Зөрчил гаргасан жолооч нарыг баримтжуулан Фэйсбүүкийн “Paparazzi+Traffic Mongolia”  хуудсанд байршуулдаг билээ.  Тэгвэл  энэ группт өнөөдөр өглөө замын цагдаа 20 орчим минут нэг машины замыг таглан зогссон тухай бичлэг тавигдсан бөгөөд энэ нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна.  

Ингээд уг бичлэгийг хүргэе. 

 

 

Энэхүү бичлэгийг Венз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэй Б.Н хийсэн бөгөөд дүрэм зөрчсөн энэ үйлдлээ өөрийн цахим хуудаснаа байршуулсан байсан.  

Замын цагдаа яагаад замын хөдөлгөөнд оролцсон хүнийг 20 минут хааж зогссон талаар Улаанбаатар хотын цагдаагийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Э.Энхболдоос тодруулахад: 0164 УБҮ улсын дугаартай Венз G-500 маркийн автомашины жолооч эмэгтэй нь 2015-1-15 ны өдөр 17:20 орчим skytel-ийн гарцнаас дугаарын хязгаарлалтай өдөр Нийслэлийн засаг даргын захирамж зөрчиж явах үед нь цагдаагийн алба хаагч шалгахаар зогсоох үед зохицуулагчийн дохиог зөрчин зугтсан. Улмаар дараагийн постонд зогсооход шаардлага биелүүлж бичиг баримтаа шалгуулахгүй цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй болохоор зам хааж зогссон. Тус жолоочийн гаргасан зөрчилтэй холбоотой видео дүрс бичлэг хийгдсэн бөгөөд тухайн жолооч дээр хуулийн дагуу арга хэмжээг авч эргэн мэдээллэх болно. Одоогоор бичиг баримтийг хураан авч зөрчлийг шалгаж байна гэж мэдэгдлээ.  

Тэгвэл дээрх зөрчил гаргасан жолооч нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль болон дүрмүүдийг зөрчсөн байх юм. Тодруулбал

  • Замын хөдөлгөөний 2.3. /Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: и/ цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож энэ дүрмийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах;/,  
  •  Замын хөдөлгөөний 5.11. / Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй/ гэснийг зөрчсөн байгаа юм.
  • Мөн Нийслэлийн Засаг даргын  дугаарын хязгаарлалт тогтоосон захирамжийг зөрчин  пүрэв гарагт 4-р төгссөн улсын дугаартай машин явах хориотой заалтыг тус тус зөрчсөн байгаа.

Нэгэнт дүрэм, журмийг зөрчсөн болохоор хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.  Тодруулбал  иргэн Б.Н нь  

  • Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5 / Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна/,
  • 32.1 / Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоомжийн дагуу гаргасан шийдвэрийг зөрчсөн бол 1500-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна./,
  • 302.1 / Цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг зориуд үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан цагдаагийн алба хаагч, түүний гэр бүлийн гишүүн болон чөлөөнд гарсан цагдаагийн ажилтныг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна/,-ийг үндэслэн торгууль эсвэл шийтгүүлэх ажээ. 

 Их хотын  соёлт иргэн, залуухан эмэгтэй  дүрэм журмаа зөрчихөөр  бусад нь яах вэ?  Уг нь сайн машин  хөлөглөсөн хүн замын хөдөлгөөний дүрмийг сайн л барих ёстой баймаар... Их хотын иргэн ийм байж болох уу? Бодох л асуудал

А.Баярмаа