“Дуулиант-7”
2014/12/05
Өнгөрч буй долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцлон хүргэж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг тоймлон хүргье.
1. -ССАЖЯ-ыг татан буулгаж, Аж үйлдвэрийн яам байгуулна-
Ч.Сайханбилэг 2014 оны 11-р сарын 21-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд болсон билээ. Түүнийг Ерөнхий сайд болоход УИХ-аас 14 хоногт багтаан Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн барь гэдгийг анхааруулсан. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 13 хоногт багтаан өөрийн засгийн газрын бүтцээ өргөн барьсан байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон салбарын сайд гээд нийт 19 гишүүн ажиллах юм байна. Ч.Сайханбилэгийн хувьд Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулахаар болсон байна.
Тодруулбал, Засгийн газрын бүрэлдэхүүнд доорх сайдууд ажиллах юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд; Гадаад хэргийн сайд; Сангийн сайд; Хууль зүйн сайд; Аж үйлдвэрийн сайд; Батлан хамгаалахын сайд; Барилга, хот байгуулалтын сайд; Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд; Зам, тээврийн сайд; Уул уурхайн сайд; Хөдөлмөрийн сайд; Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд; Хүнс, хөдөө аж ахуйн сайд; Эрчим хүчний сайд; Эрүүл мэнд, спортын сайд; Монгол Улсын сайд. Засгийн газрын бүрэлдэхүүн дэх “шинэ хүн” нь Монгол улсын сайд байлаа.
Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: “Монгол Улсын сайд нь үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, төслийн хэрэгжилтийн явцыг бодлогын удирдамж, чиглэл, зохицуулалтаар байнга хангаж ажиллах бөгөөд ингэснээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд зохих үр дүн гарах боломж нэмэгдэнэ” гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын сайдын эрхлэх асуудлын хүрээнд яам ажиллахгүй юм байна. Засгийн газар нь 15 яамтай ажиллах бөгөөд үүнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хууль зүйн яам ерөнхий чиг үүргийн яам байх ажээ. Харин Аж үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэнд, спортын яам нь чиглэлийн яамд байх ажээ. Засгийн газрын 15 яам, 19 гишүүнтэй байх нь тогтчихсон болохоор АН-10, МАН-6, Шударга ёс эвсэл гурван сайдтай байх тохироо хийгдсэн байгаа. Одоо харин аль нам аль яамаа авах тохироогоо хийх л үлдлээ.
2.-Чингэс бондын хүүнд 5 аймгийн адуу, зургаан аймгийн хоньтой тэмцэх мөнгийг өгнө-
УИХ-ын гишүүн эдийн засагч Н.Ганбямба МАН-ын нөхдөө АН-ынхантай нийлж нэгдэх хэрэггүй хэмээн Бага хурал дээрээ ятгаад дийлсэнгүй.
Тэрбээр “МАН засагт хамтраад хэрэггүй. Жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаана гэдэг шиг зарим нь 1,6 жилийн дараа амаа барих вий гэж эмээх юм. Бид 2017 оноос өрөө төлж эхэлнэ. Зөвхөн хүүнд нь гэхэд таван аймгийн адуу, зургаан аймгийн хоньтой тэмцэх хэмжээний мөнгийг төлөх нь. Ч.Сайханбилэг сайд дахин 1 тэрбум ам.доллар авна гэх юм. Тэгвэл үүнийг нь таслан зогсоох хэрэгтэй.
Хариуцлага тооцохгүйгээр цааш явж болохгүй, Хямралын гарцаа тодорхойлоогүй байж хамтрах тухай ярьж таарахгүй” гэж байсан юм. Гэвч дээрээсээ "Засагт хамтар" гэдэг үүрэг авсан намын бага хурлын гишүүд түүний үгийг тоож ч сонссонгүй.
Эх сурвалж: : www.shudarga.mn
3.-Соёл, Соёлын яам Монголчуудад хэрэггүй гэж үү?-
Аливаа үндэстнийг Соёл, Нийтийн баяр, Гамшиг, Гадны халдлага гэсэн дөрөвхөн хүчин зүйл нэгтгэж байдаг хэмээн Германы нэрт судлаач, философич, социологч М.Вебер цохон тэмдэглэсэн байдаг.
