Өчигдөр эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан  цалин хөлс нэмэхийг шаардаж жагсаал хийсэн.  Жагсагчид  цалинг 60 хүртэл хувиар нэмэх шаардлага тавьсан бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүд, хурган дарга нарыг тансаглалаа больж, зөв зүйл дээр хэмнэлт хийх хэрэгтэйг сануулж байсан.  Тэгвэл  эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарынхан  цалинг  60 хувиар нэмэх боломж байгаа эсэх талаар  Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны  Ерөнхийлөгч  Х.Амгаланбаатараас цөөн зүйл тодрууллаа.

- Төсвийн алдагдал нэг их наяд төгрөгт хүрчхээд байхад цалинг 60 хүртэл хувиар нэмэх боломжгүй юм биш үү?

- 2014 оны 7-р сарын 29-ны өдөр энэ саналыг хүргүүлсэн. Яагаад 7-р сарын 29-ны өдөр хүргүүлсэн бэ?  гэхээр ирэх оны төсвийн төсөл болон төсвийн тодотголд 8-р сарын 01-ны дотор саналаа УИХ-ны төвшинд хүргүүлэх хууль зүйн зохицуулалт байдаг.   Өнгөрсөн оны 7-р сард иргэдийн худалдан авах чадвар нэлээн буурчихлаа, цалин орлого, инфляц үнийн өсөлтөд  хүндэрлээ гэдгийг тооцоолж 60 хувийг гаргаж ирсэн.     

7-р сарын 29-ноос хойш Засгийн газар огцроод, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, дараагийн засгийн газрын үед нэлээн хүнд байдалтай гарч ирж байна л даа. Тэгэхээр төсвийн орлого нэг  тасрах учраас төсвийн тодотголыг засгийн газраас оруулж ирж байна. Бид хэлэлцээрийн зарчмаар асуудлыг шийдье гэдэг байр суурийг илэрхийлж, улсын  гурван талт хэлэлцээрийг энэ мягмар гарагаас эхлүүлээд явж байгаа. Үүн дээр  цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага 60 хувь байна гэдэг саналыг л хүргүүлж байгаа юм. Заавал 60 хувь гэдгийг бид туйлын зорилго болгож тавихгүй байгаа. Энэ бол хэлэлцээр. Хэлэлцээр дээр саналаа хэлж байгаа юм. Тэгвэл Засгийн газар үүн дээр Монгол улсын эдийн засгийн боломж, төсвийн бололцоо энэ байна, одоо тэдэн хувиар нэмье гэсэн хувилбар, саналыг оруулж ирээгүй байна.  

2015 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй гэсэн ганцхан хариултыг өгөөд байгаа учраас  манай гишүүн байгууллагууд, салбар гурван ҮЭХ,  орон нутгийн ҮЭХ-д МҮЭХ-ны саналыг дэмжиж гишүүдийн эрх ашгийн өмнөөс эсэргүүцлийн цуглаан, жагсаалыг зохион байгуулж байгаа. Асуудлыг хэлэлцээрийн зарчмаар л хэлэлцэнэ. Одоо цалин, орлого, худалдан авах чадвар 60 байтугай түүнээс дээгүүр уначихсан байгаа. 

- Цалин нэмэхээр манайд юмны үнэ өсдөг гаж тогтолцоо байдаг?

- Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр юмны үнэ өснө гэсэн эдийн засгийн онол байхгүй. Манайд 25 жилийн өмнөөс эдийн засгийн онолын бус ийм гажиг  тогтолцоотой болчхоод байгаа. Энэ гажиг тогтолцоог бид арилгах ёстой. 2014 оны 9-р сараас хойш эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин 10 хувиар нэмсэн.  Үүнээс хойш цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээгүй байгаа.       Тэгтэл бараа бүтээгдэхүүний үнэ цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлтэй огт холбоогүйгээр нэмэгдээд байдаг. Цалин нэмэхээр  үнэ өсгөдөг буруу ойлголтыг болих хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх юм байнаа гээд цалингаа нэмүүлэхгүй хэдэн жил явах юм? Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо туйлын уялдаатай асуудал биш.

Хүний цалин орлогыг хамгаалах, зах зээл дээр зохиомол үнийн өсөлт үүсэхээс    сэргийлэх хууль эрх зүйн орчин дутагдалтай байгааг харуулж байгаа юм.

- Эрх зүйн орчинг нь бүрдүүлэх асуудлаар гурван талт хэлэлцээрт санал оруулсан уу?

- Хэлэлцээр дээр энэ чиглэлээр нэг асуудал тохиролцсон. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх тухай хууль, үнэ бүртгэлийн тухай хуулийг ойрын үед Засгийн газраас боловсруулаад УИХ-аар хэлэлцүүлж батлуулъя гэдгийг эхний ээлжид хийсэн байгаа. Тэгэхээр цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг гажиг тогтолцоо бага боловч саарах байх гэж бодож байна.

Эдийн засгийн онолоор бол хүний орлого нэмэгдэхээр эдийн засгийн тэлэлт явагддаг. Үйлдвэрлэл тэр хэмжээгээр нэмэгддэг.  Өнөөдөр цалин тэтгэврийг улам бууруулаад байвал эдийн засаг маань өөрөө тэлэхгүй хөгжихгүй.  

