Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх О.Чулуунбат Банкны холбооны гишүүдтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар бэлдсэн илтгэлээ танилцуулсан байна.

Тэрээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр болсон уулзалтын үеэр "Юуны өмнө Монголын төр засгийн зүгээс Хятадын банк /Bank of China/-ны салбарыг нээх зөвшөөрлийг олгох, удаах нь ОУВС-ийн "Стэндбай" хөтөлбөрт хамрагдах. Үүнээс өөр эдийн засгийн хямралаас сэргийлэх ашигтай гарц харагдахгүй байна гэж" зөвлөсөн нь оролцогчдын дургүйцлийг төрүүлсэн сурагтай.

Өмнө нь О.Чулуунбат "...хамааралгүйгээр биеэ даагаад ядуу амьдарснаас хамааралтай баян амьдарсан нь дээр" гэж Хятадын банкыг лоббидож ярилцлага өгч байсан бөгөөд энэхүү итгэл үнэмшилдээ үнэнч хэвээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнд зөвлөж байгаа бололтой. 
 

Дэлхийн эдийн засгийн хямралтай зэрэгцэн Монгол Улс 2009 онд санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд ОУВС-ийн "Стэндбай" болзолт зээлд хамрагдсан байдаг. Болзол нь төсөв, мөнгөний бодлогоо чангаруулах үүрэг даалгавар авч үр дүнд нь хүүхдийн 10 мянга, шинэ гэр бүлийн 500 мянга, шинэ хүүхдийн 100 мянга зэрэг нийгмийн халамж цэгцэрсэн ч ажилгүйдэл нэмэгдэж, зээлийн хомсдол үүсч, хувийн хэвшил царцаж, эдийн засаг (-1.6%) агшиж, иргэдийн амьжиргааны түвшин эрс доошилсон байдаг. 


Зарим эдийн засагчид "өөрсдөө нураасан эдийн засгаа өрөөлөөр бус өөрсдөө өндийлгөх бүрэн боломжтой" гэж зөвлөж байгаа. Харин бусдын тулгалт, болзолт зээлийг авах уу эсхүл өөрсдийн саруул ухаан, нөөц боломжоо дайчлан эдийн засгийн эрсдлийг давах уу гэдэг сонголт хийж гэмээнэ Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнол хэрхэх нь хамаарах бололтой. Аль ч утгаараа бид айдсаа давж чадалгүй, өнөөдрийнхөөрөө өнхөрч огт болохгүй нь тодорхой болоод байна. 

Т.Хулан