Эмгэнэл
2014/12/26
Бидний хайрт аав, халамжит хань, ач зээ нарынхаа мэргэн сургаальт өвөө Оточ овогт Дашдоржийн Төмөртогоо 2014 оны 12 дугаар сарын 25- ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч, бидэнд нөхөж баршгүй хүнд уй гашуу тохиолоо.
Дашдоржийн Төмөртогоо нь Өвөрхангай аймгийн Баруунбаян – Улаан сумын Таацын цагаан аманд 1943 онд төржээ. Тэрээр 1964 онд Улаанбаатар хотын Эдийн засгийн дээд сургууль, 1976 онд ЗХУ-ын Эрхүү хотод Хөдөө аж ахуйн дээд сургуулийн эчнээ аспирантур, 1986 онд Москва хотын Хэвлэлийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институтын Гоц мэдрэхүйтний тусгай сургуулийг тус тус төгссөн юм. Тэрээр Эдийн засагч – төлөвлөгч мэргэжлээрээ Шинжлэх ухааны Академийн Эдийн засгийн хүрээлэн, Улсын хэвлэлийн газар, Монгол хэвлэл нэгтгэлд 30 жил гаруй ажиллаж, улс эх орондоо өөрийн хувь нэмрээ харамгүй зориулсан билээ.
Түүний анхны бүтээл 1966 онд хэвлэгдсэнээс хойш нийт 80 гаруй бүтээл туурвижээ. Үүнд :Эдийн засгийн сэдвээр “Мал аж ахуйн хөдөлмөр”, “Хөгжлийн капиталист бус зам”, “Монголын эдийн засгийн сэтгэлгээний түүх” тэргүүн, дэд болон гутгаар дэвтэр нэгэн сэдэвт зохиол, хамтын 7 бүтээл, эрдэм шинжилгээний чиглэлээр 30 орчим өгүүлэл, нийгэм эдийн засгийн сэдвээр хэдэн арван өгүүлэл сонинд нийтлүүлэн, мэргэжлийн дагуу 10 орчим ном орчуулж, 20 гаруй бүтээл хянан тохиолдуулжээ.
-Эмийн бус эмчилгээний чиглэлээр “Зайнаас эмчилэхүй”, “Тарниар эмчлэхүй”, ”Шээсээр эмилэх Монгол ухаан” зэрэг ном, хамтын 2 бүтээл, Жон Армстронгийн зохиол “Амьд ус” номыг хэвлүүлж байсан юм.
Мөн Гоц мэдрэхүй, шидийн чадварын сэдвээр “Увдис”, ”Ариусал”, “Монголын шидтэнүүд”, “Тэнгэр язгуурт” зэрэг ном бичиж Вольф Мессингийн “Би далдыг мэддэг”, К.Коротковын “Хүмүүн гэрэлтэхүйн нууц” номыг орчуулж 40 орчим өгүүлэл нийтлүүлжээ. Түүнчлэн Билиг бирамидын онолын ”Билгийн зүрхэн” гол судрыг Дэлхийн 15 хэлээр эмхлэн, Монгол хэлээр найман зүйлийн үсгээр бичүүлж, уг судрын тухай XIV Далай ламын тайлбарыг гурван хэлээр хавсаргаж хэвлүүлсэн юм. XIV Далай ламын “Цагаачлалаар олсон эрх чөлөө” номын XII дугаар бүлэг – “Шид хийгээд нууцсын тухай” бүлгийг орчуулж Монгол, Орос, Англи гурван хэлээр эмхлэн хэвлүүлж, “Буддизмын ертөнц” номын орчуулгыг хянан тохиолдуулсан байна.
Хэдийгээр Дашдоржийн Төмөртогоо нь хүнд өвчний улмаас бие чилээрхүү байсан ч “Өндөр гэгээний намтрын Он дараалсан лавламж” номыг Анхдугаар Богдын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулан хэвлэлд бэлдэж, мөн “Нүүдэлчин адууны соёл” хэмээх өгүүлэл бичсэн нь 2015 онд сэтгүүлийн хэвлэлтэнд ороход бэлэн болжээ.
Тэрээр өөрийн онцгой авъяас, чадвараа хөгжүүлж, олон хүнийг өвдөж зовсон цагт ямагт эцэг хүний сэтгэлээр хандан туслаж, анагаан эдгэрүүлж өгсөн буянтай билээ. Ач зээ нарынхаа боловсрол хүмүүжилд онцгой анхаарч, хань Цэцэглэнгийн нэрэмжит шагналыг бий болгон жил бүрийн цагаан сарын баяраар гардуулдаг уламжлал тогтоод гурван жил болж байна. Дашдоржийн Төмөртогоо нь өөрийн хань Г.Цэцэглэнгийн хамт “Оточ – Ганга” эмийн санг 1992 оноос эрхлэн, олны дунд “өвөө эмээгийн эмийн сан” нэртэй болтол нь ажиллуулсаар ирсэн юм.
Тэрээр хүний дээд, үр хүүдүүдийнхээ үлгэр дууриал, ханийхаа мөнхийн түшиг байсан юм. Бидний сэтгэл зүрхний дотны хүн Та энхжингийн орондоо энх амгаланг олж, үр хүүхэд бидэндээ эргэж төрөх болтугай.
Хань Г. Цэцэглэн, Үр хүүхдүүд нь
Тэгш сайн ерөөл ашид орших болтугай. Ум сайн амгалан болог.