Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахын төлөө  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд  нар үгсэн хуйвалдаж, өмгөөлөгчтэй ярьж  байгаа бичлэг цахим ертөнцөд тарсан. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа юм.

Экс хурандаа нарыг  шалгагдаж байх хугацаанд буюу 8-р сарын 30-ны өдөр ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар асан С.Баатаржав тушаал гарган Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, хурандаа Х.Доржсүрэн, ЭЦГ-ын дарга, хурандаа Н.Ууганбаяр, тус газрын дэд дарга н.Ариунболд  нарыг дутагдал гаргасан гэх шалтгаанаар халж, тэдний цолыг хураан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Тэгвэл энгийн иргэн болсон экс хурандаа нарын нэг болох  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга асан, экс хурандаа Ц.Батсүх ажилдаа эргэж  орохоор Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд гомдол гаргаад байгаа гэнэ. Өдгөө гомдлыг уг шүүхэд хянаж байгаа ажээ.

Уг нь  Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд маргаантай байгаа асуудал  шийдэгдсэний дараагаар  Захиргааны хэргийн шүүхэнд хандах эрх нь үүсэх талаар тусгасан байдаг. Тэгэхээр  ТЕГ-т  Эрүүгийн хуулийн 82-р зүйл буюу  Төрийн эрх мэдлийг  хууль бусаар авах гэж хуйвалдсан  гэх үндэслэлээр шалгагдаж байж ажилдаа эргэж орно гэж өргөдөл өгч байгаа нь  хууль бус үйлдэл болж  таарч байгаа юм.  

Нөгөө талаас Шүүхийн байгууллага ч гэсэн  ТЕГ-т шалгагдаж байгаа хэргийг  хянаж л байдаг. Шударга байхын төлөө өнөөдөр хамгийн өндөр цалинг авч байгаа улсууд бол шүүхийнхэн. Тэгтэл өөрсдөө улаан цагаандаа гарч ийнхүү хууль зөрчиж байгааг хэрхэн ойлгох вэ?

Үүнээс болж цагдаа нар өнөөдөр тайван ажлаа хийж чадахгүй болж байна. Өөрөөр хэлбэл экс дарга ажилдаа эргэж орсон тохиолдолд өөрөөс нь тайлбар, байцаалт авсан цагдаагийн ажилтнаас  “өшөө”-гөө авна авдаггүй юмаа гэхэд дарамтална. Мөн  өөрийнхөө хүнийг хурган даргаар тавьж халаа сэлгээ их хийж, “бантан”-г утгаар нь найруулах нь тодорхой болж байгаа юм.  

Тиймээс шүүхийнхэн болон төлөө  Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга асан,  экс хурандаа Ц.Батсүх нар энэ бантангаа больж, Монгол улсын хуулийг гууль болгохгүй байхыг анхааруулж байна.  

А.Баярмаа