“Соёл” гэж хүн төрөлхтний язгуур үнэт зүйлс, хүний хөгжил, аливаа ард түмний тогтвортой хөгжлийн үндэс, төр улс оршин тогтнохын баталгаа, харилцан ойлголцох түлхүүр, хүний сайн сайхан амьдралын эх сурвалж, унаган байгаль, эх дэлхийтэйгээ идээшин зохицож ирсэн амьдрах ухаан, урлаг, уран сайхан, утга зохиол, зан заншил, ёс суртахуун, хэл соёлын тогтолцоо билээ.
“Уламжлалт соёл” гэж Монголчуудын үеийн үед өвлөн уламжлуулж ирсэн, урлаг, уран сайхан, утга зохиол, зан заншил, ёс суртахуун, хэл, соёлын тогтолцоог хэлдэг. Гэтэл хамгаас хэрэгтэй хэмээн тунхаглан хуульчилсан тогтоомжоо зөрчих нь зүйд хэр нийцтэй бол!!!
“Соёл, Соёлын яам” Монголчууд бидэнд хамгаас хэрэгтэй гэдгийг хуулиар тогтоохдоо, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенци, НҮБ-ийн Ерөнхий ассемблейн 2011 оны 65/166 тогтоолд: “Соёл бол тухайн үндэстний хөгжлийн тулгуур, төр улс оршин тогтнохын баталгаа, хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийг хурдасгагч хүчин зүйл” хэмээн томъёолсон байдаг аж.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолд: “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 1.1.6-д “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” болохыг тунхагласан бөгөөд “Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг төр ивээлдээ авч, ... биет болон биет бус соёлын өвийг хамгаалан хөгжүүлж”, “хүүхэд, залуучуудад түүх, соёл, зан уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх ажлыг хэрэгжүүлэх”-ийг заасан байдаг. Түүнчлэн манай орон зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш соёлын салбарт хувийн хэвшлийн эзлэх хувь хэмжээ, өрсөлдөөн өдрөөс өдөрт улам бүр нэмэгдэж, тэр хэрээр ашиг орлого ч энэ салбарт нэмэгдсэн. Мэдээж улс орон соёлын бодлого баримталж байж хөгжих гүүр болно гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Харин өдгөө улс орон хямралд орлоо гээд соёлоо устгах бодлого баримталж болохгүй байлтай. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 51 музей, сум дүүргийн 340 гаруй соёлын төв, 1500 гаруй номын сан, 130 гаруй хувийн хэвшлийн хэвлэх үйлдвэр, хэвлэлийн агентууд, 500 гаруй хувийн хэвшлийн кино студи, продакшн, 10 гаруй хувийн хэвшлийн цирк студи, төрийн болон төрийн бус байгууллагад нийтдээ 7200 гаруй үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна гэсэн албан бус тоо бий.
Зөвхөн төрийн өмчийн соёлын байгууллагад 5800 гаруй соёлын ажилтан, уран бүтээлч ажиллаж байна. Ийм байхад шинээр Ерөнхий сайдын албан тушаалд сонгогдсон Ч.Сайханбилэг, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулахаар болж Засгийн газрын бүрэлдэхүүнээ өргөн барилаа. Тэрбээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгаж, Боловсрол, шинжлэх ухааны яамтай нэгтгэн “Боловсрол, соёл, шинжлэх ухааны” яамыг шинэчлэн байгуулахаар болоод байгаа юм. Ийнхүү Монголын мянга мянган уран бүтээлчид болоод урлаг соёлын байгууллагууд хөсөр хаягдлаа.
4.-ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн улсын мөнгийг сая саяар нь цацаж байна-
УИХ-ын дарга З.Энхболд олон нийтийн анхаарал татахуйц төрийн албан хаагчдын дураараа дургиж байгаа бүхэнтэй тэмцэж байгаа билээ. Тэрбээр өмнө нь "Жаазтай улс төрчид"-ийг зад загнан жаазанд өгсөн мөнгийг нь улсын орлого болгож байсан бол сүүлд татварын байцаагчдын хэргийг илрүүлэн холбогдох газруудад нь шалгуулж урамшуулал нэрээр асар их хэмжээний мөнгө төгрөг хувьдаа авсныг буцааж улсад төлүүлхээр болсон юм.
Тэгвэл саяхнаас нэгэн хэрэгт анхаарлаа шинээр хандуулж эхэллээ. ИНЕГ-ын дарга Т.Лхагвасүрэн гэгч өөрийн найз нөхөд, охиныхоо найз залуу зэргийн сургуулийн төлбөрийг улсын орлогоор буюу ард түмэнд очих байсан мөнгөөр тэтгэж байсныг эсэргүүцэн өөрийн твиттер хуудсаараа дахин дамжуулалт хийжээ.
