Тахарын алба, ХЭҮК-той санамж бичигт гарын үсэг зурлаа
2014/11/23
Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 2013 оны 07 дугаар сард Тахарын албаны тухай хуулийг баталж, улмаар Засгийн газрын 2014 оны 07 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Тахарын ерөнхий газар байгуулагдсан. Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ олон улсын жишигт нийцүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.
Тахарын алба нь шинэ тутам байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Энэ ч үүднээсээ үйл ажиллагааны эхнээс Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалах, хангаж ажиллахын төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран, тэдэнтэй туршлага хуваалцан ажиллах үндсэн чиглэлийг барин ажиллаж байна. Тахарын албаны тухай хууль болон агентлагийн гол зорилго нь Шүүх хуралдааны хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх. Энэ зорилгоо биелүүлж ажиллахын тулд хүний эрх, эрх чөлөөг дээдлэн ажиллах нь нийгмийн шаардлага болж байна. Өөрөөр хэлбэл, Тахарын албаны нийт бие бүрэлдэхүүний өмнөө хүлээсэн үүрэг юм.
Өнөөдөр ХЭҮК, Тахарын алба хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Тахарын албаны ажилтан албан хаагчдын хүний эрхийн ойлголтыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа уялдаа холбоотой явагдах нөхцөл бүрдэх юм.
Санамж бичгийн хүрээнд хүний эрхийн боловсрол олгох сургалтыг тойргийн тахарын албадад бүсчилэн зохион байгуулах, ном гарын авлага бэлтгэн гаргах, хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран сургалт сурталчилгаа явуулах зэрэг ажлуудыг хийхээр болсон. Энэ нь Тахарын албаны хуулиар хүлээсэн чиг үүрэг болоод хүний эрх, эрх чөлөөг ханган биелүүлэх, цаашдын ажил үүргээ явуулахад түлхэц болж байна.
Зочин · 2014/11/26