- Эрх баригчид 01-р сарын 12-ны өдөр гэхэд хариу өгөхгүй бол шат шатны арга хэмжээ авна гэсэн.  Энэ талаар тодруулбал?

- Жагсаал цуглаан, ажил хаялт зарлах  хүртэл үйл ажиллагаа ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулиар баталгаажсан. Энэ нь тухайн салбар ҮЭ-ийн эрхийн асуудал. Өчигдөр зохион байгуулж байгаа жагсаал цуглааныг МҮЭХ-оос бус манай гишүүн байгууллагуудаас хийсэн. Хэлэлцээр өнөөдөр явагдаж байна, түр завсарлачихсан байна, явц удаан байна, ямар нэгэн хувилбар Засгийн газраас орж ирэхгүй байгаа учраас манай гишүүд тавьж байгаа саналаа идэвхжүүлье, олон нийтийн дэмжлэгийг авъя гэдэг үүднээс жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа.  Тэрнээс манайх ҮЭ жагсаал зохион байгуулах дуртай биш, Засгийн газрын байр суурь хөдөлгөөнгүй байгаа учраас эрхийнхээ төлөө цаг алдахгүй үйл ажиллагаа явуулж эхэлж байна л даа.

- Төрийн албан хаагчдын 15 хувийг цомхтгож байгаа.  Үүнтэй холбоотойгоор  халагдсан хүмүүс  МҮЭХ-нд хандаж байна уу?

-  Жагсаал цуглааны үед би тэндээс халагдчихлаа гээд цөөнгүй хүн надтай уулзлаа. Тэгэхээр албан болон албан бус байдлаар олон хүн удахгүй хандах байх. Даваа гарагаас яам, агентлаг, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цомхтгол илэрхий байдлаар ажиглагдаж байна. Тэгэхээр төрийн албыг цомхон, чадварлаг болгоно гэдэгт бид байр суурьтай санал нэг байгаа. Өнөөдөр бид Монгол улсын Засгийн газрын бүр байр суурийг эсэргүүцээд байгаа юм биш. Дэмжих юм, дэмжихгүй юм байна.  Төр өнөөдөр 180 000 хүний ажлын байрыг бий болгож байгаа.  

- Төрийн албан хаагчид харьцангуй цалин авдаг.  Үүн дээр та хувь хүн болон  МҮЭХ-ны ерөнхийлөгчийн хувиар ямар бодолтой явдаг вэ?

- Манай гэр бүлийн хүн эрүүл мэндийн салбарын ажилтан.  Хэдэн төгрөгийн цалинтай, өрхийн орлогодоо хэдийг нэмэрлэдэг вэ гэдгийг би мэднэ. Хүнд нөхцөлд ажилладаг. Өглөө 07 цагт гардаг, орой 18 цаг гэж ирдэг, ажлын хувьд хүнд хариуцлагатай, авч байгаа цалин хариугүй бага.  Тэгэхээр энэ асуудлыг би холоос биш ойроос хардаг.  Эмч нар хүний амь насыг, багш нар хүний оюун санааг эмчилж байна, ер нь бүх ажил хариуцлагатай ажил. Энэ хүмүүсийн цалин ингэж ялгавартай байх нь  цалингийн тэгш бус байдал, дээд доод цалингийн ялгаа хэт ихсэхээрээ орлогын тэгш бус байдал бий болдог. Орлогын тэгш бус байдал бий болоод ирэхээрээ нийгэмд баян хоосны ялгаа нэлээн газар аваад, тогтворгүй байдал бий болдог.  Тэгэхээр өнөөдөр би ядуу, миний аав ээж бага цалин авдаг, яагаад тэдний аав ээж өндөр цалин авдаг юм бэ гэсэн ойлголт  хүүхдийг бага насанд байхаас эхэлж төрж байна. Энэ нь хүүхэд, иргэдийн дунд тэгш бус байдлыг бий болгож байна.  Энэ бол Монголд бус дэлхийд байдаг. Тэгш бус байдал бий болохоороо бие биенээ үзэн ядах, ойлгомжгүй байдал бий болдог.  Тэгэхээр Монголд тэр нь их авч байна, энэ нь бага авч байна гэсэн ойлголтоор би хандмааргүй байгаа юм. Шүүгч нарын болон өндөр цалинтай гээд байгаа  салбарын хэмжээнд бусад салбараа татах ёстой. Өнөөдөр Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дэндүү бага байгаа. Манай өндөр цалин авч байгаа хүмүүсийн цалинг дэлхийн бусад улсын салбарынхантай харьцуулахад бас л багад орно. Хэд дахин багад орно. Тэгэхээр миний хувийн болон МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн туйлын эрхэм зорилго бол  Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.

Эдийн засаг хүндэрсэн үед эдийн засгийг хэт шүтэх нь иргэдийн хөдөлмөр,  нийгмийн хамгааллыг хоёр, гуравт тавьж байгааг буруу гэж бодож байна. Яагаад гэвэл эдийн засгийн нөгөө тал нь нийгэм байдаг.      Эдийн засаг нь нийгмээ аваад явдаг, нийгэм нь эдийн засгаа чирээд аваад явдаг. Тэгэхээр энэ хоёр харилцааг нэгийг нь хойно орхичхоод байвал буруу ойлголт. Харин аль аль талд нь тэнцвэртэй, дунджийг олсон төрийн бодлого байх ёстой.  

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

А.Баярмаа