eh oron · 2014/11/23
balai um bichih umaa zahialgata bhaa. elbegdorjiig muulsan bhii. 2-n hoorond ingej yawsanaas erthen neg hunii zasaglaltai bolmoor. odoo 2016 ond ali namiig ni songih um bee .bi law sanala ogohguiee
Зочин · 2014/11/23