Өрийн таазыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд, нэмэлт  өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас дахин өргөн барьсан.   Уг хуулийн төслийг 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид буцаасан юм.

Харин 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх хуулийн төслийг дахин өргөн барьсан. Мөн Хөгжлийн банк болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсөвт тусгах тохиолдолд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, 2016 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувь, 2017 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас тус тус хэтрэхгүй байхаар хуулийн төсөл боловсруулжээ. Дээрх хугацаанд үндсэн төсвийн хувьд алдагдал 2 хувийн тусгай шаардлагыг хангах бөгөөд зөвхөн Хөгжлийн банк болон бусдаар дамжин хэрэгжүүлэх төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийг төсөвт тусгахтай холбоотой зардлаар төсвийн тэнцэл өөрчлөгдөх юм байна.

Энэ хуулийн төслийг  өчигдөр Байнгын хороо болон  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, улмаар  асуудлыг  хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байгаа. УИХ-ын нэгдсэн чуулган дээр  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар төсвийн алдагдлыг ДНБ-ий таван хувьд хүргэнэ гэвэл эдийн засгийн уналт үргэлжилнэ, тиймээс ДНБ-ий хоёр хувьд барьж байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Засгийн газар нэмж зээл авахгүй гэвэл энэ төслийг хэлэлцэж болно хэмээж байлаа. Тэрбээр, өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрчихээд байгааг одоо хүлээн зөвшөөрөөд цаашид нэмэгдүүлэхгүй байх, үе шаттайгаар бууруулаад явах ньзүйтэй гэж хэлсэн. Мөн хаанаас, хэчнээн хэмжээний зээл авч, чухам юунд зарцуулсныг нээлттэй мэдээлээч хэмээн Сангийн сайдаас хүссэн.

Юутай ч удахгүй УИХ-ын гишүүдэд Монгол улсын өр хэд вэ? гэсэн тооцоо судалгаа очих биз. Тэр үед нь  нөхдүүд Монгол улсын өрийн таазыг хэдэд байлгах эсэхээ ярилцаж байгаад  энэ хуулийн төслийг батлах нь тодорхой боллоо.  Харин өрийн таазыг  60 хувьд барих уу? 70 хувьд барих уу гэдэг л өнөөдөр асуудал болоод байна... Өрийнхөө таазыг нэмбэл  ямар эрсдэлтэйг МАНАН-ынхан мэдэж  байгаа байлгүй дээ...

А.Баярмаа