УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийв. Мөн засагт хамтрах талаар гаргасан Бага хурлын шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээлэл өглөө.

МАН-ын үндсэн дүрмийн дагуу Засгийн газарт хамтрах эсэх асуудлыг Бага хурал шийддэг. АН, МАН-ын бүлгийн зөвшилцлийн ажлын хэсгүүд дөрвөн удаа уулзаж, баасан гаригт зөвшилцлийн санамж бичигт гарын үсэг зурсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс засагт хамтрах эсэх талаар МАН-д тавьсан саналыг УИХ дахь МАН-ын бүлгээр дөрвөн удаа, Удирдах зөвлөлөөр гурван удаа хэлэлцсэн. Бага хурлыг хуралдуулахын өмнө 21 аймаг, есөн дүүргийн намын хороодын улс төрийн шийдвэрийг сонсож, нийслэл, орон нутгийн 2500 хүний дунд экспресс судалгаа хийсэн гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ. МАН-ын Бага хурлын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Засгийн газарт хамтран ажиллах саналыг дэмжсэн. Энэ саналыг дэмжихдээ Бага хурлын гишүүд хэд хэдэн зарчмын асуудлыг хөндсөн байна. Эдийн засаг хямарсан энэ үед МАН намынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих бус, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэх ёстой гэсэн байр суурь Бага хурлын гишүүдийн дунд давамгайлж байсан. Хэрвээ засагт хамтрах саналыг хүлээж авахгүй бол эдийн засгийн хямрал цаашид улам хүндрэх магадлалтай учир эхний ээлжинд уналтыг зогсоохын төлөө ажиллах нь чухал гэсэн саналыг Бага хурлын олон гишүүд хэлснийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдээллээ. Бага хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илгээлт явуулсан, олон иргэний нийгмийн байгууллага улс орон, ард түмнийхээ эрх ашгийг бодолцож шийдвэр гаргахыг уриалсан байна.

"Зөвшилцөх баримт бичигт нэг ч сайдын томилгооны асуудал хөндөгдөөгүй. Бид засагт хамтарсан тохиолдолд улс төр, эдийн засгийн хүрээнд зарчмын ямар асуудлаар зөвшилцөхөө тодорхой болгосон. Жишээлбэл, Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулах, өр зээл, сонгуулийн хууль гэх мэт олон асуудлаар санал солилцсон" гэж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэллээ.

Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Дараагийн Засгийн газарт "давхар дээл"-тэй хүмүүс ажиллуулах уу?

Д.Оюунхорол:

-Сөрөг хүчин байхдаа бидний ярьж байсан гол зарчмын асуудлууд бий. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хориглох Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг манай намын бүлэг дэмжиж байсан. Өмнө нь энэ асуудал яригдаж байхад "Үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно. Энэ бол 30 хувь гэсэн үг. Харин үлдсэн 70 хувьд нь мэргэжлийн сайд томилох нь зүйтэй гэсэн" байр суурьтай байсан. Тиймээс бид өмнөх байр сууриа баримталж хэлэлцээрт орно. Цаг хугацаа бага учраас салбараа сайн мэддэг мэргэжлийн хүн байх ёстой. Чадварлаг, мэргэжлийн Засгийн газар байх ёстой гэсэн зарчмыг баримтална.

-2012 оны сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газраас АН гарч байсан. Харин танай нам яг үүн шиг 2016 оны сонгуулийн өмнө гарахгүй гэх баталгааг өгч чадах уу?

Ж.Мөнхбат:

-2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдахад МАН ороогүй байж өнөөдөр засагт орох гэлээ гэсэн мэдээлэл яваад байна. Энэ бол ташаа ойлголт. Тухайн үед Ерөнхий сайд Н.Алтанхуягт засгаа байгуулахдаа санал тавиагүй. Хоёрдугаарт, МАН парламентад 45 суудалтай байхдаа АН-ыг засагт урьж ажилласан. Хоёр нам хамтарсан хугацаанд улсын эдийн засаг түүхэнд байгаагүй 17 хувийн өсөлттэй болж, ард иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдэж, томоохон төслүүд гацаанаас гарч байсан.

 МАН олон жил ачааны хүндийг үүрч явсан улс төрийн тулхтай хүчний хувьд эргэж буцаад байдаггүй. Таны асуусанчлан засгаас гарах эсэх нь бидэнтэй хамтран ажиллах АН нь хийж хэрэгжүүлнэ гэсэн ажлаа хэрхэн хийхээс, баримтална гэсэн зарчмууд дээрээ хэр үнэнч байхаас л шалтгаална. Энэ бол МАН-аас биш биднийг урьсан улс төрийн хүчнээс л шалтгаална.

-МАН засагт хамтарснаар эдийн засаг яаж сайжрах вэ. Сөрөг хүчний хяналтыг хэн яаж тавих вэ. Та бүхэн сөрөг хүчин байхдаа засаг төрийн ажилд шүүмжлэлт байр сууринаас ханддаг байсан шүү дээ?

Ж.Мөнхбат:

-Хамтарна гэдэг бол бүх буруу юмыг өөгшүүлээд таг дуугүй болж амаа үдүүлнэ гэсэн үг биш. Зөв бодлогыг дэмжиж, буруу бодлогыг шүүмжилж л явна.

Н.Номтойбаяр:

-Засагт хамтарлаа гээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ярьж байсан зүйлээсээ бид ухрахгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө хяналт тавьж зөв алхмыг хийнэ. Энэ бол хяналтын чухал хэлбэр. Ардын нам энэ засагт орсноороо эдийн засаг сайжрах уу гэж асууж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын маань эдийн засаг, нийгмийн байдал маш хүнд байдалд орсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Мэдээж хамтарснаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл найдвар сэргэнэ. Мэргэжлийн чадварлаг боловсон хүчний томилгоог бид хийж ажиллана. Унаад байгаа эдийн засгийг зогсоож ажиллах нь нэн тэргүүний зорилт. Энэ хүрээнд 1.6 жилийн дотор эдийн засгийг хямралаас гаргах эрчимжсэн богино хугацааны төлөвлөгөөг боловсруулж ажиллахаар зөвшилцсөн. Тиймээс эхлэх цэгээ ард иргэдэд ойлгуулж ажиллана.

Д.Оюунхорол:

-МАН-ын төр барьж байсан туршлага, боловсон хүчний нөөцийг улс орны эдийн засаг хямарсан үед ашиглах ёстой. Юуны өмнө эдийн засгийн уналтыг зогсоох ёстой. Улстөржиж цаг алдахгүй, хагарлыг улам дэвэргэхгүйгээр ийм хүнд үед улс орноо, ард түмнээ бодох нь зөв зүйтэй гэж Бага хуралд үг хэлсэн хүмүүс хэлж байсан. Бид улс төрийн соёл гаргаж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйл бол зөвшилцлийг бий болгох явдал. Харин энэ зөвшилцлийг бий болгож чадвал ард түмний амьдрал дээшлэх, улс орон хөгжих боломж бий болно.