“Цасан ширхэг” Эх Дагины нууцыг дэлгэнэ
2014/12/25
Зохиолч Б.Шүүдэрцэцэг шинэ оны босгон дээр “Цасан ширхэг” хэмээх 4 дэх сонсдог номоо өлгийдөн авлаа. МУГЖ Г.Равдан, Мугж Л.Чаминчулуун, СУИС-ийн тайзны ярианы багш МУСТА Б.Даваа нарын өгүүлэхүйн урлагийн мастеруудын амилуулсан энэхүү CD-д “Эх дагины нууц”, “Ах”, “Өрөөсөн бойтогны дууль”, “Цасан ширхэг”, “Эмээ бид хоёрын зун” зэрэг 5 өгүүллэг нь багтжээ.
МУГЖ Г.Равдан Эх дагина Ц.Дондогдуламын тухай “Эх дагины нууц”, амьдралын хачирхалтай тохиолол, зэрэгцээ ертөнцийн нууцыг хөндсөн “Ах” өгүүллэгүүдийг чихэнд хоногштол уншсан нь гайхалтай. “Эх дагины нууц” бол социализмын үеийн үзэл суртлын кинонуудаар хөнгөмсөг, шуналтай, хэрүүлч эмэгтэйн дүрээр ард түмэнд буруу ойлгогдсон Эх Дагина Цэндийн Дондогдулам буюу Хөвчийн жонон бэйсийн хошууны Дунгаа бүсгүйн тухай анхны өгүүллэг юм.
МУГЖ Л.Чаминчулууны уншсан “Цасан ширхэг” өгүүллэгт архичин ээжтэй, эцэггүй бяцхан хүүгийн дүүгээ гэсэн халуу хайр, эцгийнх нь оронд эцэг болж бяцхан охин дүүдээ үлгэрийн мэт шинэ жил бэлэглэх чин хүслийн тухай өгүүлсэн бол “Өрөөсөн бойтогны дууль өгүүллэгт Зүүнгарын сүүлчийн хүчирхэг хаан Галданцэрэнгийн охин Уламбаяр хатан дүү Цэвээндоржнамжилынхаа төрийн хэрэгт дэм болж яваад гүтгэгдэн цаазаар авахуулсанбодит агаад эмгэнэлт түүхийг хүүрнэдэг аж. МУГЖ Л.Чаминчулууны шавь, СУИСыийн тайзны ярианы багш Б.Даваа зохиолчийн эмээдээ зориулж бичсэн дурсамж өгүүллэг “Эмээ бид хоёрын зун”-ыг амилуулсан байна.