УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан Засгийн газарт хамтран ажиллах асуудлаар УИХ-д суудалтай нам, эвслүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг өнгөрч буй долоо хоногт ИЗНН, МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвслийн бүлэг, МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсгүүдтэй уулзалт, зөвшилцөл хийлээ.

            Тус Ажлын хэсэг ИЗНН, "Шударга ёс" эвслийн бүлгийн ажлын хэсэгт 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулсан хамтын ажиллагааны гэрээндээ зарим шаардлагатай тодотгол хийж, Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа дахин нотолсон.

            АН-ын Ажлын хэсэг мөн МАН-ын намын Ажлын хэсэгтэй ойлголцлоо нэмэгдүүлэх, тодорхой асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд дөрвөн удаагийн уулзалт зохион байгуулав. Хоёр намын ажлын хэсэг улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй байгаа үед УИХ-д суудалтай улс төрийн намууд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтвортой хөгжлийн үндсийг тавих ойрын болон дунд хугацааны хөтөлбөрийг хамтран баталж хэрэгжүүлэх, Оюутолгой, Тавантолгой болон уул уурхай, дэд бүтцийн бусад томоохон төслүүдийг холбогдох хууль, УИХ-ын шийдвэрийн хүрээнд ил тод, харилцан хяналттайгаар урагшлуулах, ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Мөн эдийн засгийн чиглэлийн хүлээгдэж буй олон хууль тогтоомжуудыг батлан гаргах талаар хамтын хүчин чармайлт гаргаж ажиллахаар ойлголцлоо.

            Ажлын хэсгүүд улс төрийн тогтвортой байдлыг хангах, парламентын засаглалаа улам боловсронгуй болгох, улс төрийн намыг бодлогын байгууллага болгон төлөвшүүлэх, санхүүжилтийг нь ил тод, хуулийн нарийн зохицуулалттай болгох, бүх шатны сонгуулийн зардлыг бууруулах, шударга сонгууль явуулах нөхцөлийг баталгаажуулах зэрэг асуудлаар санал солилцов. Эдгээр асуудлаар дэлгэрэнгүй ярилцсаны дүнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиудыг батлах чиглэлд УИХ-д суудалтай бүх улс төрийн намууд цаг алдалгүй зөвшилцөж, хамтран ажиллах нь чухал гэж үзлээ.

            Зөвшилцлийн Ажлын хэсгүүдийн уулзалт ирэх долоо хоногт Засгийн газар байгуулах, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлах зэрэг тодорхой асуудлуудаар үргэлжлэх бөгөөд эдгээр хэлэлцээрт МАН-ын Ажлын хэсэг оролцох эсэх нь тус намын Бага хурлаас гарах шийдвэрээс хамаарахаар байна.