Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нарангийн-Энгэр оршуулгын газарт энэ сарын 8-9-нд шилжих шөнө гурван булш тоногдсон байна.  Булшнуудийн цээжин хэсгийг ухаж сэндийчсэн байсан бөгөөд шарилын толгой дэрлүүлсэн цай, хайрцаганд нь хийсэн ганц шил архи, чихэр жимс зэргийг тоносон байжээ.

“Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт 2008 онд 26, 2009 онд 29, 2010 онд 15 гэх мэт жилдээ л 20 орчим шарил ухагдсан тоо байна. Булшийг гол төлөв өвлийн улиралд тонодог байна. Шинэ тавьсан булшний  тавгийн идээг,  хуучин булшний хайрцаг савыг түлэхээр тонодог ажээ. Булш тоногчид голчлон шинэ болон 10 хонож байгаа шинэ булшуудыг ухдаг бөгөөд ингэхдээ зөвхөн цээжин хэсгийг ухаж хэрэгцээт зүйлээ авдаг байна.

Булш ухагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгддэг ч ар гэрийнхэнд нь тэр бүр мэдэгдэггүй байна.  Учир нь дотны хүнээ алдаад удаагүй байхад нь ийм мэдээ дуулгаж сэтгэл санааг нь үймүүлэхийг  буяны компанийнхан хүсдэггүй ажээ. Тиймээс  тоногдсон булшийг  харуул нь эргэж хэвэнд нь оруулдаг байна.

“УБ Буян” ХХК үйлчилгээ харицусан захирал Д. Мөнхнасангаас нийслэлд байгаа оршуулгын газруудын талаар тодруулахад “Нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 шахам оршуулгын газар байдаг буюу төвийн 6 дүүргийн 4 дүүрэгт нь хуучин оршуулгын газрууд байдаг байна. Эдгээр оршуулгыг газруудын хамгийн том нь болох Нарангийн энгэрийн оршуулгын газар нь СХД-ийн нутаг дэвсгэрт нийтдээ 300 га орчим талбайг эзлэн оршиж байна.2014 оны байдлаар нийслэл хотын хэмжээнд 6535 хүн нас барсаны 40 хувь нь чандарлах зан үйлээр, 60 хувь нь газарт оршуулсан байна.Энэхүү газарт оршуулсан 3900 гаруй талийгаачын 50 хувь нь буюу 2000 нь зөвхөн Нарангийн-Энгэрийн оршуулгын газарт нутаглуулсан байгааг, нэг талийгаачыг оршуулахад зарцуулагдаж буй 15 метр квадрат газраар тооцож үзвэл Нарангийн Энгэрийн оршуулгын газар ганцхан жилд 30 га газраар тэлсээр байна.” гэдгийг хэлсэн.  

Монголчууд эрт дээр үеэсээ нас барсан хүний эд зүйлийг хулгайлсан хүнд ноогддог хариуцлага хүлээлгэдэг байсан.  Мөн аль ч шашинд  талийгаачдаа хүндэтгэлтэй хандах ёстой талаар тусгасан байдаг. Цэрэн бөөгөөс булш тонох нь  ямар үр дагавартайг тодруулахад: “Тухайн булшийг тойроод элдэв албин тийрэн хөлхөлдөж байдаг. Мөн булшны эзэн байдаг. Тэдгээр албин тийрэн булш тонож байгаа хүний биед наалддаг. Наалдана гэдэг нь тэр хүнтэйгээ цуг амьдарна гэсэн үг. Ямар юм наалдсанаас болж янз бүрийн зүйл тохиолдоно” гэдгийг хэлсэн.  Булш ухагчдын  хувьд шашин талаасаа ч тэр хууль эрх зүйн талаасаа ч хариуцлага үүрдэг байна. Тодруулбал  Эрүүгийн хуулийн 129-д 129.1.Булш сүйтгэсэн буюу түүнд байсан эд зүйлийг авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр булш тононо гэдэг нь тухайн хүний ухамсарын асуудал болж байгаа юм.

Оршуулгын газрууд тэлж, иргэдийн суурьшилын бүстэй ойртох тусам эдгээрээс үүдэлтэй шарил ухаж тонох, хур хогын цэгүүд үүсэх, шарлыг ил задгай тавих, зөвшөөрөлгүй газруудад дур мэдэн оршуулга хийх зэрэг үзэгдлүүд гарсаар байдаг ажээ. Уг манай улсад  хүчин төгөлдр мөрдгдж байгаа хуулиар бол оршуулгын газраас 300м-ийн зайд амьдрах учиртай.  Нөгөө талаас манай улсын оршуулгын газрын өнөөгийн төрх дэлхийн улс орнуудын оршуулгын газруудаас даруй 100 жилээр хоцроод байгаа бөгөөд  таагүй ч гэсэн энэ байдлыг зохицуулах цаг болсон юм.  

А.Баярмаа