Төрийн данс нь хасахтай гарч, төр засаг нь ард түмнийхээ халаа­сыг тэмтэрсэн тун хүнд цаг үе ир­чихээд байна. Өргөн хэ­рэг­лээ­ний бараа бүтээгдэ­хүүн өдөрт л 10-20 төгрөгөөр нэмэг­дэж бай­гаа ч, ажилтан, албан хаагч­дын цалин нэмэгдэж байгаа юм алга. Уул уурхайгаас ашиг олж ча­дахаа больчихсон, ард иргэ­дийн­хээ халаасыг хасч танахдаа хүрчихээд бай­гаа­­гаа улстөрчид зар­лаж эхэл­сэн. Мэдээж эдийн засгийн хүнд хэцүү үед хүн бүхэн л энэ шийдвэрийг хүн­дэт­­гэж цалингаа тануулах нэг нь тануулж, элдэв төр­лийн ха­ламжаас татгалзах шийдвэ­рийг нь дэмжиж байгаа.

Гэтэл Зас­гийн газар, парламент, яам агентлаг, улс төрийн намуудад энэ хямрал нөлөөлж байгаа шинж алга байна, одоогоор. Ал­бан тушаалын төлөөх дайн улс төрийн намууд дунд өрнөж, бүгд дарга гэх сэтэрийн төлөө үхэн хатан тэмцэж байгаа. Намын толгойд суусан цөөхөн хэдхэн гишүүд нь “дарга” гэсэн автор өөр дээрээ нааж л байвал сэтгэл нь амардаг болчихсон жишээ чамгүй олныг дурьдаж болно. Саяхан л улс орны эрх ашиг, эдийн засгийн хүнд­рэ­лийн төлөө хэмээн сүр­жин, сүржин томьёолол гар­гаж хамтрах гэрээ зурсан МАНАН-ынхан Төрийн нарийн бич­гийн дар­гын суудлаас болж хага­рал­даж эхэлжээ. 

Хууль зөрчин то­милгоо хийсэн хэмээн мэдэг­дэл хийж, шүүх цагдаадаа хүрч байгаа МАН-ынхан үнэн төр­хөө сар ч хүрээгүй байхад ха­руулчихлаа. АН ч ялгарах юм алга. 10 мянган албан хаагчаар “туг тахина” хэмээн зарлаж, хасна, танана гэсэн хатуу мэ­дэг­дэл хийх атлаа дээгүүрээ тол­гой­гоо данхайлгаж, тар­хиа даахаа больж байх жишээ­ний. Үүнд холын жишээ ч хэ­рэ­г­гүй. Өнгөрөгч долоо хо­ногт тан­хи­мын халаа сэлгээ хийсэн­тэй холбогдуулан парламент до­тор “даргын сунгаа” явагдав. Байн­гын хорооны дарга, бүлгийн дар­га болох гэсэн сонирхол бүг­дэд нь төрж байсныг нуух юун. 

Парламентад төлөөлж суу­гаа МАН-ын 26, АН-ын 35 ги­шүүн бүгд дарга сэтэр зүү­чих­сэн гээд бод доо. Зуун ямаанд жаран ухна гэгчээр бүл­гийн 35-хан гишүүнд гурвын гур­ван дарга байхаар томилгоо хий­лээ. АН, МАН-ынхан бүл­гийн дарга нараас гадна тус бүртээ хоёр дэд даргатай бай­хаар томилгоо хийжээ. 100 хүн­тэй байгууллагад ч гур­ван дар­га байхгүй гээд хэлчих­вэл хэтийдсэн болохгүй. Ард түмний итгэл сэтгэлээр тог­лож, бэлэн мөнгө амлаж гарч ир­сэн тэдний намтарт юуны ч хамаагүй дарга л гэдэг үг би­чигдэж байвал болдог юм байх. 

Бүл­гийн дэд дарга бол бэлэгд­лийн чанартай албан тушаал. Яг л дэд сайдтай адилхан. Бү­лэг даргалж байгаа улстөрч эз­гүй үед ганц нэгхэн удаа байр сууриа илэрхийлж хэвлэлд мэдээлэл хийхээс хэтэрдэггүй. Бүл­гийн дарга ч ажилдаа ирэх­гүй байх тохиолдол маш ховор. Тий­мээс энэ ажлыг ганцхан дэд дарга л зохицуулаад яв­чих­­вал болно. Гэтэл хэнд ч ха­­маагүй дарга гэдэг сэтэр зүүж, доороо ганцхан хүнтэй дар­­га гэх албан тушаалтан төрд хэтэрхий олширчихлоо. 

