- Намууд хамтарснаар гацаанд орсон Тавантолгой "хөдөлж” байна-

Оюутолгой, Тавантолгой мега төслүүдийг улстөрчид ямар ч их яривдаа. Улс төрийн шийдэлд хүрэх гэж маргалдана, хүрснийхээ дараагаар хөрөнгө оруулагчидтай учраа олж, гэрээ хэлцэл хийх их асуудлыг давж гарах гэж муудалцана. Ингэсээр дээрх хоёр төсөл байрнаасаа хөдлөлгүй удсан. Оюутолгой төслийг эхлүүлж, 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирсэн. Энэ гэрээнээс болж өнөөг хүртэл улстөрчид маргалддаг, мэтгэлцдэг. Гэрээ муу болсон гэж шүүмжлэх хэсэг байхад нөгөө хэсэг нь сайныг нь магтах. Энэмэтчилэн томоохон төслийг гацаанаас гаргаж, ажил хэрэг болгохын өмнө тулгардаг ганц асуудал бол улстөрчдийн эрх ашиг. Энэ эрх ашиг нь эцэс сүүлдээ улс орны эрх ашгаас ч давамгайлах тохиолдол олонтаа. Оюутолгойн гэрээний маргаан дуусаагүй байтал араас нь Тавантолгойн ордод менежмент хийж, эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байна. Бас л улстөржилт бий болно. Мега төслийг эхлүүлэхэд хэцүү, учир нь байнга хардлага сэрдлэгэ дагуулж байдаг учраас энэ ажлыг барьж авах хүн ч ховор байх. Харин энэ удаа Шийдлийн Засгийн газар томоохон төсөл хөтөлбөрүүдийг гацаанаас нь гаргаж, гадны томоохон хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцэл хийхээр шийдвэрлээд байна. Энэ ч утгаараа Монгол Улсын сайд гэдэг албан тушаалыг Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд оруулж батлуулсан. Монгол Улсын сайд нь томоохон төсөл хөтөлбөр, Оюутолгой, Тавантолгой, төмөр зам, эрчим хүч зэрэг төслүүдийг хэрэгжүүлж, мөнгө босгох, хөрөнгө оруулагчдыг татах гээд чухал салбарт хүч хаяж ажиллах үүрэгтэй.

Засгийн газар Монгол Улсын сайд М.Энхсайханд даалгасан эхний ажил бол Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах компани, консорциумыг шалгаруулах байсан. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэддээ хувьцааны ашгийг өгөх, Чалкогийн өрийг дарах гэхчлэн олон ажлыг авч явах хөрөнгө оруулагчид бол Хятадын "Чайна Шэнхуа Энержи”, Японы "Сумитомо”, Монголын "Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл юм. Харамсалтай нь АНУ-ын "Пибоди Энержи” компани Монголын Засгийн газрын хатуу шаардлагыг биелүүлээгүй байсан учир сонгон шалгаруулалтад ялж чадаагүй юм. Дээрх консорциум Тавантолгойн нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг нь хариуцаж ажиллахаас гадна Хятадын Чалко компанид тавьсан Монголын Засгийн газрын өрийн үлдэгдэл болох 110 сая ам.долларыг төлөх ёстой юм. Мөн иргэн бүрт үнэ төлбөргүй олгосон 1072 ширхэг хувьцааг олгох ажлыг хариуцахаар болжээ. Түүнчлэн Засгийн газраас шалгарсан компаниудад Баруун болон Зүүн цанхийн нүүрсийг боловсруулж экспортыг нь 30 сая тоннд хүргэх шаардлагыг тавихаар болсон байна. Тавантолгойд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр эхний байдлаар ярьж байгаа. Гэхдээ эцсийн санхүүжилт ямар байдлаар шийдэгдэхийг нэгдүгээр сарын 5-нд эхлэх Тавантолгойн хэлэлцээрийн үр дүн харуулах биз ээ.

Хэлэлцээ хийгдэж эхэлснээс хойш Тавантолгой мега төслийн үр дүнгийн хүлээлт хүн бүрт бий болно. Мэдээж Монгол Улсад, монгол хүн бүрт ашигтай тийм хэлэлцээ болно гэдэг тэр хүлээлт. Тавантолгойн хэлэлцээрийн Ажлын хэсгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж, Уул уурхайн сайд Р.Жигжид, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нарын өргөн бүрэлдэхүүнтэй.

Оюутолгойн гэрээ хамтарсан Засгийн газрын үед зурагдаж байлаа. Энэ удаа мөн л хамтарсан Засгийн газрын үед Тавантолгойн гэрээ зурагдах нь. Оюутолгойн хувьд манай улс гадны том хөрөнгө оруулагчидтай хамтарч, томоохон хэмжээний гэрээг байгуулж байсан туршлага дутсан. Харин энэ удаа Оюутолгойн гэрээг байгуулсан туршлага бий учир Тавантолгойн төсөлд нухацтай хандаж чадах биз ээ.

Хятадын "Чайна Шэнхуа Энержи”, Японы "Сумитомо”, Монголын "Энержи Ресурс” ХХК-ийн хамтарсан консорциумтай Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийнхэн хэлэлцээний ширээний ард сууна. Хятадын нүүрсний магнат "Чайна Шэнхуа Энержи” бол Хятадын төрийн өмчит Шэнхуа группийн охин компани. Нүүрсний үйлдвэрлэл, борлуулалтаас гадна төмөр замын сүлжээгээрээ дамжуулан тээвэрлэлт, борлуулалтыг хийдэг. Манай улстай хамтарч, Тавантолгойг ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаас гадна төмөр зам тавих ажлыг хэдийнэ эхлүүлсэн учир энэ чиглэлээр ажиллах нөхцөлийг харгалзан Хятадыг сонгосон нь гарцаагүй. Учир нь бид нүүрсээ Хятад гэх том зах зээл рүү нийлүүлэх учраас тэр. Японы "Сумитомо” корпораци мөн л сонирхлоо илэрхийлж байсан юм. Тус корпораци нь метал, барилга, тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай гээд олон салбар үйл ажиллагаа явуулдаг. Япон улсын том компанийн нэг. Эдгээр том компаниуд Тавантолгойг, Монгол Улсыг сонирхож, хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байгаа нь ч Монгол Улсын нэр хүндийг гадны улс оронд гаргах нь лавтай. Дээрх хоёр компанитай нэг консорциум болон орж байгаа компани бол дотоодын "Энержи Ресурс” компани. Тавантолгойн ордын Ухаахудагийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Монголын уул уурхайн компаниудаас анх удаа олон улсын Хөрөнгийн бирж дээр IPO хийж, хөрөнгө оруулалт татаж чадсан гэдгээрээ олон улсад нэр хүндтэй гэж хэлж болох юм. Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулж байсан "Энержи Ресурс” компанийг эрхийг цуцалж, төрийн мэдэлд буцаан авах шийдвэрийг тухайн үед Ерөнхий сайд С.Баяр гаргаж байлаа. Ингэснээр төр эзэмшилдээ авч, 2010 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулахыг тухайн үед Ерөнхий сайд Сү.Батболдод үүрэг болгож байв. Ингээд мөн онд Засгийн газар уралдаант шалгаруулалт зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо, "Эрдэнэс МГЛ” компанид үүрэг болгосон. Түүнээс хойш өнөөдөр л албан ёсоор сонгон шалгаруулалтад консорциум ялж, хэлэлцээг эхлүүлэхээр болж байна. Ингэж урт удаан хугацааны дараа эхэлж байгаа энэ хэлэлцээрээс хүлээх хүлээлт их бий.

Ц.Гэрэл