Удахгүй тэрбээр энэ асуудалд ажлын хэсэг томилуулан ажиллуулж холбогдох дарга нарт арга хэмжээ авах нь нэгэнт тодорхой боллоо.
Баримтыг эндээс
5.-Манай улс авлигын үзүүлэлтээр 80 дугаарт жагсчээ-
Засгийн газар, улс төр, бизнес, иргэний нийгмийн байгууллагыг авлигаас ангид байлгах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 100 гаруй оронд салбартай олон улсын "Транспэрэнси интернэшнл" байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авлигын түвшний судалгааг хийдэг.
Энэхүү авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнг жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр дэлхийн улс орнуудад нэгэн цагт ил болгодог. Олон улсын "Транспэрэнси интернэшнл" байгууллагын монгол дахь салбар "Транспэрэнси интернэшнл-Монгол" байгууллагаас өнөөдөр 11:00 цагт судалгааны дүнг танилцууллаа.
Дэлхийн 183 орноос Монгол Улс 80 дугаар байрт жагссан байна.Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурван байраар урагшилсан үзүүлэлт аж. Манай улс өнгөрсөн жил 83 дугаарт, 2012 онд 94 дүгээрт, 2011 онд 120 дугаарт жагсаж байжээ.
Энэ жилийн судалгааг тэргүүлсэн буюу авлигагүй улсаар Дани, Шинэ-Зеланд, Швед гурав эхний байруудад жагссан бол хамгийн сүүлд Сомал улс түүний дээр Бүгд найрамдах ардчилсан Солонгос улс, Афганистан зэрэг орнууд бичигджээ.
6.-“Гоёл-2015” наадмын тэргүүн титмийн эзнээр Х.Бадамгэрэл тодорлоо-
“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл энэ цагийн шилдгийн шилдэг нь болохоо харуулж “Гоёл-2015” наадмын тэргүүн титмийн эзэн болж, “Топ модель”-иор өргөмжлөгдлөө.
Монголын хувцас загварын ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг “Гоёл” наадам энэ жил 26 дахь удаагаа болж өндөрлөлөө. Харин “Гоёл-2015” наадмын Гранпри шагналыг “Говь” ХХК-ийн дизайнер Э.Батцэцэг “Эдүгээ” коллекциороо хүртсэн бол “Шилдэг загвар зохион бүтээх товчоо”-гоор “Сити” дээд сургуулийн “Монголжингоо” загварын товчоо шалгарав. Ийнхүү топ модель хэн болох бол гэсэн үзэгчдийн сэтгэл түгшээсэн асуултын хариу ч тодорхой болов. Өөрөөр хэлбэл, нүдээ олсон шагналын эзнээр загварын тайзнаа 10 жил алхсан Х.Бадамгэрэл шалгарч, мэргэжил нэгтнүүдээ болон загварын ертөнцөд хайртай хэн бүхнийг баярлууллаа.
7.-Хулхидалт хэрэггүй-
Эдийн засгийн хямралд өртсөн манай улсын эдийн засаг арай хийн хөл дээрээ дэнжигнэж байна. Гадаад валютын ханш өсөхийн зэрэгцээ хүнсний болоод бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж тэнгэрт хатсан үнэ ноёлж эхэлдэг. Үүнд, Монголчууд бидний нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолыг наймаачид андахгүй үнийг өсгөдөг хэмээдэг байсан цаг саяхан. Гэтэл өдгөө тэнгэрийн үнэ хэлээд зогсоход хэчнээн гоё, сайхан зүйл байсан ч худалдаж авахааргүй болж, ард иргэд. Тэдний халаас нимгэрч цалингаас цалингийн хооронд явдаг систем нь хоногийн хоолноос хоногийн хоол руу гэх болсоныг нуух юун.
Төрд суугаа эрхэмүүд мөрийн хөтөлбөртөө ард иргэдийг ядуу тарчиг байдлаас ангижруулна торгон дээр тоглуулж тосон дээр умбуулна л гэх нь холгүй "амлалт"-ыг өгдөг. Тухайн үед тэрхүү амлалтуудыг бүгдийг биелэхгүй гэдгийг мэдсээр байж бид тэднийг өөрсдийн төлөөлөлөө болгож төрийн түшээ болгосон хөөрхийс.