УИХ-ын гишүүдэд хамгийн ба­гадаа хоёроос гурван “дарга” гэх гуншин дагалддаг. УИХ-ын гишүүн, тийм байнгын хо­­роо, дэд хорооны дарга. Мон­­гол-Япон, Монгол-Франц, Гер­­маны парламентын дарга, фрак­­цийн дарга, дэд дарга, ерөн­хийлөгч гэх мэтээр үргэл­жилнэ. Цааш­лаад нам дээрээ, сон­гогд­сон дүүрэг хорооноосоо ав­сан даргын албан тушаалыг нэм­чих­вэл нэг гишүүн нэлээд олон сэтэртэй болчихсон. 

Тэр­нээс хэд нь цалин мөнгө авдаг, тодорхой хэмжээний урам­шуу­лал сард авдаг вэ гэдэг нь одоогоор тодорхой бус. Намтарт нь дарга гэх үг чимэг болдог ч ашиг олохгүй даргын сэтрийг зүүх гэж өрсөлддөг гэж бодохгүй байгаа юм. Ё.От­гонбаяр гишүүн өнгөрөгч баа­сан гарагт халаа сэлгээ, хавт­гайрсан халамжийн тог­тол­цоогоо эхлээд дэд сайд на­раа­саа эхлүүлэхийг сануулж байсан билээ. 17 дэд сайд, чиг үүрэг нь давхардсан өч төчнөөн байгууллагуудын дарга, дэд дарга, орлогч нараас энэ хасалт таналтыг хэрэгжүүлье. 

Төрийн данс улайчихсан байгаа нь үнэн. Гэвч гишүүдийн утасны, ма­шины, хууль сурталчлах мөн­гө, юуны ч хамаагүй зөв­лөх, дарга нараас таналт хий­вэл 10 мянган жирийн албан хаагч ажилтайгаа үлдэх бо­ломж бий. Даргын суудлыг цөө­лөх ажлыг улстөрчид өөрс­дөө хиймээр байна. Яам­дуу­дыг салгаж нэгтгэсэн сур­гаар өнөөдөр ажлаас гэнэт ха­лагд­саны тэтгэмж байтугай, хоёр сарынхаа цалинг авч чадал­гүй халагдсан олон мянган тө­рийн албан хаагч гудамжинд гар­чихаад байгаа гэх. Гэтэл на­мын толгой дээр гарсан хэдэн нөх­дүүдийн халаасанд даргын үнэмлэх багтаж ядаж байна. 

МАН, АН гэх улс төрийн хоёр том хүчинг өөрсдийн ариун шударга хөдөлмөрөөр энэ өндөрлөгт хүргэсэн хүмүүс гудамжинд гуйлга гуйж явна гээд хэлчихвэл хэтийдсэн бо­лохгүй. Ардчиллын алтан хараа­цай, Ардын намын партизанууд тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө амь зогоож, төрийн сүлдэнд залбирч, төр засаг, түүхийг нь бүтээлцсэн нам нь хэзээ тэтгэх бол хэмээн харуулдаж суугаа. Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцсон 50 гаруй мян­ган ахмадуудад 1-2 өрөө байр, бэлэн мөнгөний тэтгэмж ол­гох хуулийн төсөл УИХ-ын даргын ширээний нүдэнд тоо­сонд дарагдаад хэвтэж бай­гаа биз. 

Ардын намын үйл хэ­рэгт амь биеэ үл хайрлан орол­цож бай­сан хэдэн зуун сэхээт­нүүд хэлмэгдүүлэлтийн хар шуур­ганд өртөж, тэдний үр хүү­хэд нь жилдээ нэг удаа тэд­нийгээ дурсч хөшөөнд нь цэцэг өргөхөөс өөрөөр төрөөс дэмжлэг авч чадаагүй явж бай­на. Олон мянган сэхээтний ха­луун амь бүлээн цусаар олдсон Ар­дын хувьсгалаар МАН шоу хийж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ төлөө хөр цас, хөхөө өвлийн хүйтнийг ч үл ажран тэмцэн ардчилсан хувьс­галыг АН-ын хэдэн фрак­циуд хувааж, өмчлөөд дууслаа. 

Гэ­тэл тэдний бүтээж босгосон намын нэр хүндийг зарж идэж байгаа цөөхөн хэдхэн “нялх сэнгүм”-үүд даргын төлөө үхэн хатан тэмцэж, төрийн албыг төрлийн алба болгож байгаа нь эмгэнэлтэй. Нэг даргын сууд­лаас нөгөө даргад шилждэг, нэг байнгын хорооны даргыг нө­гөөгөөр сольдог, дөрвөн жи­лийн цикльд дөрвөн газрын дэд сайд, даргаар ажилладаг уни­вер­сал нөхдүүдээс энэ ха­лаа сэл­гээгээ эхэлж, хасалт танал­таа хийе.

Б.Өнөртогтох