Өнгөрсөн долоо хоногийн "Дуулиант 7" үйл явдлыг онцолж байна. Энэхүү дуулиант долоогийн жагсаалтанд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл урлагт өрнөсөн үйл явдал болоод онцлох нийтлэлийг уншигч авхай танд тоймлон хүргэж байна.

1.-Шинэхэн сайдууд тамгаа гардаж авав-

УИХ-ын нэгдсэн чуулганаар шинэ сайдуудаа томилж, тамгаа гардаж авлаа. 

Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайд- Д.Оюунхорол, ЗГХЭГ-ын даргаар С.Баярцогт, Гадаад хэргийн сайд- Л.Дүрэвсүрэн, Сангийн сайд-Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд-Д.Дорлигжав, Аж үйлдвэрийн сайд- Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайд-Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын сайд-Ц.Цолмон, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд-Л.Гантөмөр, Зам тээврийн сайд-Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд-Р.Жигжид, Хөдөлмөрийн сайд-С.Чинзориг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд-С.Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн сайд-Р.Бурмаа, Эрүүл мэнд, спортын сайд-Г.Шийлэгдамба, Эрчим хүчний сайд- Д.Зоригт, Монгол улсын сайд- М.Энхсайхан, Монгол Улсын Шадар сайд- У.Хүрэлсүх нарыг тус тус томилсон юм. 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сайд нарт улсынхаа хөгжлийн өмнө тулгамдсан асуудлуудыг нэг танхим, багийн зарчмаар шийдвэрлэж, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг уриаллаа. 

2.-С.Хорлоо эмээ шинэ байшинтай боллоо-

Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс өрнөж эхэлсэн. "Монгол тусгал” ТББ-ын гишүүд түүний тухай фэйсбүүк хуудаснаа бичиж, туслахыг уриалснаар сайн санаат залуус нэгдэн, сайн үйлсийн аян өрнөсөн юм.

Залуус эв санаа, хандив тусламжаа нэгтгээд айлын хашаанд амбаарт амьдардаг байсан эмээд хамгийн түрүүнд байшин барьж өглөө. 

Тэгвэл С.Хорлоо эмээ дулаан, тохилог байшинтэй болж, өчигдөр шинэ байшиндаа орсон сайхан мэдээг тус ТББ-ын залуус дуулгалаа. С.Хорлоо эмээд туслахаар 350 гаруй хүн сэтгэлийн өглөг өргөж сайн үйлсийг дэлгэрүүлэв.

3.-Есүгэний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав-

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөний улмаас 2012 оны есдүгээр сарын 3-ны өдөр нийслэлийн БГД-ийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн III эмнэлгийн баруун талд бетон зуурмаг, шахуургын хоолой унаж, замын тусгаарлах хэсэгт явж байсан 12 настай Б.Есүгэн охины амь насыг хохироосон хэрэг гарсан.

Эл хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрөгч наймдугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцсэн юм. Шүүхээс шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарт 1.6 жил хорих ял оногдуулжээ. Мөн шүүгдэгч Д.Болдын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жил хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Шүүгдэгч Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарын барилгын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.040.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулсан билээ. 

Харин хохирогчийн аав Ц.Батсайхан дээд шүүхэд гомдол гаргасныг энэ сарын 10-ны өдөр шүүн хэлэлцлээ. Уг шүүх хурлаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.

Хэргийг эргэн сөхвөл, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн захиалгаар “Төгс Гүрэн” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан барилгын долоон давхарт цутгалт хийхээр автопомп байрлуулах явцдаа 10-38 УНУ улсын дугаартай краны жолооч 50 метрийн урттай бетон зуурмаг шахуургын хоолойг унагасны улмаас дээрх осол гарсан.

4,-Иргэдийн дундаж цалин 792 мянган төгрөг гэж үнэн үү!!!-

-Та сард 792 мянган төгрөгийн цалин авдаг уу?-

Манай улсын иргэдийн дундаж цалингын хэмжээ 792 мянган төгрөг гэсэн судалгаа гарчээ. Та ийм хэмжээний цалинг авч чадаж байна уу? Мэдээж иргэдийн дийлэнх нь "үгүй" хэмээн хариулах биз. Гэхдээ хүмүүс авдаг юм байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгааг дэлгэрэнгүй танилцуулья. 

2014 оноос өмнө ажиллагчдын сарын дундаж цалин үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж байгууллагаас түүвэрлэн тооцож байжээ. Үүнийгээ өөрчлөн энэ оны нэгдүгээр улиралаас эхлэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэлж төлж буй бүх аж ахуй нэгж байгууллагыг хамруулан гаргадаг болсон аж. 

Ингэснээр ажиллачдын сарын дундаж цалин аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны хоёр бүлгээр тооцож байснаа таван бүлгээр илүү дэлгэрэнгүй гардаг хэмээн тайлбарлав. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны 3 дугаар улиралд нийт 34.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ. Эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 792.8 мянган төгрөг. Үүнээс эмэгтэйчүүдийнх 722.3 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 863.1 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1483.0 мян.төг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 553.0 мян.төг байна. Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)- ын ажиллагын ажиллагчдын тооны бүлгээр харахад 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 544.4 мянган төгрөг.

Харин 10- 49 ажиллагчтайнх 678.3 мянган төгрөг, 50- 99 ажиллагчтайнх 721.3 мянгөн төгрөг, 100-199 ажиллагчтайнх 785.9 мянган төгрөг, харин 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1079.7 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2014 оны 3 дугаар улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 971.6 мянган төгрөг байгаа аж. 

