Үзэгчдийг өөрийн тоглосон дүрээрээ татаж чаддаг авьяаслаг жүжигчин бол МУСТА О.Долгор. Тэрбээр "Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан.

“Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу" кино, "Хөлтрөг", "Улаан пальто", "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд тоглосон билээ.

Амьдралынхаа ханиар мэргэжил нэгт Э.Чинзоригийг сонгосон. Хосууд хүү, охин хоёртой. Түүнд ханийх нь өгсөн хамгийн том бэлэг нь жил бүрийн он солигдох мөчид хэлдэг бэлэг дэмбэрэлтэй үгс гэнэ шүү. Энэ талаар жүжигчин бүсгүй "Эд материалын хувьд олон л баяраар гоё гоё бэлэг авдаг. Гэхдээ тэр дундаас шинэ жилийн орой, он солигдохын зааг дээр хань минь хоолойгоо засан, босож ирээд л хэлдэг тэр ерөөлийн үгс бэлэг шиг санагддаг. Тэр нь өнгөрч байгаа жилээ дүгнэсэн, ирж буй жилдээ эрч хүч хайрласан гэрийнхээ ноён нурууг мэдрүүлсэн жинтэй тийм сайхан үгийг хэлдэг юм. Гэхдээ энэ нь жил бүр хэлдэг тогтсон үг, ерөөл бол биш. Тэр үгсийг сонсохоор л их урам зориг, эрч хүч, гэрэл гэгээг мэдэрдэг дээ. Ер нь эдээр хэмжигдэх ямар ч бэлэг дагуулахгүй шүү. Цагаан сараар засал хийлгэдэг шиг, шинэ жилээр ханиараа ерөөлийн засал хийлгэчихнэ" гэв.

Д.Ана