Улстөрд гарч төрийн эрхийг түшилцсэн нөхдийн амлалтаас цухас дурдвал, ард түмний мөнгийг хэмнэе, талх, гурилны үнийн өсөлтийг хамтгаалах сан байгуулж үнийн зөрүүг иргэдэд олгоно, иргэн бүрт эрдэнийн хувийг өгнө зэрэг амлалтыг өгсөн байгаа юм.
Гэтэл өнөөдөр бодит байдал дээр юу ч өөрчлөгдөөгүй. Харин ч иргэдийн худалдан авах чадвар буурч, худалдаачид түрээсийн төлбөрөө өгч чадахгүй байна. Юун иргэдийн мөнгийг хэмнэх татварын мөнгийг ээл, өгөөжгүй хөтөлбөр, төсөлд үрэн таран хийсэн. Талх, гурилны үнийн өсөлтийг хамтгаалах сан байгуулж үнийн зөрүүг иргэдэд олгоно гэх амлалт биелэсэн бол өдгөө ам.долларын ханшийг буулгаад өгөөч ээ гэж ядарсан иргэд чинь та бүгдээс гуйхгүй баймаарсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг 2012 оны есдүгээр сараас эхлүүлсэн. Энэхүү хөтөлбөрт 4 их наяд төгрөгийг зарцуулж байж бараа , бүтээгдэхүүний үнийг тогтворжуулсан байх жишээтэй. Үүнээс харахад л иргэдийн мөнгийг хэрхэн үрэн таран хийсэн нь тодоос тод харагдаж байна.
Огцорсон засгийн амласан амлалтыг суудлаасаа буусан Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас нэхээд ч нэмэргүй биз. Харин 28- дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол хүн бүрийн гар дээр байгаа хувьцаа үнэтэй, утгатай болгоно” гэдгээ мартах ёсгүй.
Мэдээж түүний ажлын амлалтанд нэн тэргүүнд эдийн засгаа хөл дээр нь босгох асуудлууд тусгагдсан. Тухайлбал, Шинэ Засгийн газар гурван чиглэлд ач холбогдол өгч ажиллана. Үүнд, нэгдүгээрт, эдийн засаг, хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, мөн эдийн засаг байх болно.
Эдийн засгаа системээр нь нэг оношлох цаг болсон. Нартай өдөр найрлаж, бороотой өдрүүдэд нь нөмгөн суудаг байдлаасаа одоо гарцгаая. Бороотой өдрүүд эхлэхэд хөрөнгийн хангалттай нөөцтэй, менежментийн зөв тогтолцоотой, эрдслийн шуурхай удирдлагатай эдийн засгаа одооноос бий болгох учиртай. Эдийн засгаа солонгоруулах бодлогоо жинхэнэ ажил хэрэг болгоцгооё гэдгийг онцлоод авсан.
Ард түмнээ олон жил хулхидлаа одоо бүү хулхидаарай. Сонгуулиос сонгуулийн хооронд иргэдийн амьдрал доройтож байна. Уг нь улстөрчидийн хэллэгээр бол өсөн дэвжиж иргэн бүр баян болж улс баяжсан байх ёстой. Гэтэл энэ нь эсрэгээрээ буй.
2008 оны сонгуулийн амлалтаар Монгол хүн бүр жилд сая төгрөг өгөхөөр болсон. Иймд Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталж, 2010 оноос бэлэн мөнгө тараах ажлаа эхлүүлэв. Эхний ээлжинд 70 мянга, дараа нь 50 мянган төгрөг. Жилийн турш нэг иргэнд 120 мянган төгрөгийг өгсөн. Харин 2012 он гарснаас хойш энэ мөнгө 21 мянган төгрөг болсон юм. 2010 онд улсын төсвөөс иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр 345 тэрбум төгрөгийг тараасан байдаг. Энэ мөнгө жил ирэх тусам өссөн. Одоо ч оюутан бүрт 70 мянган төгрөгийг өгсөөр.
Эдийн засгийг уруудахад баялагаа буруу ашигласан гэж эдийн засагчид дүгнэсэн. Хэтэрхий нийгмийн халамж, их хэмжээний тэтгэмж, халамж олгосон нь хямралын эхлэл тавигджээ.
Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа
өндөр болгох ну · 2014/12/07
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/12/06
Gg
Зочин · 2014/12/06
Ard tumen yaduurch bn
· 2014/12/06