Энэхүү судалгаа хэр үнэнд ойр вэ? Өөрөөр хэлбэл, амьдрал дээрээ ийм хэмжээний цалин авдаг иргэд хэр олон бол!!! Иргэдийн дундаж цалинг бодож гаргахдаа хичнээн хүн 792 мянган төгрөгийн цалин авдаг вэ гэдгийг бас судлаж үзэх хэрэгтэй. Цөөн хүний авдаг цалингаар нийт улсын хэмжээнд иргэдийн дундаж цалинг тодорхойлж боломгүй мэт. 

5.-Бодибилдингийн ДАШТ-ээс алт, мөнгөн медаль авлаа-

Энэ сарын 05-10-ны хооронд Энэтхэгийн Мумбай хотноо зохион байгуулагдах Бодибилдингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.  Тэмцээнд эх ороноо төлөөлөн  Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн Г.Мянганбилэг, А.Саруулбат, Г.Жамц, Г.Дорж, Ж.Нурлан, Б.Хүсэлтүвшин, Г.Гансаруул, С.Насанбуян нарын шилдэг найман тамирчин оролцлооо.

Тэмцээнээс Монголын дөрвөн удаагийн аварга, Ази тивийн хошой хүрэл медальт Ж.Нурлан анхны алтан медалийг авсан бол, Фитнесс ангилалд Азийн аваргын мөнгөн медальт Б.Хүсэлтүвшин мөнгөн медалийн эзнээр тодорлоо. 

Ингэснээр манай улс  Бодибилдингийн Дэлхийн аваргаас анх удаа алтaн медальтай болов.

6.-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг одоо л зориулалтаар нь ашиглая-

Хүүхдийн болон төрөх эмнэлэг хангалтгүй байгаа талаар байнга ярьдаг ч барилгыг нь бариад ашиглалтад оруулах гэж хэдэн жил дамнаж байгаа билээ. Азаар цахим ертөнцөөр тарсан эмнэлгийн хүрэлцээ тааруу байгаа зургууд төрийн түшээдийн  хараанд өртөж  ирэх жилийн 2-р сар гэхэд нэг  эмнэлэг зохицуулж өгөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

Тодруулбал, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь жигдрүүлэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс нь санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Нэгэнт улсаас төсөв мөнгийг нь гаргаж  өгөх юм чинь олон нийтэд хүртээмжтэй байхаар, бас эмнэлгийн байрыг зориулалтаар нь ашиглах хэрэгтэй гэсэн  “горим”-ын саналыг дэвшүүлж байна.  Одоо Хууль зүйн яамныхан конторлож байгаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байр нь анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан болохоор тус байранд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад болохгүй  гэх зүйлгүй. 

Нөгөө талаас тус эмнэлгийг ашиглалтад оруулсан тохиолдолд хүчин чадал нь одоо байгуулах эмнэлгийнх нь хүчин чадлаас  их болохоор ард түмэнд хүрч үйлчлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл,

Төрийн тусгай албан хаагчдын өргөтгөлийг зориулалтаар нь ашигласан тохиолдолд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, нийтдээ 240 хүний ортой, жилд 2-3 мянган хүнд хагалгаа хийж, 7-8 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 120,000 мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай болох юм.

Засгийн газрын шийдвэрээр байгуулах гээд байгаа 150 ортой эмнэлэгт нь Хууль зүйн яамны 130  хүн багтаад шингэх биз.  Харин 1.3 сая  оршин суугчтай нийслэлчүүдэд 150 ортой эмнэлгээс 240 ортой эмнэлэг нь хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр татан буугдсан яамныхаа байранд Хууль зүйн яамныхан нь  конторлоод Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглаад Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрүүлжүүлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй биз.

Тэгээд ч одоо Хууль зүйн яам конторлож байгаа нь байр нь анхнаасаа хууль бус байсан юм.  Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ажлаа авсан даруйдаа  дээрэмдсэн.  Ингэхдээ  Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан байна. Тэгтэл уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн, түүнчлэн Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга Хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдон тухайн барилга болон түүний доторхи тоног төхөөрөмжийг Хууль зүйн сайдын зүгээс хариуцан хамгаалж байх үүрэгтэй байсан. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны нэгдүгээр сарын наймны өдөр 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат эвдрэх  шахсан.

Энэ удаад Хууль  зүйн яамныхан хүүхдүүдтэй байр сав булаацалдаад суухгүй  гэдэгт итгэж байна. Монголчуудынхаа ирээдүйн төлөө энэ саналыг ажил хэрэг болговол улс төрчдийн нэр хүнд өсөж, ард түмэндээ ч ашигтай байх бизээ.

7.-Дугаарын хязгаарлалтыг цуцлaагүй-

Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн автомашины дугаарын хязгаарлалт энэ сарын 11-нд дууссан тул өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн мэдээлэл зарим мэдээллийн цахим хуудсаар түгсэн. 

Энэ талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Дугаарын хязгаарлалт цуцлагдсан гэдэг ташаа мэдээлэл. Харин энэ сарын 15-нд болох НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмээний тухай асуудлыг хэлэлцэнэ. Уг асуудалд дугаарын хязгаарлалт 07:00-22:00 цагийн хооронд үйлчилдэг байсныг 08:00-21:00 цаг болгож өөрчлөх талаар тусгасан байгаа" хэмээн тайлбарыг өглөө. Иймд дугаарын хязгаарлалтыг цуцлаагүй гэдгийг жолооч нарын анхааралд хүргэж байна. 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа