Монголын телевизүүдийн холбоо уучлалт гуйхыг шаардав
2015/01/04
Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд хувийн хэвшлийн, чөлөөт, арилжааны телевиз үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 23 жилийг үдлээ. Хувийн хэвшлийн, өргөн нэвтрүүлгийн суваг телевизүүд нь төрөөс алив нэгэн хэлбэрийн дэмждэг татаас авдаггүй, дөч гаруй төрлийн татвар хураамжийг төлж, 50-200 хүн ажиллуулах зэргээр улс эх орон, нийгэм ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж долоо хоногийн бүтэн хөтөлбөр бэлтгэн орон даяар цацаж ажилласаар байна.
Нийгмийг соён гэрээрүүлэх, тэнцвэртэй мэдээллийн тогтвортой тогтолцоог үүсгэн ажиллахдаа телевизүүд харилцан бие биенээ хүндэтгэж бусад телевизийнхээ үйл ажиллагааг дэмжих, нийтлэлийн бодлого үйл ажиллагааны чиглэлд хөндлөнгөөс үл оролцож хараат бус байдлыг дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн нь угтаа хэвлэл мэдээллийн салбарын үнэт зүйл, соёл хэмээн үзэж байна.
Гэтэл сүүлийн үед МҮОНРТ-ийн ММ агентлагаас манай гишүүн болон гишүүн бус телевизийн хамт олон, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа тул Монголын телевизүүдийн холбоо зах зээлд шударга өрсөлдөөний зарчмыг баримтлахыг уриалж, төрөөс олон нийтэд үйлчилэхээр санхүүжүүлж байгаа мэдээллийн сувгийг зэвсэг болгон нэр бүхий албан тушаалтны хувийн зорилгод нийцүүлэн нэг салбарын ажилтанууд хооронд үйл ойлголцол таагүй харилцаа үүсгэхээр чиглэсэн захиалгат мэдээ мэдээлэл дамжуулж байгаа үйлдлээ МҮОНРТ-ийн сэтгүүлч, ажилтнууд зогсоохыг хариуцлагтайгаар анхааруулж байна. Энэхүү мэдэгдэл гишүүн байгууллагуудын нийтлэг эрхийг төлөөлөх хуульд заасан эрхийн хүрээнд гарч байгаа болохыг цохон тэмдэглье.
МҮОНРТ дан ганц хөдөө орон нутагт ажилладаг, зөвхөн тус телевиз л ард түмний зовлон жаргалыг сонсдог, нийт нэвтрүүлгийнхээ 90 гаруй хувиа зөвхөн өөрсдөө бэлтгэдэг. Харин бусад телевизүүд эцэс төгсгөлгүй солонгос кино, зар сурталчилгаа, тв тохиролцоо, тв чат зэргээр эфирийн цагаа дүүргэж, хэн нэг улс төрч, нам эвслийн нөлөөнд автсан зэргээр бусад телевизүүдийн үйл ажиллагаа болон уран бүтээлчдийн ажил хөдөлмөрийг үгүйсгэн, харлуулсан мэдээ, мэдээллийг МҮОНРТ-ээс бэлтгэн “Цагийн Хүрд” мэдээллийн хөтөлбөрөөрөө олон нийтэд удаа дараа хүргэж байгаад Холбооны зүгээс харамсаж байгаагаа илэрхийлье.
Хэн нэгэн албан тушаалтан эрх ямбатны сандал суудалтайгаа зууралдах хүсэл, төсвийн хөрөнгө санхүүжилтийг үр дүнгүй цацдаг байдлаа үргэлжлүүлэх ашиг сонирхолоо хамгаалахын төлөөх тэмцэлд хагас зууны настай МҮОНРТ-ийг ашиглаж байгаа нь угтаа одоогийн удирдлага менежментийн багийн үнэн дүр төрх болж байгаа нь маргашгүй үнэн юм. Хариуцлагагүй мэдээлэл цацаж, хувийн эрх ашгийг нийтлэг эрх ашиг мэтээр мэдээлсэн ММ агентлаг, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар нар хувийн хэвшлийн телевизүүдийн уран бүтээлчдээс уучлалт гуйхыг шаардаж байна.
Монголын Телевизүүдийн Холбоо
Зочин · 2015/01/05
жирийн хөдөлмөрчин иргэд, ААН-ийг телевизийн эфирийг ашиглаж гутааж доромжилсоныхоо төлөө эдгээр хүмүүс уучлал гуйдаг билүү АРД ТҮМЭЭН
Зочин · 2015/01/05
жирийн хөдөлмөрчин иргэд, ААН-ийг телевизийн эфирийг ашиглаж гутааж доромжилсоныхоо төлөө эдгээр хүмүүс уучлал гуйдаг билүү АРД ТҮМЭЭН