Өрийн таазыг нэмлээ гэхэд төлөх чадвар бидэнд байна уу?
2015/01/06
Шийдлийн Засгийн газарт орж ажиллахдаа АН, МАН-ынхан Монгол улсын өрийн таазыг нэмэхгүй гэж тохирсон. Гэвч 2015 оны төсвийн тодотголыг Засгийн газраас өргөн барихдаа зээл авч, Монгол улсын өрийн таазыг 70 хувьд хүргэх хэрэгтэй гэдгийг заасан байна. Тохирооноосоо буцсанд МАН-ынхан ихэд эгдүүцэж байгаа харагдсан. МАН-ынхан бол ярианаасаа буцлаа л гэж ундууцаж байгаа болохоос Монголын ард түмний нуруун дээр ачаалал нэмж байгаагаа хэн нь ч ярихгүй байна.
Өнөөдөр мөрдөгдөж буй хуулиар өрийн босго 40 хувь байх ёстой. Өмнөх Засгийн газрын үед энэ хэмжээг 49.7 хувьд хүрсэн гэж ярьдаг байсан. Өнөөдрийн байдлаар өрийн босго 55.2 хувьд хүрчихсэн байна. Тэгэхээр үүнийг цаашид нэмнэ гэвэл 2017 оноос өрийн дарамтад орно. Орох орохдоо Грекийн түүхийг давтах болно.
Манай улс төрчид өрийн таазыг нэмснээр эдийн засгийн хямралаас гарна гэж ярьж байгаа. Гэхдээ манайх шиг эмзэг эдийн засагтай орон өрийн таазаа нэмбэл хямарсан Грекээс доор болно. Өөрөөр хэлбэл Грекийн өр ДНБ-ий 60 хувийг эзэлж байсан бөгөөд төсвийн алдагдал нь 16 хувьд хүрч, ажилгүйдэл нэмэгдсэн. Нэг биш нилээн хэдэн жил бүсээ чангалж, энэ жил сэргэх оч харагдаж байгаа. Гэхдээ тэрхүү ач асах уу унтрах уу гэдэг нь эргэлзээтэй байгаа.
Өнөөдөр бид энэ түүхийг давтах гээд байна. Нөгөө талаас улсын өрийн тааз 70 хувьд хүрлээ гэхэд тэрхүү зээлийг эргүүлэн төлөх баталгаа бидэнд байгаа бил үү? Өнөөдөр уул уурхайгаас орж ирэх мөнгөнд найдах хэрэггүй болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засаг 20 хүртэл өсөхгүй л бол бид өрөө төлж чадахгүй, өрийн дарамтад орох болно.
Өнөөдөр зээл авлаа гэхэд татвар төлөгч та бид л гол ачааг үүрэх болно. Өөрөөр хэлбэл өнөөдөр татварыг бууруулах биш харин нэмж байна. Тэгэхээр та бидний ачаалал нэмэгдэж, төрийн ачаалал буурч байгаа юм. Бидний энэхүү ачааллыг үр хүүхдүүд маань хамт үүрэлцэх ирээдүй бий болоод байна.
Тэгэхээр өрийн таазаа нэмэгдүүлэхгүйгээр хурган дарга нараа, тансаг хэрэглээтэй нь танах шаардлага байгаа юм. Ядаж л утас, бензиний мөнгөө төсвөөс бус өөрсдийнхөө халааснаас гаргах ухамсартай хүн энэ олон хурган дарга нарт нэг ч алга. Татвар төлөгчдийг чангалж байхаар тэдгээр нөхдийг л чангалмаар байгаа юм.
Өр дагаж эрсдэл байдаг ч бидний эрсдэл бидний дааж хариуцаж чадахаас их байгааг анхаарах ёстой биз. Өрийн таазаа нэмэгдүүлж жирийн иргэдийг үр хүүхэдтэй нь өрөнд оруулах хэрэггүй юм биш үү